МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН ЕРӨНХИЙ ГЭРЭЭНД
ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ҮЕЭР
ЕРӨНХИЙЛӨГЧ БУШ БОЛОН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР НАРЫН ХЭЛСЭН ҮГ
Рузвельтын танхим
11 цаг 53 минут
ЕРӨНХИЙЛӨГЧ БУШ: Ноён Ерөнхийлөгч өө, танд их баярлалаа. Тавтай морилно уу. Баярлалаа.
Ноён Ерөнхийлөгч өө, бидэнтэй хамт байгаад их баярлалаа. Өнөөдөр бид Америкийн Нэгдсэн Улс болон биний анд Монгол Улсын хооронд байгуулагдах маш чухал гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Мянганы Сорилтын Ерөнхий Гэрээ гэж нэрлэгдэх энэхүү гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө би нэг хоёр зүйлийг хэлмээр байна.
Юуны түрүүнд, Лора бид хоёр танай оронд айлчлахад маш сайхан байсан. Хамгийн сонирхолтой аялал болсон. Морь унасан ширүүн дүртэй дайчин эрийг би одоо ч сайн санаж байна. Түүнтэй тулааны талбарт тааралдаагүй нь ямар аз вэ гэж бодсон шүү. (Инээв) Морьтон эрсийн ур чадварыг санаж байна. Халуун дулаан зочлон угтсаныг санаж байна. Сарлагийн сүүний амтыг санаж байна. (Инээв). Эрхэм таны хэлсэн найрсаг дотно үгийг ч санаж байна. Тэгээд эрхэмсэг ноён танд болон танай гайхамшигт сайхан орны ард түмэнд Лора бид хоёрыг халуун дотноор зочлон хүлээн авсанд дахин талархлаа илэрхийлье.
Мөн радикал, экстремистүүдийн эсрэг тэмцэлд хүчтэй дэмжлэг үзүүүлж байгаад тань маш их баярлаж байдгаа хэлмээр байна. 9-р сарын 11-нд манай улс руу хүйтэн цуст алуурчид халдсаны дараа та болон танай ард түмэн Америкийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэйгээ харуулсан. Түүнээс хойш та бүхэн шинэ залуу ардчилсан улсуудад ардчиллаа аварч, хөгжиж цэцэглэхэд нь туслах замаар экстремистүүдтэй тэмцэхэд нь туслах үйл хэргийн үнэнч дэмжигч байсаар ирсэн. Ирак, Афганистаны шинэ залуу ардчиллыг дэмжиж байгаа танд болон Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Энэ бол хэцүү ажил, гэхдээ бид ахиц гаргаж байна. Шинэ тутам үүсч буй чөлөөт нийгмийн ашиг тусыг олж харах нь танай нийгмийн зарим хүмүүст хэцүү байгаа гэдгийг би ойлгож байна, гэхдээ та бүхний алсын хараанд талархаж, танай цэргүүдэд баярлаж талархаж буйгаа хэлмээр байна. Монгол цэргүүд сайн бэлтгэгдсэн, сахилга бат сайтай бөгөөд танай улсын бахархал юм.
Мянганы Сорилтын Сан бол манай гадаад бодлогын маш чухал хэсэг юм. Энэ нь авилгатай тэмцэж, зах зээлд суурилсан эдийн засгийг дэмжиж, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулдаг улс орнуудад туслах боломжийг АНУ болон манай татвар төлөгчдөд олгож буй хөтөлбөр юм.
МСС-гийн Ерөнхий Гэрээ нь төр засаг ард түмнээ сонсож, ард түмнийхээ хэрэгцээг шийдвэрлэнэ гэсэн үндсэн зарчмуудад чанд тууштай байхыг улс орнуудад уриалж байна. Ноён Ерөнхийлөгч өө, өнөөдөр бид танай орны олсон амжилтыг, танай төр засаг үндсэн зарчмууддаа тууштай байгааг хүндэтгэж байна. Бид бас үүнийг л хийж байна. Энэ 285 сая ам.доллар танай төмөр зам, дэд бүтцийг шинэчилж, та бүхний эхлүүлсэн зах зээлийн эдийн засаг танай ард түмний тусын тулд хөгжихөд бүгд чиглэгдэнэ гэдэгт бид итгэж байна.
Энэхүү хөтөлбөр АНУ-ын гадаад бодлогод ямар чухал болохыг Конгресс ойлгох ёстой. МСС маш үр дүнтэй байгаа. Дэлхий даяар үр дүнтэй байна. Монголд ч үр дүнтэй байх болно. АНУ-ын Конгресс МСС-гийн бүрэн санххүүжилтийг авч үзэхдээ Монгол шиг улсууд болон энэхүү хөтөлбөр сайн анд нөхрийн маань хувьд урт хугацааны ямар ашиг тусыг авчрах вэ гэдгийг бодолцох ёстой.
Ингээд, ноён Ерөнхийлөгч өө, таныг энэ микрофоны ард урья. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Удахгүй бид энэхүү баримт бичигт гарын үсэг зурна.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР: Ноён Ерөнхийлөгч өө, өнөөдөр энд Вашингтонд хүрэлцэн ирж, Монгол Улс, АНУ-ын хооронд шинэ бөгөөд маш чухал хамтын ажиллагааны эхлэлийг тавих энэ ёслолд оролцож байгаадаа нэн таатай байна. 2004 оны 5-р сард Монгол Улс МСС-гаас тусламж хүртэх эрхтэй орнуудын жагсаалтанд багтсанаар эхэлсэн бидний хамтын хүчин чармайлт энэ маш чухал үе шатанд хүрч ирсэнд би бахархалтай байна.
Монгол Улсын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Бушт энэхүү санаачлагыг эхлүүлсний төлөө, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсад итгэж, дэмжсэнийх нь төлөө гүн талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Баярлалаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ БУШ: Их баярлалаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР: Амжилт олж буй ардчилсан улсуудын зорилгыг дэмжих замаар урамшуулах энэ санаачлага нь эхнээсээ Монголын ард түмэнд урам зориг өгсөн юм. Бид энэ санаачлагын үзэл санааг талархан дэмжиж байна. Энэ санаачлага жирийн иргэдийн амьдралыг сайжруулахад хувь нэмэр оруулна гэж ойлгодог. АНУ-ын Засгийн газрын дэмжиж байгаачлан тусламжийг хариуцах эзэнтэй байлгах зарчмыг Монгол Улс дэмжин сайшааж байна. Үнэн хэрэгтээ, өнөөдөр энэхүү гэрээнд гарын үсэг зурах хүртэл бидний туулсан үйл явц бүхэлдээ шударга засаглал, төр засаг нь иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх чадварыг хангах хэрэгт бид хамтдаа тууштай байгаагийн илэрхийлэл юм.
Биднийг сонгосон ард түмэн байгаа, биднийг заримдаа шүүмжилдэг, бидний тухай юу санасан бодсоноо хэлдэг хүмүүс байгаа гэдгийг бид үргэлж санаж байх ёстой.
ЕРӨНХИЙЛӨГЧ БУШ: Тэнд ч бас тэгдэг байх нээ? (Инээв)
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР: МСС-гийн түншлэгч орны хувьд Монгол Улс хөгжлийн нэн тэргүүний зорилтууд, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, бодлогын чиглэлүүдээ тодорхойлох үйл явцын үе шат бүхэнд голлох үүрэгтэй оролцсон. Хамтын ажиллагааны энэ шинэ хандлага нь уг хөтөлбөрийн үр дүнтэй, үр ашигтай байдлыг хангах гол түлхүүр юм. Монгол Улсад өргөн хэмжээний зөвлөлдөх арга замаар хийгдсэн энэхүү гэрээ голлох 4 салбарт онцлон анхаарч улс орныхоо эдийн засгийн хөгжлийг өргөжүүлэн гүнзгийрүүлэх гэсэн бидний хүчин чармайлтыг дэмжих юм.
Эдгээр салбар нь парламентад хэлэлцэх батлуулахаар төсөл нь өргөн баригдаад буй Монгол Улсын үндэсний хөгжлийн стратегид нийцэж байгаа юм. Уг стратеги нь эрүүл, боловсролтой иргэн, цэцэглэн хөгжсөн хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг, бодит түншлэл, иргэний нийгмийг оролцуулаад Монголчууд өөрсдөө эзэн нь байх ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого юм.
Ерөнхий гэрээний хөтөлбөр нь хүний нөөцөд хөрөнгө оруулж, амин чухал тээврийн дэд бүтцийг сэргээн босгож, төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх замаар Монголд ядуурлыг бууруулахад бодитой өөрчлөн шинэчлэх үр нөлөөг үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.
Ерөнхий гэрээ нь ихээхэн боломж олгож байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Иргэд маань сургалт, ажил эрхлэлтээр амьдралаа сайжруулах, эдийн засгийн өсөлт хөгжилтөнд оролцож, ашиг тусыг нь хүртэх, өндөр чанартай үйлчилгээ, боловсрол олж авах боломжийг ашиглаасай гэж би хүсч байна.
Гар нийлж ажиллавал амжилтанд хүрдэг. Энэхүү гэрээ АНУ, Монгол Улс хоёр урт хугацааны турш, үр дүнтэй, харилцан ашигтай хамтран ажиллах урам зоригийг өгнө гэдэгт би итгэлтэй байна. Одоо бидэнд ард иргэдийнхээ санаа оноо, хүлээсэн итгэлийг амжилттай хэрэгжүүлж, ажил хэрэг болгох үлдлээ. Энэ өндөрлөгт хүрэхэд та бүхний дэмжлэг зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд цаашид хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Эрхэм Ерөнхийлөгч өө, эрхэм нөхөд өө, энэхүү дурсгалтай үйл явдалд талархаж буйгаа дахин илэрхийлье. Бээжингийн Олимпд очсоныхоо дараа Монголд дахин зочлоорой гэж Ерөнхийлөгч Бушийг урьж байна. Бээжингээс Монгол их холгүй гэдгийг Ерөнхийлөгч Буш мэдэж байгаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ БУШ: Тийм шүү. (Инээв)
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХБАЯР: Та Монголын ард түмний найрсаг зочломтой занг дахин мэдэрнэ гэж би найдаж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ БУШ: Их баярлалаа, эрхэм ээ. (Алга ташив.)
(Гэрээнд гарын үсэг зурав.) (Алга ташив.)
Төгсөв. 12 цаг 03 минут