Монгол Улс ба Мянганы Сорилтын Корпорац:
Эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулахын төлөөх эрчимтэй хамтын ажиллагааг тогтоож байна.
Мянганы Сорилтын Корпорац (МСК) -ын Удирдах Зөвлөл эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газартай байгуулах 285 сая орчим ам.долларын Ерөнхий Гэрээний саналыг баталлаа. Уг Ерөнхий Гэрээ нь тус улсын эдийн засгийн гол тулгуур болох төмөр замын сүлжээний үр ашигтай ажиллагаа, хүчин чадлыг ихээхэн сайжруулснаар экспорт зэрэг эдийн засгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. Түүнээс гадна, жирийн Монгол иргэд өөрсдийн эзэмшил газраа илүү үр ашигтайгаар буюу өрхийн орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглах боломжийг бүрдүүлж, хөгжиж буй орны эдийн засагт шаардагдаж буй илүү эрэлт хэрэгцээтэй, үнэлгээ сайтай, зах зээлд тохирсон мэргэжил эзэмшихэд нь тусалж, зах зээлийн харилцаанд орж буй иргэдийг эрүүл мэнд, ажлын бүтээмжийн хувьд илүү сайн болгох зорилго тавьж байгаа билээ. Эцэст нь, эрх зүйн зохицуулалтын орчинд хийгдэх урт хугацааны өөрчлөлтүүдийг дэмжин, уг Хөтөлбөрийн зорилго болгож буй өөрчлөн шинэчлэх үр нөлөөг Монголчууд цааш нь үргэлжлүүлэн авч явах чадавхийг бий болгох замаар санал болгосон төслүүдийн нөхөн сэргээгдэх чадварыг нэмэгдүүлэхээр уг Гэрээ хийгджээ.
1990 оноос хойш Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжин орох томоохон алхмуудыг хийж чадсан юм. Үүний зэрэгцээ, өмнө нь хөдөөгийн голдуу байсан нийгэм эрчимтэй хотжих үзэгдэлтэй тулгарчээ. Зөвлөлтийн эрин үеийн ялангуяа тээвэр, газар, боловсрол, эрүүл мэндийн салбарууд дахь институц, дэд бүтцүүд эдгээр хувьсал өөрчлөлтийг даах чадваргүй болов. Ерөнхий Гэрээ нь эдгээр институц, дэд бүтцийг Монгол Улсын цэцэглэн хөгжиж буй хотожсон, зах зээлд суурилсан эдийн засгийг илүү сайн дэмжих чадвартай болгох зорилготой юм. Гэрээ нь төмөр зам, өмчлөх эрх, мэргэжлийн боловсрол, эрүүл мэнд гэсэн 4 гол салбарт анхаарлаа төвлөрүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг өргөжүүлэн гүнзгийрүүлэх бүхий л хүчин зүтгэлийг дэмжинэ.
Төмөр замын төсөл (188.38 сая ам.доллар)
Төмөр замын систем бол Монголын эдийн засгийн хувьд ачаа тээвэрлэлтийн хамгийн гол хэрэгсэл юм. Хуучирсан дэд бүтэц, тоног төхөөрөмж, арга барилтай өнөөгийн систем нь төмөр замын үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Инфляцид нэрмээс болж, дотоод болон гадаад худалдааны өсөлтийг хязгаарлаж байгаагаараа төмөр зам нь эдийн засагт ноцтой саад бэрхшээл учруулж байна. Төмөр замд хэрэгжих төсөл нь уг системийн үр ашигтай ажиллагаа, хүчин чадлыг сайжруулж, улмаар шинэ ажлын байр бий болгон, шууд бусаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх замаар энэхүү саад бэрхшээлийг арилгахад чиглэнэ. Тогтвортой байдлыг баталгаажуулахын тулд Төмөр замын төсөл нь үйл ажиллагаа, удирдлагын арга барилыг шинэчлэх, санхүүгийн ил тод байдал тогтоох, төмөр замын системийг арилжааны харилцаанд оруулах явдлыг дэмжинэ.
Өмчлөх эрхийн төсөл (23.06 сая ам.доллар)
Монголчууд өөрсдийн эзэмшлийн газраа хялбархан бүртгүүлж, газар өмчлөлийн асуудлаа тодорхой болгох боломжгүй байгаа нь үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг дэмжсэн Засгийн газрын бодлогын хэрэгжилтэнд ноцтой саад учруулсаар байна. Өмчлөх эрхийн төсөл нь хотын зах болон хот орчмын бүсэд эзэмшиж буй газраа (Улаанбаатар болон бусад хотуудыг тойрон шавсан захын хороололд байх багахан хэмжээний газар) баталгаатай, удаан хугацаагаар өмчлөх эрхийг олж авахад нь Монгол Улсын иргэдэд тусалж, орон сууцны нөхцөл сайжруулах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх зориулалт бүхий хөрөнгө оруулалтыг дэмжих юм. Банкны зээлийн хүү маш өндөр байгаа өнөөгийн нөхцөлд банкны харилцагчдыг илүү баталгаатай барьцааны эх үүсвэрээр хангаснаар санхүүгийн байгууллагууд зээлийн эрсдлийн нэмэгдлээ бууруулах явдлыг дэмжиж, моргэжтэй холбоотой, үл хөдлөх хөрөнгөөс хамааралтай санхүүгийн шинэ бүтээгдхүүнүүд бий болох явцыг түргэсгэнэ. Өмчлөх эрхийн төсөл нь газар өмчлөх эрхийг олж авах, шилжүүлэх өнөөгийн системийг илүү оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй болгон сайжруулж, хотын зах болон хот орчимд газар эзэмшигч 75000 иргэнд газраа бүртгүүлэн, хувьчилж авсан гэрчилгээг олгох ажлыг зохион байгуулна. Мөн хот орчмын бэлчээрийн газрыг удаан хугацаагаар түрээслэх системийг бий болгож, бэлчээр болон мал сүргийн менежментээ сайжруулснаар эдгээр газраасаа олох орлогоо бодитойгоор нэмэгдүүлэх болмжийг түрээслэгчдэд олгох бусад урамшууллууд (техникийн туслалцаа, худаг, малын байр, хашаа г.м)-ыг энэхүү Төсөл хэрэгжүүлнэ.
Мэргэжлийн боловсролын төсөл (25.51 сая ам.доллар)Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх сонирхолтой байна. Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад хандивлагчдын хийсэн ажил дээр үндэслэн МСС-гийн Мэргэжлийн боловсролын төсөл нь эрэлт хэрэгцээнд тулгуурласан мэргэжлийн сургалтын тогтолцоог бий болгоход туслах юм. Ерөнхий гэрээнд ажилгүй болон бага цалинтай ажил эрхэлдэг Монголчуудын ажил эрхлэлт, орлогын түвшинг нэмэгдүүлэхдээ хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, сургалтын системийг сайжруулах замаар хийхээр тусгасан байна. Зорилго нь хувийн хэвшлийн оролцоог хангах, ур чадварын стандартыг бий болгох, чадварт суурилсан сургалтын системийг бий болгох юм. Түүнчлэн Ерөнхий гэрээнд мэргэжлийн сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж, 30 шинэ мэргэжлээр ажилчин бэлтгэх боломжийг бүрдүүлж, ажил мэргэжил сонгох талаар зөвлөгөө өгөх чадавхийг хөгжүүлэх юм.
Эрүүл мэндийн төсөл (17.03 сая ам.доллар)
Монгол Улсад зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, гэмтэл согог зэрэг халдварт бус өвчин, гэмтэл ихсэж байгаа нь иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах системээ сайжруулахад хөрөнгө оруулалт хийх нь нэн чухал гэдгийг Засгийн газарт сануулж байгаа юм. Монгол Улсад зүрх судасны өвчин болон хавдраас үүсэлтэй нас баралтын хувь хэмжээ барууны орнуудаас хол давсан байгаа бөгөөд одоогийн байдлаар нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болохын гол шалтгаан болж байна. Мөн гэмтлийн үед үзүүлэх үйлчилгээ, анхны тусламжийн үйлчилгээ маш муу хөгжсөн, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй зэрэг нь хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улстай байгуулах Ерөнхий гэрээнд тусгаснаар өвчлөл, гэмтлийн тоо болон хүндрэлийг бууруулах, ингэснээр эрүүл мэндийн салбарын нийт зардлыг бууруулах, эсвэл зарцуулалтыг өөрчлөх замаар ажиллах хүчнийхээ эрүүл мэнд, сайн сайхныг онцлон анхаарах юм. Эрүүл мэндийн төсөлд Монгол Улсад халдварт бус өвчин болон гэмтлийн судалгаа хийх, ийм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа орнуудад очиж туршлага судлах, эрсдэл дагуулсан зуршлыг өөрчлөх талаар мэдлэг, мэдээлэл түгээх, эмчилгээ үйлчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлэх, тодорхой хэмжээний тоног төхөөрөмжөөр хангах, умайн хүзүүний ба хөхний хавдрыг эрт үед нь оношлох эрчимжүүлсэн сургалт, халдварт бус өвчин ба гэмтлийн эмчилгээний талаар эмч нарын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын сургалт зохион байгуулах зэрэг ажлууд багтаж байгаа юм. МСС-ийн Ерөнхий гэрээ хэрэгжих таван жилийн хугацаанд Монгол Улсын хүн амын нилээд хэсэгт (төсөл хэрэгжих газруудын хүн амын 60 хүртэлх хувьд) халдварт бус өвчин, гэмтэлийн асуудлаар хүрч ажиллах, үзлэгт хамруулах, эмчилгээ хийхийг санхүүжүүлэх ба хамрагдаж буй хүн амд сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд төслийн явцыг хянаж, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулах зэргээр ажиллах болно.
Захиргааны ажил
Ерөнхий Гэрээнд 26.3 сая ам.долларыг захиргааны болон удирдлагын, аудитын, санхүүгийн, бараа үйлчилгээ худалдан авалтын, байгаль орчин ба нийгмийн гэсэн хөтөлбөрийн бусад зардалд зарцуулахаар оруулсан юм. Ерөнхий Гэрээний мониторинг ба үнэлгээний зардалд 4.7 сая ам долларын зардал зарцуулахаар тусгажээ.
Гарах үр дүн
Ерөнхий Гэрээ нь эдийн засгийн шинэ боломжийг бий болгож, улс орны эдийн засгийн өсөлтөөс хувь хүмүүс болон тодорхой бүлэг хүмүүс ашиг хүртэх, оролцох боломж, чадавхийг бий болгох замаар ядуу амьдарч буй иргэдэд бодитой нөлөө үзүүлэх юм. Жишээлбэл, төмөр зам болон эрүүл мэндийн төслүүд эдийн засгийн асар өргөн хэмжээний нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байгаа юм. Түүнчлэн, эрүүл мэнд, мэргэжлийн сургалт, өмчлөх эрхийн төслүүдийн үр шимийг 1.5 сая хүн шууд хүртэхээр төлөвлөгдөж байгаа юм.
###
Millennium Challenge Corporation is a U.S. government agency designed to work with some of the poorest countries in the world, is based on the principle that aid is most effective when it reinforces good governance, economic freedom, and investments in people that promote economic growth and elimination of extreme poverty.