АНУ, Монголын хөдөөг дэлхийтэй холбох шинэлэг технологийн хөтөлбөрийг эхлэв
2007 оны 6-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
Улаанбаатар хот- АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад Сүүлчийн Өртөө төсөл хэрэгжиж эхэлснийг мэдэгдэж байна. Сүүлчийн өртөө төсөл нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг хурдасгах” зорилтыг дэмжих бөгөөд алслагдсан хөдөөгийн иргэдэд мэдээллийн сүлжээгээр дамжуулан утсан болон интернэтийн үйлчилгээг авах боломж олгох юм. VoIP гэдэг нэрээр олонд танигдсан энэ технологийг анх удаа Монголд туршиж байгаа бөгөөд энэ өртөг багатай войс холболтын систем нь Skype-тай төстэй шинж чанартай боловч компьютер ашиглах шаардлагагүйгээрээ ялгаатай юм байна.
“Энэ бол АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хувьд бахархалтай мөч юм” гэж АНУОУХА-ийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Барри Примм хэлжээ. “ Одоо бид Америкийн харилцаа холбооны технологи, Монголын дотоодын техникийн ноу-хау-г ашиглан Монгол Улсын хөдөөгийн алслагдмал нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийг харилцаа холбоотой болгох боломжтой боллоо. Энэ нь Монголын хөдөөгийн эдийн засагт урт хугацааны эерэг үр нөлөө үзүүлэх юм” гэжээ.
Монголд хэрэгжиж байгаа Сүүлийн Өртөө төсөл нь төсөлд хамрагдах сум багуудыг сонгон шалгаруулсан бөгөөд үүнд: Баян-Өлгий, Архангай, Хэнтий ба Булган аймгууд хамрагдаж байна. Төслийг хэрэгжүүлэх байгууллагаар 2006 онд улсын хэмжээнд тендер уралдаан зарласны үр дүнд Улаанбаатар хотод төвтэй Инкомнэт компани шалгарсан ба тус компани одоогоор ойролцоогоор 3,000 хөдөөгийн иргэдийг VoIP технологоор дамжуулан гадаад ертөнцтэй холбох боломжийг бий болгоод байна.
Тодруулга: Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Ази, Ойрхи дорнодыг хариуцсан товчоо, Эдийн засгийн өсөлт, Хөдөө аж ахуй ба худалдааны товчооноос санхүүжүүлж байгаа болно. Хөтөлбөрийн техникийн туслалцаа, удирдлагыгВашингтон хотод төвтэй Боловсролын Хөгжлийн Академи ба Дот-Орг хөтөлбөр болон Монголын ИНТЕК ХХК хамтран хэрэгжүүлж байгаа юм.