Үүнийг Монголд чухал ач холбогдолтой бусад төслүүд дээр ч хийж болох юм. Одоо гэрээг нь үзэглэхээр болоод байгаа Мянганы Сорилын Сангийн тусламжийн асуудлаар үндэсний хэмжээнд явуулсан хэлэлцүүлэг нь ийм хэлэлцүүлгийн загвар болж болох юм. Зохион байгуулах хэлбэрээс үл хамааран уг хэлэлцүүлэг нь дараах асуултанд хариу өгөх ёстой. Үүнд:а. Эрх зүйн болон зохицуулалтын ямар орчин гадаад, дотоодын хөрөнгө оруулагч/компаниудад ашиг олох боломж олгодог уул уурхайн салбарт үндэслэсэн эрүүл, чөлөөт зах зээлийг бий болгохын зэрэгцээ Монголчуудын хүлээж буй эдийн засаг, хөгжлийн үр өгөөжийг бий болгож чадах вэ?
б. Энэ асуултын хариулт нь түр зуурын сэтгэл хөдлөл, эсвэл аль нэг компанийн (том, жижгээс үл хамааран) хэрэгцээнд үндэслэсэн байх ёсгүй бөгөөд харин Монголын ард түмний урт хугацааны ашиг сонирхол, ирээдүйн үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд үндэслэсэн байх ёстой.
в. Монголын Засгийн газар өөрийн орны дараах ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ арилжааны уул уурхайг ажиллуулах тодорхой бөгөөд шударга зарчмыг баримтлах ёстой. Үүнд:
- Монголчуудыг ажлын байраар хангах
- Байгаль орчныг бохирдуулахгүй байх
- Монголд боловсруулалт хийх (худалдааны ашигтай байгаа тохиолдолд)
-Татвар ба роялтийн хэлбэрээр ашиг орлого бий болгох
- Дэд бүтцийг хөгжүүлэх
г. Монголын Засгийн газар хууль журмынхаа дагуу хөрөнгө оруулагчид болон ард иргэддээ амласан амлалтаа биелүүлдэг байх хэрэгтэй. Компаниуд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой, шударга хөрөнгө оруулалтын орчин хайж байдаг. Энэ нь компаниуд хүссэн болгоноо авна гэсэн үг биш, харин Засгийн газар хүссэн цагтаа тоглоомын дүрмийг өөрчилж болохгүй гэсэн утгатай бөгөөд үүрэг хариуцлагаа эрхэмлэн, гэрээ хэлцэл хийхэд идэвхи чармайлт гарган, хууль журмын уялдаа холбоог сайтар хангана гэсэн үг юм.
- Жишээлбэл, саяхан уул уурхайн 18 компанийн хайгуулын лицензийг цуцлах оролдлого хийсэн нь Ашигт малтмалын тухай хуучин болон шинэчлэн найруулсан хуулийн дагуу уул уурхайн компаниудын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс үл тоомсорлосныг харуулж байгаа юм.
- Компаниуд хуулийн заалтуудад татагдан ирээд хайгуулын ажилд нилээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа хууль журам нь хүчингүй болох, зөвшөөрөл нь хураагдах зэрэг аюул тулгарч байна.
- Дэлхийд мөрдөгдөж буй стандарт нь хуучин хуулиар олгогдсон эрхийг хүчингүй болгохгүйгээр үргэлжлүүлэн эдлүүлэх, эсвэл эрх нь алдагдсаны хохирлыг нөхөн төлөх арга зам хайх зэргээр шийдвэрлэдэг байна.
- Хэдийгээр Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хураасан лицензийг буцааж өгсөн боловч хариуцлага бүхий байгууллагуудын хооронд шийдвэрээ хянах, гүйцэтгэх ажлын уялдаа муу байснаас хөрөнгө оруулагчдын дунд Монголын нэр хүндийг сэвтээсэн явдал боллоо.
- Үүнээс болж Монгол Улс худалдаа бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулахад найдвартай улс биш байна гэсэн бодол эдгээр хөрөнгө оруулагчид болон тэдний Засгийн газрууд, түүний дотор АНУ-ын Засгийн газарт төрж байна.
- Нэр хүндтэйд тооцогддог 2007 оны Фрейзерийн судалгаагаар уул уурхайн төсөл хэрэгжүүлэх боломжтой газар гэсэн үзүүлэлтээр Монгол Улсыг 63-т жагсаасан байна. Хэдхэн жилийн өмнө Монгол эхний 10-т багтаж байсан юм. Одоо Монгол Зимбабвегийн дөнгөж дээхнэ л тогтож байна.Монгол Улсын бизнесийн орчинд хөрөнгө оруулагчдын итгэл хамгийн хэрэгтэй байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагчдын дунд байгаа иймэрхүү ойлголтыг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл бодол болтол нь явуулж Монгол Улс хэрхэвч болохгүй юм.
д. Дахин хэлэхэд, уул уурхайн компани, хөгжил болоод Засгийн газрын харилцаатай холбоотой эдгээр ойлголт огт шинэ зүйл биш бөгөөд тэдгээрийг Чили, Канад, Австрали болон бусад газруудад хэрэглэж байсан, Монголд ч бас хэрэглэж болох юм.
е. Гэхдээ хувь хүмүүс болон компаниуд амьжиргаагаа залгуулахын тулд, ашиг олохын тулд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг Монголын Засгийн газар
хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ дэлхийн хаана ч явагдаж байгаа бизнесийн үйл ажиллагааны нэгэн адил Монголын уул уурхай ч оролцож байгаа бүх талуудад ашигтай байх ёстой.
- Ашигт малтмалын орд, газар доорхи нөөц гэдэг уурхайг хараахан хэлж байгаа юм бишээ. Энэхүү нөөцийг уул уурхайн компаниуд ашигтай арилжиж болох бүтээгдхүүнд хувиргаж байж гэмээ нь уурхай гэдэг утгаа сая олно. Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон хэмжээний төслүүдийн тухайд уурхайг нээн ажиллуулахад төдийгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтанд л гэхэд тэрбум, тэрбумаар яригдах америк долларын хөрөнгө оруулалт шаардагддаг.
- Талуудад бүгдэд нь эрсдэлтэй боловч уул уурхайн компаниудын хувьд тодорхой хэмжээний ашиг олох нөхцөлд л эрсдэл үүрэн үйл ажиллагаагаа явуулах нь ойлгомжтой.
- Хэрэв Монгол Улсын Засгийн газар эсвэл өөр ямарваа нэг тал ашгаас хувь хүртэх хүсэлтэй байгаа бол эрсдлийг ч мөн адил хамт үүрэлцэх үүрэгтэй. Улс орондоо, мөн түншлэгч аж ахуйн нэгжүүддээ эдийн засгийн үр ашигтай байж болох санхүүгийн механизмыг сонгон тухайн компанид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болов уу. Монголын уул уурхайгаас ч юм уу аль эсвэл өөр ямарваа нэгэн салбараас олох ашгаас Засгийн газар хуваалцах сонирхолтой байгаа бол түншлэгч компанийн ачаанаас бас үүрэлцэх ёстой.
- Ашгийг хуваан хүртэх талуудын дунд эрсдэл, зардлыг шударга зарчмаар хуваарилахгүй бол хөрөнгө оруулалт нь удаан хугацааны үр өгөөжтэй байж чадахгүй.
МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ ТОДОРХОЙ, МӨН ТҮҮНТЭЙ АДИЛ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫНХ Ч ГЭСЭН ТОДОРХОЙ БАЙНА.
- Олборлолт хийж байх үедээ цэвэрхэн олборлох, олборлож дууссаныхаа дараа ашигласан газраа нөхөн сэргээх.
- Монголоос ажиллах хүчээ авч, улмаар тэднийг мэргэжлийн болон бусад шаардлагатай сургалтуудад хамруулах бодлого баримтлах.
- Худалдааны ашигтай байх нөхцөлд Монголд боловсруулалт хийн нэмүү өртөг хуримтлуулах.
- Зохистой газар, зохистой үед нь шилдэг технологийг нэвтрүүлэн, ашиглах
- Татвар болон роялти хэлбэрээр ашиг орлого бий болгох
- Зохистой дэд бүтцийг хөгжүүлэх
Уул уурхайн компаниуд 2 зүйлийг харуулах ёстой. Үүнд:
- Нэгдүгээрт, одоогийн эрх зүйн орчин болоод бусад оронд ашиглагддаг арга ажиллагааны шилдэг туршлагууд Монголчуудад эдийн засгийн ихээхэн ашиг тустай байна.
- Хоёрдугаарт, зарим ТББ-ууд болон олон нийтийн зүтгэлтнүүдийн гаргаж буй радикал саналууд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын аль алиныг нь Монголоос гадагш чиглүүлж, улмаар Монголын ард түмэн, эдийн засгийн хөгжил, байгаль орчинд хохирол учруулна.
а. Барууны компаниудыг хамгаалах няцаашгүй үндэслэл байгаа гэж бид үздэг. Барууны компаниуд ерөнхийдөө, түүний дотор ялангуяа Америкийн компаниуд тухайн улс орны хууль журам, зан заншлыг хүндэтгэх, ажлын байр бий болгох, шилдэг технологийг оруулж ирэх, татвар төлөх, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлуудаар сайн үзүүлэлттэй байдаг нь батлагдсан зүйл.
б. Түүнээс гадна эдгээр компаниуд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх, олон нийтийн шүүхийн өмнө хариуцлагад татагддаг бөгөөд энэ нь тэдний нэр хүндэд асар их нөлөөлдөг гэдгийг би нэмж хэлмээр байна.
в. Товчхондоо, богинохон хугацаанд цэвэр бус аргаар олборлодог бусад тохиолдлуудтай харьцуулахад манай компаниуд хэдэн арван жилээр, хэдэн үе дамжин хэрэгжих төслүүдийг хамтран хэрэгжүүлж чаддаг арвин туршлагатай.
г. Уул уурхайн асуудлаар тухайн улстай хамтран ажиллахдаа өөрсдийн баялаг туршлага, арга барилаа тууштай хамгаалахыг бид барууны компаниудад уриалж байна.
д. Засгийн газруудын гүйцэтгэх үүргийн тухайд гэвэл, манай компаниуд үйл ажиллагааны эдгээр шилдэг туршлагаа тууштай хэрэглэж байвал АНУ-ын Засгийн газар болоод бусад холбогдох орны засгийн газрууд тэдний үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын өмнө дэмжих болно гэдгийг би бусад дипломат нөхдөө төлөөлөн хэлчихэж болох байх гэж бодож байна.
ЭЦЭСТ НЬ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОЛ ЭНЭ АСУУДАЛД ХАМГИЙН ЧУХАЛ БАЙР СУУРЬТАЙ ОРОЛЦОХ ЁСТОЙ ТАЛ ГЭДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ.
Уул уурхайн талаарх бодлого шийдвэрийн тухай мэдээллийг олон нийт маш хянамгай бодож эргэцүүлэх хариуцлага хүлээдэг. Ингэхдээ ард түмэн ямар нэгэн байр суурийг хатуу баримталж буй аливаа бүлэг, хувь хүн, эсвэл бизнесийн байгууллагаас тодорхой баримт нотолгоо, ул суурьтай тайлбар шаардаасай гэж бид зөвлөх байна. Харин зөвхөн сэтгэл хөдлөл, эсвэл алтан нарыг алган дээр нь тавина гэсэн амлалтууд юунд ч хүргэхгүй. - Дээрхи асуудлыг анхааралтай судлан, шийдэх нь Монгол улсад ардчилал биеллээ олж байгааг харуулах юм. Энэ нь хичнээн амаргүй байлаа ч Монголын уул уурхайн асуудлыг олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр ил тод хэлэлцүүлэх ёстой гэсэн үг юм. Ингэснээр аливаа шийдвэрийг нээлттэй болгож, нуугдмал ашиг сонирхол, явцуу санаа онооноос ангид байж, шийдвэр гаргахдаа олон нийтийн санаа бодлыг өргөн хүрээтэй тусгахад дөхөм болох юм.
- Энэхүү үйл явц элдэв бэрхшээлгүй, амар хялбар байна гэж би хэлж чадахгүй, алдаж онох зүйл гарч л таарна. Харин монголын тал дээрхи ярвигтай асуудлыг шйидвэрлэе гэсэн хичээл зүтгэл, чармайлт гаргах юм бол ирээдүйн түншүүдийн ашиг сонирхолд нийцэж хамтран ажиллах эрмэлзэлтэй байна гэдэгт итгэж байна.
ДҮГНЭЛТ:
1. Монголд өнгөрүүлсэн ганцхан жилийн хугацаанд уул уурхай бол Монголын ирээдүйд оруулах хамгийн чухал хөрөнгө оруулалт юм гэдгийг би харж байна. - Оюу толгой төсөл дангаараа Монголын эдийн засагт гайхалтай нөлөөлж, ДНБ-ийг бараг 50% өсгөх боломжтойгоос гадна хамгийн чухал нь Оюу толгой болон бусад газруудад өрнөх бүтээн байгуулалт нь ус, цахилгаан, зам, төмөр зам болон агаарын тээвэр зэрэг Монгол Улсын гол чухал дэд бүтцүүдийг ирэх жилүүдэд хөгжүүлэх юм. Мөн хөрөнгийн урсгал, хөрөнгө оруулалт болон санхүүгийн бусад үйлчилгээнүүд Оюу толгой болон бусад бүтээн байгуулалтууд руу чиглэнэ.
- Эдгээр уурхайнууд Монголын эдийн засгийн амин сүнс болж, энэ орны улс төр, ардчиллын үйл хэрэгт гүнзгий нөлөөлөх болно.
2. эгэхээр Монгол Улс уул уурхайн төслүүдээ хэзээ, хэнтэй, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг сонголт нь бид бүхний хувьд худалдаа арилжааны, улс төрийн, нийгмийн чухал ач холбогдолтой асуудал юм.
- Монгол Улстай аюулгүй байдал болон тусламжийн чиглэлээр бат бэх харилцаа аль хэдийн тогтоосон АНУ-ын хувьд энэ асуудал мөн л адил чухал юм. Бид Монгол Улстай харилцаа тогтоосны 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ үед энэхүү баялаг бөгөөд гүн гүнзгий болж амжсан харилцаагаа цаашид яаж улам бэхжүүлэх вэ гэдгийг эргэцүүлж байна.
- Аюулгүй байдал болон тусламжийн харилцаа нь биднийг энэ түвшинд авчирсан бол худалдааны бат бэх харилцаанаас гарах үр өгөөж нь Монгол-Америкийн харилцааны бусад талуудыг дүүргэж өгөх юм.
- Өнөөдөр худалдаа арилжааны харилцааны хамрах хүрээ Монголын ашигт малтмалын ихэнх шиг судлагдаагүй хэвээр байгаа боловч Монгол Улс бусад ардчилсан, зах зээлийн эдийн засагтай орнуудтай нягт хамтран ажиллах асар их боломжийг агуулж байна.
- Цэцэглэн хөгжсөн худалдааны харилцаа нь АНУ болон бусад гуравдагч хөршүүдтэйгээ тогтоосон харилцааг улам бэхжүүлэх үүд хаалгыг нээж өгөх бөгөөд уул уурхай нь худалдаа арилжааны эдгээр боломжуудын ихэнхийг агуулж байгаа учир тэр хаалгыг нээх түлхүүр нь байх юм.
- АНУ-ын компаниуд, хөрөнгө оруулагчид нь Монгол Улсыг төлөөлөх хамгийн шилдэг дипломатуудын тоонд багтана. Учир нь тэд энд хэдийчинээн их хөрөнгөтэй байна, Монголыг судлах, дэмжих, магадгүй хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүсийн чихэнд өөрсдийн санаа бодол, түгшүүр зовнилоо хүргэх магадлал төдийчинээн их.
- Түүнээс гадна АНУ-ын Засгийн газар бизнес эрхлэгчиддээ санаа тавьж, тэдний хүсэлтээр асуудлыг нягталж, анхаарал хандуулж байдаг билээ. Олон улсын худалдааны гол чухал уулзалтуудын өмнө болон худалдааны гэрээ хэлэлцээрүүддээ бид Монгол Улсын бусад гуравдагч хөршүүдэд дэмжлэг үзүүлж байдаг.
- Гэхдээ гол чухал төслүүд дээр бид хэр ахицтай урагшилж байгаагаас ийм дэмжлэг үзүүлж чадах эсэх нь ихээхэн хамаардаг. Америкчууд болон барууны бусад улсууд, Монголын төр засаг, ард түмэн, өөрөөр хэлбэл эдгээр төслүүд дээр түншлэн ажиллахыг хүсч буй бүх талууд Монголын ирээдүйд амин чухал энэхүү бүтээн байгуулалтын хаалгыг нээх хэрэгтэй байна.
- Тийм болохоор Монгол Улсын Засгийн газар стратегийн хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх ажлыг урагшлуулъя.
- Мөн УИХ хэлэлцүүлгийг шуурхай, гэхдээ нягт нямбай явуулж, мэргэжилтэн шинжээчдийн үгийг сонссоны дараа бүх талуудад хэдэн арван жилийн турш тэгш үйлчлэх тэнцвэртэй зохицуулалтыг хийж өгөг.
- Тэгсний дараа бид болоод Монголын иргэд тэр хаалгаар урт удаан, үр өгөөжтэй хамтын ажиллагааны түншүүд болон орж чадна.
# # #
- олшруулан тараахад зориулан бэлтгэв-