Skip Navigation
Skip Left Section Navigation

ЭЛЧИН САЙД

Элчин сайдаар томилогдож буй ноён Жонатан С. Эдлтон

Элчин сайдаар томилогдож буй ноён Жонатан С. Эдлтон нь 1984 оноос хойш АНУ-ын гадаад харилцаанд ажиллаж буй туршлагатай ахлах ажилтнуудын нэг бөгөөд одоо Бельги улсын Брюссель дахь Европын Холбоонд суугаа АНУ-ын төлөөлөгчийн газарт  Олон улсын хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр өмнө нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА) -ийн төлөөлөгчийн газрын захирлаар Пакистан (2006-2007), Камбодж (2004-2006), Монгол (2001-2004) зэрэг орнуудад тус тус ажиллаж байсан.  Мөн түүнчлэн Йордан, Казакстан, Өмнөд Африк болон Йеменд АНУ-ын ОУХА-ийн Хөтөлбөр хариуцсан ажилтнаар ажиллаж байв. Ноён Эдлтон Дэлхийн Банк, Мэйкон Телеграф, Олон улсын энхтайвны төлөөх Карнегийн санд ажиллаж байсан туршлагатай юм. Тэрээр Туфтсын их сургуулийн Хууль, гадаад харилцааны Флэтчэр сургуулиас магистр болон докторын зэрэг, Нордвестерний их сургуулиас Бакалаврын зэрэг тус тус хүртжээ.

Томилгоог мэдээлэх үеэр Ерөнхийлөгч Барак Обама : “Ноён Эдлтон Америкийн ард түмнийг дээд зэргээр төлөөлөн, 21-р зууны сорилтуудыг давахын тулд манай зүгээс гаргаж буй дипломат хүчин зүтгэлийг бэхжүүлэн ажиллана  гэдэгт эргэлзэхгүй байна.  Би түүнтэй ирж буй он жилүүдэд хамтран ажиллах гэж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж хэллээ.

Жонатан Эдлтон Пакистан улсад төрж өссөн бөгөөд түүний эцэг эх тус улсад шашны байгууллагад ажиллаж байжээ. Тэрээр  бага насны дурсамжаа ”Алс холын газар” нэртэйгээр Жоржиагийн их сургуулийн хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Мөн түүний нийтлэлүүд Вашингтон Пост, Гадаад харилцааны сэтгүүл, Азийн харилцаа, Исламын ертөнц зэрэг олон арван сэтгүүл, сонинд нийтлэгдсэн байна. Тэрээр Улаанбаатарт эхнэр охины хамт энэ оны сүүчлээр ирэх юм.