Кубын ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэх өдөр
АНУ-ын Хэргийг Түр Хамаарагч Брайн Гоулдбекийн өгүүлэл
Улс орондоо ардчилсан ирээдүйг бүтээхэд дуу хоолойгоо нэмэрлэж, эрх чөлөөнийхээ төлөө тууштай тэмцэж буй Кубын ард түмний хатан зориг, чин эрмэлзлийг 5-р сарын 21-ний өдөр бид хамтдаа тэмдэглэх болно. Энэ өдөр АНУ болон бусад улс оронд Кубын ард түмэнтэй үзэл санаагаараа нэгдэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болно.
Кубын улс төрийн бүх хоригдлыг суллаж, үзэл бодлын зөрчлөө тайван замаар илэрхийлснийх нь төлөө ард иргэдээ баривчлан хорих талаар Кубийн төр засгаас авч хэрэгжүүлж буй бүхий л арга хэмжээг албан ёсоор эцэс болгохыг бид тус улсын эрх баригчдад хандан уриалах болно. Төв Европын иргэд нэгэн цагт мэдэрч байсны нэгэн адилаар Кубын ард иргэд эрх чөлөө, хүний эрхийн төлөөх тэмцлийг нь олон улсын тавцанд талархан дэмжиж буй гэдгийг мэдэх шаардлагатай. Монгол улс 1990-ээд оны үед ардчиллын замыг сонгон авч, эрх чөлөөгөө дархалж эхэлж байсан тэр үед ч мөн ялгаагүй олон улсын зүгээс туслалцаа дэмжлэг үзүүлж байсан бөгөөд харин одоо Монголын ард түмэн хүний эрх, эрх чөлөөнийхээ төлөө тэмцэж буй Кубын ард түмнийг дэмжих ээлж ирээд байна.
Куба улсад саяхан болж өнгөрсөн халаа сэлгээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээдгүй шуугилаа. Тийм ээ, Рауль Кастро төрсөн ах Фиделийнхээ халааг авч, удирдагчийн байр суурийг нь зарим талаар орлох болсон хэдий ч энэхүү үйл ажиллагаанд Кубын ард иргэдийн санал бодол огт тусгагдаагүй нь үнэн. Мөн тус улсын ард иргэд одоо гар утас, бичил долгионы зуух худалдан авч, таван одтой зочид буудалд буух боломжтой болсон нь ч бас үнэн. Ийм өөрчлөлтийг Кубын иргэд талархан хүлээн авах нь зүйн хэрэг ч бодит байдал дээрээ тэд үүнээс хавьгүй ихийг хүсэн хүлээж байгаа гэдэг нь эргэлзээнгүй. Сард дунджаар 20 ам. Доллар ч хүрэхгүй цалин авч буй тус улсын ард иргэдийн хувьд дээрхи зүйлсийг эдэлж хэрэглэх нь хэр чинээнээс нь хэтэрсэн асуудал хэвээр байгаа төдийгүй тус улсын төр засаг ард иргэддээ Америк тив дэхь бусад улс орны иргэдийн хийж болдог зүйлийг өөрийн ард иргэддээ зөвшөөрөхгүй байгаа явдал нь нээлттэй нийгэм, нээлттэй зах зээлээр олгогддог боломжуудыг нухчин дарж буй хэрэг мөн.
Кубын ард иргэд бараг хагас зуун жил амьдарч ирсэн дарангуйлагч нийгэмдээ одоо ч мөн аж төрсөөр байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн баримт юм. Өнгөрсөн оны 12-р сард Кубын эрх баригчид нэгэн католик сүмийг дайран эзэлж, шашны урсгал болох паришийн оршин суугчид руу нулимс асгаруулагч хий цацаж, гэм зэмгүй 18 сүсэгтнийг чирж гаргажээ. “Өнгөрсөн 45 жилийн хугацаанд сүм рүү үүн шиг зэрлэг балмадаар довтолж байхыг хараагүй” гэж уг болсон явдлын талаар католикийн албаны хүн өгүүлж байна. “Цагаан өмсгөлтэй эмэгтэйчүүд” хөдөлгөөнийхэн хилсээр хоригдсон дотны хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалахаар Ням гариг бүхэн тайван жагсаал хийдэг бөгөөд улс төрийн хэрэгтнүүдийг суллуулахаар төр засагтаа хандан тайван замаар өргөдлөө өгөх гэхэд нь хүч хэрэглэн зодож, “Хувьсгалын Талбай”-гаас хүчээр тараасан хэрэг ердөө хэдхэн долоо хоногийн өмнө болж өнгөрчээ. Энэ өөрчлөлт мөн үү?
Энэхүү арал дээр ардчилсан өөрчлөлт жинхэнэ утгаараа явагдаж байгаа эсэхийг бид хэрхэн мэдэх вэ? Кубын ард иргэд хурал цуглаан зохион байгуулах, чуулах, санал бодлоо илэрхийлэх эрхээ чөлөөтэй эдлэх болсон цагт л бид Куба улс шинэчлэгджээ гэж мэдэх болно. Хэнээс ч хараат бус, чөлөөт хэвлэлүүд хөндлөнгийн хяналт шахалтгүйгээр бие даан үйл ажиллагаагаа явуулах эрх мэдэлтэй болсон цагт бид Куба улс шинэчлэгджээ гэж мэдэх болно. Кубын төр засаг ард иргэддээ хувийн безнес эрхэлж, өрх гэрийнхээ чинээлэг байдлыг дээшлүүлэх боломж олгосон цагт бид Куба улс шинэчлэгджээ гэж мэдэх болно. Энэ бүхнээс урьтан, юун түрүүнд дарангуйлагчийн дэглэмтэй Куба улс улс төрийн хоригдлуудаа суллан, улс орныхоо ирээдүйн талаархи нээлттэй, олон талт гэрээ хэлэлцээрт ард иргэдээ татан оролцуулдаг болсон цагт бид Куба улс ямар ч байсан шинэчлэгдэх эх сууриа тавьж эхэлж байна гэж мэдэх болно.
Кубын ард түмэнтэй эв санаагаа нэгтгэнэ гэдэг нь Хүний эрхийн түгээмэл тунхаг төдийгүй Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээнд дурдсан нийт эрхийг эдлэхийн төлөө тус улсын ард түмний явуулж буй тэмцлийг дэмжинэ гэсэн үг. Куба улс сүүлд дурдагдсан олон улсын гэрээнд гарын үсэг зураад удаагүй байгаа хэдий ч энэ улсын эрх баригчдын үйл хэрэг нь хэлсэн үгнээсээ хэдий болтол зөрөх вэ? Кубад хоригдож буй улс төрийн аль ч хоригдлын гэрчилж буйгаар “Хэнийг ч эрүүдэн шүүх буюу харгис, хүнлэг бусаар гутаан доромжлон харьцах, шийтгэхийг хориглоно” хэмээх заалтыг Куба улсын эрх баригчид ямагт зөрчсөөр иржээ. Үнэн хэрэгтээ Хүний эрхийн түгээмэл тунхагийн олшруулсан хувийг тараасан тус улсын иргэд шоронд хоригдож, гадны иргэд тус улсаас хөөгдөж ирсэн.
Америкийн Нэгдсэн улсын төр засаг 5 дугаар сарын 21-ний өдөр Кубын ард түмэнтэй, тэр дундаа тус арал дээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хоригдож буй хоригдлуудтай эв санаагаа нэгтгэх болно. Монгол улсын чөлөөт иргэд та бүхэн 5-р сарын 21-ний энэхүү өдрийг эрх чөлөөтэй байх эрхийнхээ төлөө тасралтгүй тэмцэж ирсэн Кубын ард иргэдийн тусын тулд тусгайлан ач холбогдол өгч, тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт бид найдаж байна.