АНУ Монгол Улсад дахин 6,595,435 ам. долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
Улаанбаатар хот, 2007 оны 9-р сарын 21- Өнөөдөр АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Марк Минтон, Монгол улсын Сангийн сайд Н. Баяртсайхан нар 6,595,435 ам. долларын буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр талын 2 хэлэлцээрт гарын үсэг зурав.
Эдгээр хэлэлцээр нь Монгол улсын ирээдүйд чухал ач холбогдол бүхий ил тод “сайн засаглал” болон худалдааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах “эдийн засгийн зөв бодлого”-ын асуудлуудыг шийдвэрлэхэд шууд чиглэгдэж байна.
Хоёр талын эхний хэлэлцээрээр нэмэлт 4,795,435 ам. долларыг АНУ-ын Олон улсын хєгжлийн агентлаг \ОУХА\- аас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэгдсэн төслүүдийг санхүүжүүлнэ. Эдгээр төслийн нэг нь АНУ-ын ОУХА болон АНУ-ын засгийн газрын өмнөөс Кемоникс Интэрнэшнл Инк компаниар дамжуулан хэрэгжүүлж буй “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар“ төсөл юм. Уг төсөл 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оныг дуустал үргэлжилнэ. Төслийн зорилго нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх эдийн засгийн бодлогын шинэтгэлийг гүнзгийрүүлэн хурдасгах, түүнчлэн Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх Монгол улсын хүчин чармайлтыг дэмжихэд чиглэгдэж байна.
Мөн энэ хэлэлцээрийн дагуу Мэрси Кор байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаа “Говийн санаачлага”, Си Эйч Эф Интэрнэшнл байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буй “Гэр санаачлага” төслүүдийг санхүүжүүлнэ. “Говийн санаачлага” төсөл нь малчид, жижиг бизнес эрхлэгчдэд техникийн туслалцаа үзүүлэх замаар хөдөөгийн бизнесийг өргөжүүлэх зорилготой бол “Гэр санаачлага” төсөл нь гэр хорооллын ядуу иргэдийг ажлын байранд зуучлах, мөн орлогын эх үүсвэртэй болоход нь туслалцаа үзүүлдэг.
Өнөөдөр гарын үсэг зурсан хоёр хоёр дахь талын хэлэлцээрийн дагуу 1,800,000 ам. долларыг АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвөөр дамжуулан хэрэгжүүлж буй “Шүүхийн эрх мэдлийн шинэтгэл” төслийг санхүүжүүлнэ. Уг төсөл 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оныг дуустал үргэлжилнэ. Төслийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаанууд “Монгол улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, хуулийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, шүүгчдийн сургалт болон иргэдэд эрх зүйн боловсрол олгох зэрэг юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд Марк Минтон “Эдгээр хэлэлцээр нь АНУ-ын Засгийн газраас Монгол улсын чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг тууштай дэмжиж байгаагийн илрэл юм. Одоо хэрэгжиж байгаа болон АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжиж байгаа бусад олон үйл ажиллагаа нь Монгол улс, АНУ-ын ард түмэн, Засгийн газар хоорондын харилцааг цаашид бэхжүүлэх юм” гэж хэлэв.
Хэлэлцээрт Монгол улсын засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Н. Баяртсайхан, АНУ-ын Засгийн газрыг төлөөлж АНУ-ын элчин сайд Марк Минтон болон АНУ-ын ОУХА-ийн төлөөлөгч Барри Примм нар гарын үсэг зурав.
# # #