МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ИЛТГЭЛ
2007 ОН
МОНГОЛ УЛС
Гурван сая орчим хүн амтай Монгол Улс нь олон намын, парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой улс юм. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зарим бага сага зөрчил гарсныг ажиглагчид тэмдэглэжээ. Парламентад олонхи суудал авсан нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, түүнийг нь парламент (Улсын Их Хурал) Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр баталдаг. 11-р сард парламент Монгол Ардын Хувьсгалт Намын (МАХН) С.Баярыг ерөнхий сайдаар баталж, эвслийн шинэ засгийн газар бүрэлдсэн. Цэргийн бус энгийн албан тушаалтнууд ерөнхийдөө аюулаас хамгаалах хүчинг үр нөлөөтэй хянадаг хэдий ч аюулаас хамгаалах хүчний зарим элемент төрийн эрх бүхий байгууллагаас хараат бусаар үйл ажиллагаа явуулсан цөөн тохиолдол гарсан.
Засгийн газар нь иргэдийнхээ хүний эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг боловч хүний эрхтэй холбоотой дараах асуудлууд тэмдэглэгдсэн. Үүнд: цагдаагийн алба хаагчид цагдан хоригдсон болон баривчлагдсан хүмүүстэй зүй бус харьцах; ял завших; хорих ангиуд болон урьдчилан хорих төвүүдийн нөхцөл муу; дур мэдэн баривчлах, хэт удаан хугацаагаар цагдан хорих, шүүх тогтолцооны авилгал; Эрүүгийн хуулийн гүтгэх доромжлох зүйл ангийг сэтгүүлчдэд хэрэглэдэг; зарим аймаг христийн сүмийг бүртгэхээс татгалзсаар байгаа; нууцын тухай хуулинд маш их зүйл хамрагддаг, ил тод байдал байхгүй; эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл; гадагшаа хүн наймаалах, дотоодод хүүхдийн биеийг үнэлүүлэх зэрэг асуудал байна.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ
1 дүгээр хэсэг. Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хүндэтгэх
a. Хүний амийг хууль бусаар дур мэдэн хөнөөх
Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд улс төрийн сэдэлтэй аллага үйлдээгүй боловч тухайн жилд хүчний байгууллагуудын зүй бус ажиллагааны улмаас хэд хэдэн хүний амь нас хохирсон бололтой. 2006 оны тавдугаар сард Хүний эрхийн үндэсний комисс (ХҮЭК) цагдаагийн албан хаагч нар сэжигтнүүдийг зодож нүдэж улмаар амь насыг нь хохироох явдал гарсаар байна гээд олон жишээ татаж байв. Хэргийг мэдээлэх, мөрдөн байцаахад цаг алдах нь олонтаа тул жилийн турш цагдаад баривчлагдаж, цагдан хоригдсон хүмүүсээс нас барсан тохиолдол шинээр гарсан эсэх талаар жишээ татах боломжгүй байна..
б. Сураггүй алга болох
Улс төрийн сэдэлтэй сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдээгүй.
в. Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох, цээрлүүлэх
Хуулиар ийм үйлдлийг хориглосон боловч цагдаагийн алба хаагчид (ялангуяа хөдөө орон нутгийн) баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүсийг зодох тохиолдол заримдаа гардаг бөгөөд баривчлах ажиллагааны үеэр,ялангуяа хэргийг нь хүлээлгэхийн тулд,шаардлагагүй үед хүч хэрэглэх явдал түгээмэл гардаг.
Цагдаагийн хэлтэс, хорих, баривчлах байруудад харуул хуяг, цагдаа нар хоригдогсдыг хэрцгийгээр шийтгэх тохиолдол гардаг болохыг төрийн бус байгууллагууд (ТББ) мэдээлсэн. ТББ-уудын мэдэгдсэнээр зарим хоригдогсдыг тамхиар түлэх, бороохойгоор цохих, төмөр хоншоортой гутлаар шилбэ рүү нь өшиглөсөн байна. Гэхдээ шийтгэлийг хэтрүүлэх явдал ерөнхийдөө энэ жилийн турш буурсан болохыг тэд мэдэгдэж байна.
ХҮЭК энэ жил эрүүдэн шүүх явдал гарсан гэж мэдээлээгүй боловч 2006 онд сэжигтнүүдтэй зүй бусаар харьцах явдал байнга гарч байсныг буруушааж, үүний дотор хүний амь насанд хүрсэн хэд хэдэн тохиолдлыг цохон тэмдэглэсэн. 2005 онд ХЭҮК урьдчилан хорих найман төвд 1338 хоригдогсдын дунд судалгаа явуулахад 70 гаруй хувь нь албадлага, хүчин дор хэрэг хүлээсэн гэж хариулсан. Үнэмшилтэй байж болох олон тохиолдолд сэжигтнүүдэд хүчээр хэрэг хүлээлгэх даалгавар мөрдөн байцаагчдаас авсан хэрцгий догшин хоригдогсдыг сэжигтнүүдтэй хамт нэг камерт хийжээ.
Цагдаагийн алба хаагчид тогтмол цалингийн зэрэгцээ хэрэг хаасны шагнал авдаг. Энэ шагнал нь цагдаагийн алба хаагчид эрүүгийн үйлдлийг бүрэн мөрдөн шалгахаас илүүтэй хүч хэрэглэн хурдан хэргийг нь хүлээлгэхэд түлхэц болдог гэж хүний эрхийн байгууллагууд шүүмжилдэг.
ХЭҮК энэ жил зарим цэргийн албан тушаалтнууд захирагдагсаддаа хүч хэрэглэж, доромжилсон гэж мэдээлсэн. Цэргийн алба хаагчдын дунд судалгаа явуулахад ахлах тушаалын алба хаагчид захирагдагсдаа нударгалж, өшиглөдгөөс гадна холбооны хэрэгсэл ашиглан цахилгаанаар цохиулдаг болохыг тогтоосон. ХЭҮК-ийн мэдэгдсэнээр 2006 онд 10 сарын хугацаанд Зэвсэгт хүчний клиник эмнэлэгт ахлах тушаалын алба хаагч нарт зодуулж хүнд гэмтэл авсан 12 цэрэг эмчлүүлэхээр хэвтжээ. ХЭҮК-ийн мэдээлж байгаагаар цэргүүд ийм халдлагын талаар мэдээлэх маш дургүй байдаг ажээ.
Хорих анги ба урьдчилан хорих төвийн нөхцөл
Урьдчилан хорих төв ба хорих ангийн байрны нөхцөл ерөнхийдөө муу. Хоол хүнс, халаалт, эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь хоригдлуудын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна. Гэхдээ ТББ-уудын мэдээлснээр урьдчилан хорих төв ба хорих ангийн байрны нөхцөл, ялангуяа хоол хүнсний чанар, халуун усанд орох боломж энэ жил сайжирсан. Гэсэн ч дипломат болон хүний эрхийн байгууллагуудын ажиглагчид урьдчилан хорих төв ба хорих ангид нэвтрэх боломж хязгаарлагдмал байсан ба зарим ажиглагчдыг хоригдлуудтай ганцаарчлан ярилцахыг хориглох үүрэгтэй төрийн алба хаагч нар “бараа болж" байв. Нэг өрөөнд хэт олон хүн хорих асуудал байсаар байна. Ялангуяа урьдчилан хорих төвүүдэд зарим тохиолдолд хоёр, гурван хүнд зориулсан өрөөнд найман хүн хорьж байна. ТББ-уудын мэдэгдэж байгаагаар хоригдлуудыг сахилгын зөрчил, дуулгаваргүй байдал гаргахад нь бороохойдох, шилбэ рүү нь өшиглөх, тамхины галаар түлэх зэргээр шийтгэдэг ажээ. Харуулууд 24 цагийн ээлжээр ажилладаг бөгөөд ээлжийнхээ явцад архидан согтуурах нь их байдаг гэсэн мэдээ байна.
Олон хоригдол хорих ангид сүрьеэгийн халдвартай очиж байгаагаас гадна хорих ангид байхдаа сүрьеэгээр халдварлаж байна. Засгийн газар сүрьеэтэй хоригдлуудыг урьдчилан хорих төв, хорих ангийн эмнэлэгт, эсвэл улсын сүрьеэгийн эмнэлэгт эмчилдэг. Ерөнхийдөө идэвхтэй сүрьеэгийн халдвартай хүмүүсийг нийт хоригдлуудаас тусгаарладаг. Сүрьеэгийн халдвартай олон хоригдол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нян тээгч тул эмчилгээний үр дүн төдийлөн сайн биш байдаг. Энэ жил урьдчилан хорих төв, хорих ангиуд дахь сүрьеэгийн нөхцөл байдал бага зэрэг сайжирсан болохыг ТББ-ууд мэдэгдсэн. Хэдийгээр энэ өвчнөөр үхсэн хоригдлын тоо сүүлийн жилүүдэд нэлээд буурсан боловч урьдчилан хорих төв, хорих ангиуд дахь өвчний халдвар, эмчилгээний чанар зэрэг асуудал ноцтой хэвээр байна.
ХЭҮК-ийн мэдээлснээр цэргийн хорих ангиудад сахилгад хоригдсон цэргүүдэд заримдаа ундны ус, хоол тогтмол өгөхгүй, заримдаа өдөрт ганц хооллодог, цэвэр агаарт гаргадаггүй ажээ.
Дотоодын хоёр, гадаадын зургаан ТББ, үүний дотор “Crossroads and Prison Fellowship Mongolia” байгууллага хорих анги, урьдчилан хорих төвүүдэд хувцас хунар, хоол хүнс, ном хандивлаж, англи хэл, компьютер, мэргэжлийн сургалт явуулах замаар нөхцлийг нь сайжруулахыг зорин ажилласан.
г. Дур мэдэн баривчлах, цагдан хорих
Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, цагдан хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж хуулинд заасан боловч дур мэдэн баривчлах, цагдан хорих асуудал байсаар байна. Олон нийт, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд өөрсдийн үндсэн эрх, шүүн таслах ажиллагаа, тухайлбал баривчлах, цагдан хорих ажиллагаатай холбоотой өөрсдийн эрхийн талаар мэдлэг муутай байв.
Цагдаа, аюулаас хамгаалах хүчний үүрэг
Аюулаас хамгаалах хүчин нь Батлан хамгаалах яам (БХЯ), Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Тагнуулын ерөнхий газрын (ТЕГ) харъяанд багтдаг. БХЯ үндэсний батлан хамгаалах чиг үүргийг хариуцдаг бөгөөд дотоодын аюулгүй байдлын хүчнийг дэмжиж дотоодын онцгой байдал, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаанд оролцдог. ХЗДХЯ-ны харъяанд үндэсний цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдгаас гадна улсын хил хамгаалах хүчин ХЗДХЯ-ны удирдлага дор байдаг. Хуучнаар Улсыг аюулаас хамгаалах байгууллага буюу ТЕГ нь дотоод аюулгүй байдал, гадаад тагнуулын мэдээлэл цуглуулах,үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээдэг. ТЕГ-ын дарга нь цэргийн бус албан тушаал бөгөөд ерөнхий сайдад шууд тайлагнадаг. Улсын Ерөнхий прокурорын газар цагдаа, тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьдаг.
Хууль сахиулах байгууллагад авилгын асуудал маш түгээмэл байна гэж олон нийт үздэг ажээ. Энэ жил байгуулагдсан Авилгатай тэмцэх газар зарим цагдаагийн алба хаагчтай холбоотой хэргийг мөрдөн шалгасан мэдээлэл байна. Цагдан хоригдогсодтой зүй бус харьцсан цагдаагийн алба хаагчдыг таслан зогсоох буюу шийтгэх арга хэмжээнд томоохон өөрчлөлт гараагүй. Гэхдээ засгийн газар аюулаас хамгаалах хүчний сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тухайлбал цугласан олныг хянахад хөнөөлт бус зэвсэг хэрэглэх дадлага сургалт хийлгэх талаар хүчин чармайлт гаргасан.
Цагдаагийн алба хаагчдын зүй бус харьцааг мөрдөн шалгах хуулийн орчин, механизм хангалтгүй хэвээр байна. Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба (МБА) хууль сахиулах байгууллагын ажилтан, прокурор, шүүх байгууллагын ажилтнуудын үйлдсэн байж болзошгүй хэргүүдийг мөрдөн шалгадаг. Жил бүр МБА хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай холбоотой 600-700 гомдол мэдээлэл хүлээн авч, 300-350 хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг. Эдгээр хэргийн 40 орчим хувьд хэрэгт холбогдогчийг яллагдагчаар татах тогтоол үйлддэг. Нийт хэргийн 40 хувьд гол төлөв талууд эв зүйгээр тохиролцсон гэх үндэслэлээр гомдол мэдээллийг хэрэгсэхгүй болгодог. Үлдсэн 20 хувийн тухайд цаашид ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. МБА-ны мэдэгдсэнээр цагдаагийн байгууллага, ялангуяа өндөр тушаалын цагдаагийн албан тушаалтнууд хэрэгт холбогдсон тохиолдолд тус албаны мөрдөн байцаагчдын ажлыг боогдуулж, саад тотгор учруулдаг ажээ.
Баривчлах, цагдан хорих
Сэжигтнийг баривчлахаас өмнө шүүгчээс зөвшөөрөл авах шаардлагатай боловч зөвшөөрөлгүй баривчлах тохиолдол нэлээд түгээмэл шинжтэй бололтой. Баривчлахаасаа өмнө шүүгчийн зөвшөөрөл авах шаардлагад хамаардаггүй “хойшлуулшгүй тохиолдолд” баривчлах зүйл заалтыг өргөнөөр хэрэглэдэг ажээ.
Эрүүгийн хуулинд зааснаар 24 цагийн дараа сэжигтнийг үргэлжлүүлэн хорихын тулд шүүхээс захирамж гаргуулахаар хүсэлт тавих ёстой. Зөвшөөрөл авсан тохиолдолд цагдаагийн байгууллага сэжигтнийг яллах буюу суллах шийдвэр гартал 72 цаг хүртэл хугацаагаар саатуулж болно. 72 цагийн дотор шүүхээс захирамж гаргахгүй бол сэжигтнийг суллах ёстой.
Баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүст тэднийг буруутгаж буй зүйл ангийнх нь талаар ерөнхийдөө хурдан шуурхай мэдэгддэг. Шүүхийн захирамжаар урьдчилан хорих хугацаа 24 сараас хэтэрч болохгүй бөгөөд хүнийг санаатай алсан зэрэг онц хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээдийг 6 сар нэмж хорьж болно. Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээдүүд гэр бүлийн гишүүдтэйгээ нэн даруй уулзах боломжтой ба энэ жил хорих байгууллагын удирдлагын шийдвэрээр төрөл төрөгсөд нь хоригдсон гэр бүлийн гишүүндээ авчрах хоол хүнсний зөвшөөрөгдсөн хэмжээг нэмэгдүүлсэн. Прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчилсан буюу цагдан хорьсон этгээдийг барьцаагаар суллаж болно.
Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд энэ хугацаандаа болон шүүн таслах ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Сэжигтэн, яллагдагч нар хувийн өмгөөлөгчийн хөлсийг төлж дийлэхгүй бол засгийн газар өмгөөлөгч томилох ёстой. Монголын өмгөөлөгчдийн холбооны мэдээлснээр 1-р сарын 1-нээс 9-р сарын 22 хүртэл засгийн газар улсын хэмжээгээр 799 хэрэг дээр өмгөөлөгч томилсон. Ийм хуулийн заалт байдаг боловч практикт баривчлагдсан, цагдан хоригдсон олон хүн засгийн газрын томилсон өмгөөлөгч авах эрхээ огт мэдээгүй бөгөөд хэрэгжүүлээгүй байв. Бага орлоготой иргэдийг өмгөөлөх улсаас цалинждаг болон үнэ төлбөргүй өмгөөлөгчид ялангуяа Улаанбаатар хотоос өөр газарт дутагддаг.
Захиргааны журмын дагуу хүнийг гэмт хэрэгт хилсээр ялласан тохиолдолд засгийн газар тухайн хүний эрх болон нэр хүндийг сэргээж, нөхөн төлбөр олгох ёстой боловч энэхүү дүрмийг практикт хэрэгжүүлэх нь ховор.
д. Нээлттэй шударга шүүх ажиллагаанаас татгалзаж байгаа нь
Шүүх эрх мэдэл хараат бус байх ёстой гэж хуулинд заасан бөгөөд практикт засгийн газар энэ заалтыг ерөнхийдөө дагаж мөрддөг боловч авилга, гадны нөлөөлөл зэрэг асуудал гардаг. Хээл хахууль нь хэргийг хэрэгсэхгүй болгох, ялын хэмжээг бууруулах зэрэгт хувь нэмрээ оруулдаг байж болох бөгөөд сүрдүүлэг, хуурамчаар таниулах зэрэг нь авилгын эх сурвалж болдог. Жилийн эхний есөн сарын турш Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба 6 шүүгчийн үйлдсэн хэргийг мөрдөн шалгасан. Эдгээр шүүгчийн нэг нь 7-р сард авилгалын хэргээр ял шийтгэгдэж, таван жилийн хорих ял авсан. Энэ шийдвэрийг дээд шатны шүүх нь 9-р сард хүчингүй болгосон боловч Улсын Дээд шүүхэд давж заалдсаны дагуу 10-р сард хянан хэлэлцээд шүүгчийг буруутай болохыг тогтоон, хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгчээ.
Шүүх эрх мэдэл нь сум дүүрэг, аймаг нийслэлийн шүүхүүд, дээд шүүх, үндсэн хуулийн цэцээс бүрддэг. 17 гишүүнтэй Улсын дээд шүүх нь хамгийн дээд шатны давж заалдах шүүх бөгөөд доод шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан өргөдөл гомдол, дээд албан тушаалтнуудтай холбогдох хэргийг хянан шийдвэрлэдэг. Сум дүүргийн шүүхүүд эрүүгийн болон иргэний ердийн хэргүүдийг таслан шийдвэрлэдэг бол хүнийг санаатай алах, хүчин, хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай зэрэг илүү хүнд гэмт хэргийг аймаг, нийслэлийн шүүх рүү явуулдаг. Аймаг, нийслэлийн шүүх нь доод шатны шүүхүүдийн хувьд давж заалдах шатны шүүхийн үүрэг гүйцэтгэдэг. Үндсэн хуулийн цэц нь эрүүгийн шүүхүүдээс тусдаа зөвхөн үндсэн хуультай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. ХЗДХЯ-ны бүтцэд багтдаг захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн орон тоонд нэр дэвшүүлдэг бөгөөд ерөнхийлөгч нэр дэвшигчийг батлах буюу татгалзах эрх мэдэлтэй. Тус зөвлөл шүүгчийн эрхийг хамгаалж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй. Цэргийн шүүхийг 1993 онд татан буулгасан бөгөөд түүнээс хойш цэргийн бүх хэргийг иргэний шүүхээр шийдвэрлэдэг болсон.
Шүүн таслах ажиллагаа
Хуулинд зааснаар бүх яллагдагч нээлттэй шударга шүүн таслах ажиллагааны хүрээнд шүүгчээр хэргээ таслуулах эрхтэй. Тангарагтны шүүх байдаггүй. Төрийн нууц, насанд хүрээгүй хохирогчтой хүчингийн хэрэг, хуульд заасан бусад хэргийг хаалттай шүүх хуралдаанаар таслан шийдвэрлэж болно. Шүүгдэгч гэрчийг байцааж, нотлох баримт танилцуулж, шийдвэрийг давж заалдах эрхтэй. Шүүгдэгчийн гэм буруутайг шүүхээр тогтоотол гэм буруугүй гэж тооцохоор хуулинд заасан.Ийм заалтууд байдаг боловч хууль тогтоомж хоорондоо уялдаа холбоогүй байдаг нь шүүн таслах ажиллагаанд саад тотгор учруулдаг. Улсаас томилж өгдөг өмгөөлөгч хүрэлцдэггүйгээс олон шүүгдэгч хууль зүйн хангалттай төлөөлөлгүй байдаг. Байцаан шийтгэх ажиллагаа нь хэрэг хүлээлгэхэд маш их тулгуурладаг ба цагдаагийн байгууллагаас хүчээр тулган хүлээлгэх тохиолдол их байдаг.
Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч
Улс төрийн хоригдол, цагдан хоригдогч бүртгэгдээгүй. Гэхдээ 8 дугаар сарын 31-нд Нинжийн Дэмбэрэлийг засгийн газрын хоёр томоохон албан тушаалтныг гүтгэсэн хэргээр ялласны дараа иргэнийг үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө баривчилж байна гэж хүний эрхийн ТББ-ууд эрх баригчдыг буруушаасан.
Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулалт
Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд авилга, гадны нөлөөлөл саад бэрхшээл учруулж байна. Цагдаагийн зүй бус харьцааны хохирогчид хуулийн дагуу бодит хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч цөөн хохирогч л нөхөн олговор нэхэмжилж чаджээ.
е. Хувийн нууц, гэр бүл, гэр орон, захидал харилцаанд дур мэдэн халдах
Хуулийн дагуу ийм үйлдлийг хориглосон бөгөөд засгийн газар практикт эдгээр хориглосон заалтыг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэхдээ ТЕГ-ын дарга ерөнхий сайдад мэдэгдэн зөвшөөрөл авсны үндсэн дээр утасны яриа чагнах, бичих ажиллагаа явуулж болно. Ийм чагнах ажиллагааны цар хүрээ мэдэгдэхгүй байгаа. Цагдаагийн байгууллага утас чагнах ажиллагаа явуулахдаа прокурорын газраас зөвшөөрөл авах ёстой бөгөөд нэг удаад хоёр долоо хоног ийм ажиллагаа явуулах эрхтэй.
9, 10 дугаар сард Улаанбаатарт байрладаг гадаадын, гол төлөв Азийн бусад орны шашны олон төлөөлөгч цагдаад саатуулагдаж, удаан хугацаагаар байцаагдсан болохоо мэдээлсэн. Визийнхээ хугацааг хэтрүүлсэн гадаадын иргэдийг хэн болохыг тодруулах зорилгоор ийнхүү саатуулсан бололтой.
2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх
a. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө
Хуулинд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг заасан бөгөөд засгийн газар практикт эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэхдээ засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевизийн тусгай зөвшөөрөл олгох асуудалд оролцож, тэднийг шууд бусаар сүрдүүлэх асуудал анхаарал татсан хэвээр байна. Мэдээллийн эрх чөлөө, төр засгийн ил тод байдлыг хязгаарласан Төрийн нууцын тухай хууль нь олон зүйлийг хамардаг тул мэдээлэл олж авах боломж хязгаарлагдмал.
Сонин хэвлэлүүд улс төрийн хоёр гол нам болон бие даасан үзэл бодлыг төлөөлдөг. ХЗДХЯ сонин, хэвлэл, телевиз, радио, сэтгүүлд тусгай зөвшөөрөл олгодог. Хэвлэл мэдээллийн тухай хуулиар олон нийтийн мэдээллийг цензурдах, хэвлэн нийтлэх, радио телевизээр нэвтрүүлэх эрх чөлөөг хязгаарлах аливаа хууль тогтоомж гаргахыг хориглосон. Гэвч энэ жилийн турш хэвлэл мэдээлэл өөрөө өөрийгөө цензурдах асуудал улам бүр өсөх хандлагатай байлаа. Засгийн газраас хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл хүчирхийлэл, садар самуун, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянадаг.
Энэ жил сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл гарсан боловч тэдэнд халдагсдыг засгийн газар яллаагүй. Глоб Интернэшнл ТББ-ын мэдээлснээр энэ жил 3 сэтгүүлчийн биед халдсан ажээ. Хэвлэлд мэдээлснээр 6 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотын нэгэн рестораны менежер тус рестораны гэрэл зургийг авч байсан сонины фото сурвалжлагчийн биед халджээ. Менежер уг сэтгүүлчийн нүүр рүү өшиглөж, зургийн аппаратыг нь эвдэлсэн байна. Сэтгүүлч энэхүү халдлагын талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээлэхийг оролдсон боловч хоёр ч удаа хэргийг бүртгэж авахаас татгалзжээ.
Цагдаагийн байгууллага болон засгийн газрын бусад ажилтнууд заримдаа сэтгүүлчдийн ажилд хүндрэл учруулдаг. 2 дугаар сарын 25-нд сонины сурвалжлагч Г. Эрдэнэтуяа арав гаруй хүний амийг авч одсон нисдэг тэрэгний осол болсон газар гэрэл зураг авах гэхэд цагдаагийн ажилтнууд хүч хэрэглэн болиулсан байна.
Засгийн газрын шууд цензур байхгүй ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газар болон улс төрийн намын дарамт хэлбэрээр шууд бус цензур оршиж байна гэж үздэг. Тухайлбал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хүн гүтгэж, доромжилсон гэж шүүхэд өгч, татварын хяналт шалгалт явуулах зэргээр дарамталдаг ажээ. Хуулинд зааснаар, хүнийг гүтгэж, доромжилсон хэрэг гарсан тохиолдолд шүүгдэгч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэгтэй. Хүнийг гүтгэж, “доромжлох" нь хоёулаа эрүүгийн хариуцлага хүлээдэг гэмт хэрэг юм.
8 дугаар сард Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга асан Нинжийн Дэмбэрэл Ерөнхийлөгч Энхбаяр, парламентийн гишүүн Ч. Улаан нарыг доромжилсон хэргээр дөрвөн сар баривчлагдах ялаар шийтгүүлсэн. Дэмбэрэл нэгэн ярилцлагадаа Улааныг “өөрийн бодолгүй” “зүгээр л нэг хүүхэлдэй" гэж буруутгажээ.
4, 5 дугаар сард прокурорууд олон уншигчтай “Зууны мэдээ” сонины сурвалжлагч Б. Цогнэмэх болон эрхлэгч Б. Ганболд нарыг эрүүгийн хэрэгт яллажээ. Энэ сурвалжлагч 2006 оны сүүл, 2007 оны эхээр Ч. Улааныг авилгад өртөж, албан тушаалаа ашигласан байж болох тухай нийтлэл бичжээ. Оны сүүлээр тус сурвалжлагч хүн доромжилсон хэргээр гурван сар хүртэл, хүн гүтгэсэн хэргээр зургаан сар хүртэл хугацаагаар баривчлагдах ял хүлээхээр болсон.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ажиглагчид олон сонин улс төрийн намуудад харъяалагддаг, эсвэл улс төрийн намтай холбоотой хувь хүмүүсийн өмч байдаг нь тухайн сонины нийтлэлд хүчтэй нөлөөлдөг гэж мэдэгдсэн. Ажиглагчид мөн сэтгүүлчдийн цалин бага байдаг тул ямар нэгэн үйл явдлыг нуух буюу зохион бичсэнийхээ төлөө мөнгө нэхэх нь олонтаа байдаг хэмээн гомдолложээ. Телевиз, радио ч ялгаагүй улс төрийн нөлөөллөөс ангид биш юм. Тендерийн явц ил тод бус, тусгай зөвшөөрөл олгодог байгууллага нь жинхэнэ хараат бус байж чадаагүй зэрэг нь телевизийн долгионы тусгай зөвшөөрөл авах өрсөлдөөнийг шударга явуулахад саад учруулж, улс төрийн холбоо сүлбээтэй нэгэнд нь ашигтай болсон. Аймгийн түвшинд орон нутгийн засаг захиргаа тусгай зөвшөөрөл олгох явцыг хянадаг нь бие даасан телевиз хөгжих явцад саад учруулж байна.
Интернетийн эрх чөлөө
Интернетэд нэвтрэхэд засгийн газрын зүгээс ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй бөгөөд засгийн газар электрон шуудан буюу интернетийн чаатыг хянасан гэх мэдээлэл байхгүй. Хувь хүмүүс болон бүлгүүд интернетээр, тухайлбал электрон шуудангаар үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болно. Засгийн газрын тооцоолсноор 280000 орчим иргэн өөрсдийн холболтоор интернет хэрэглэдэг бөгөөд бусад олон иргэн интернет кафед суудаг ажээ. Засгийн газар ба хувийн хэвшлийнхний хүчин чармайлтын үр дүнд алслагдсан орон нутагт интернет хэрэглээ хүрсэн.
Эрдмийн эрх чөлөө ба соёлын арга хэмжээ
Эрдмийн эрх чөлөө ба соёлын арга хэмжээнд засгийн газраас хязгаарлалт тавьдаггүй.
б. Тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
Хуулинд жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг заасан бөгөөд засгийн газар практикт энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
в. Шашны эрх чөлөө
Хуулинд шашны эрх чөлөөг заасан бөгөөд засгийн газар практикт энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
Бүх ТББ, эдгээрийн дотор шашны бүлгүүд ХЗДХЯ-нд бүртгүүлэх шаардлагатай байдаг. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлууд орон нутгийн түвшинд өргөдлийг хүлээн авч батлах эрхтэй байдаг бөгөөд ийнхүү орон нутгийн хурлаар батлагдангуут ХЗДХЯ бүртгэл хийж, гэрчилгээ олгох үүрэгтэй. Шашны бүх бүлгийн хувьд бүртгүүлэх, дахин бүртгүүлэх нь төвөг учруулдаг бөгөөд бүртгэлийн ажиллагаа өчнөөн жил сунжрах ч тохиолдол бий. Бүртгэлийн ажиллагааны үргэлжлэх хугацаа, баримт бичиг бүрдүүлэх шаардлага зэрэг нь зарим байгууллагуудыг өргөдөл гаргахаа болиход хүргэдэг. Зарим аймаг орон нутгийн эрх баригчид шашны мөргөлийн газрын тоог хязгаарлахдаа бүртгэлийн ажиллагааг ашигласан гэх мэдээлэл байгаа боловч ийм практик түгээмэл биш юм. Энэ жил Улаанбаатар хотод дор хаяж есөн мөргөлийн газар баригдсаны дотор Сонгинохайрхан дүүрэгт христ шашны нэг томоохон сүм баригдсан. ТББ-уудын мэдээлснээр шашны байгууллага мөргөлийн байр барих газар авахад татгалзаагүй боловч засгийн газраас мөргөлийн газар байгуулах зөвшөөрөл олгодог ажиллагаа шууд биш юм. Олонхи тохиолдолд газрыг эхлээд хувь хүн авч, мөргөлийн байр барьсны дараа байгууллагад шилжүүлдэг ажээ. Зарим мөргөлийн газар хүнд суртлын бэрхшээлээс болоод зөвшөөрөл авахаас зайлсхийж, үүний оронд бялдаржуулах төв, соёлын төв байдлаар ажилладаг. Улаанбаатарт бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан нэг ч христийн сүм хийд одоогоор мэдэгдээгүй байна. Гэхдээ Улаанбаатарын ойролцоо орших Төв аймгийн удирдлага христийн шашны сүм хийдийг бүртгэн авахаас татгалзсаар байна. Энэ жил тус аймагт христийн шашны нэг ч сүм хийд бүртгэгдээгүй. 5 дугаар сард Төв аймгийн христийн олон сүм хийд ХЭҮК-т гомдол гаргасан бөгөөд ХЭҮК энэ асуудлыг Төв аймгийн эрх баригчдад мэдэгдэж, үндсэн хуулийг зөрчиж байгаад санаа зовниж буйгаа тэмдэглэжээ. Оны эцэс хүртэл Төв аймгийн эрх баригчид олон нийтэд ил тод ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Тус улсын мусульман шашинтай казах цөөнх их төлөв тус улсын баруун хэсэгт төвлөрөн суудаг бөгөөд ерөнхийдөө шашны эрх чөлөөг эдэлдэг. Гэхдээ засгийн газар экстремист, салан тусгаарлах шинжтэй аливаа үйл ажиллагаа гарах вий гэж казахуудыг сайн хянадаг.
Хуулиар бусдыг шашинд ятган оруулахыг хориглодоггүй боловч шашныг дэлгэрүүлэхдээ урамшуулал, дарамт шахалт, “хууран мэхлэх арга” хэрэглэхийг хориглодог. Энэ жил гадаадын (христ) шашны төлөөлөгчид ядуу мусульман шашинтнуудыг сүм хийдийнхээ үйл ажиллагаанд татахдаа хууль зөрчин эд материал ашиглаж байсан хэмээн зарим мусульман шашинтнууд гомдол гаргасан.
Нийгмийн зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалт
Нийгмийн хандлага ерөнхийдөө хүлээцтэй бөгөөд яс үндэс, гарал үүсэл, хүйс, бэлгийн хандлагаар илэрхий, бүдүүлэг ялгаварлан гадуурхах явдал бага. Гэхдээ хятад иргэдэд сэжиглэнгүй ханддаг ба зарим үед доромжлонгуй ханддаг. Энэ онд семитийн эсрэг үйлдэл гарсан мэдээ байхгүй. Монгол Улсын иргэншил бүхий еврей хүн байхгүй бөгөөд тус улсад маш цөөн тооны еврей хүн оршин суудаг.
Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 2007 оны Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл-ийг үзнэ үү.
г. Зорчих эрх чөлөө, дотооддоо нутгаасаа дүрвэхэд хүрсэн хүмүүс, дүрвэгсдийн хамгаалалт, харъяалалгүй хүмүүс
Хуулинд улс дотроо болон гадаадад зорчих, гадагшаа цагаачлах, иргэний харъяаллаас гарах эрх чөлөөг заасан бөгөөд засгийн газар практикт эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
Хуулиар цөллөгийг хориглосон бөгөөд засгийн газар цөллөгийн арга хэмжээг хэрэглээгүй.
Дүрвэгсдийг хамгаалах талаар
Тус улс Дүрвэгсдийн статусын тухай 1951 оны НҮБ-ын конвенц болон 1967 оны протоколд нэгдэн ороогүй, хуулинд дүрвэгч буюу орогнол эрэгчийн статус олгох талаар заагаагүй боловч засгийн газар мөрдөлт хавчилтаас зугтан ирсэн хүмүүсийг улс орон руу нь буцаахгүйгээр хамгаалалт үзүүлдэг. Энэ онд засгийн газар дүрвэгсдэд хамгаалалт үзүүлэх систем боловсруулсан бөгөөд тэднийг дүрвэгсэд гэхээсээ илүүтэй “хүмүүнлэгийн хэрэг” гэж нэрлэж байна. Энэ онд 400 гаруй хүн Хятадаас тус улсад нэвтрэн орж ирсэн бөгөөд засгийн газар тэднийг өөр газар шилжин суурьшихыг зөвшөөрсөн байна. Хөрш зэргэлдээ улс орнуудаас цагаачид олноороо орж ирэх магадлалтай гэж засгийн газар санаа зовнисоор байгаа учраас 1951 оны НҮБ-ын конвенцид нэгдэн орохоос татгалздаг байна.
Засгийн газар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комисс болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран дүрвэгсэд болон орогнол эрэгчдэд тусламж үзүүлсэн.
Харъяалалгүй хүмүүс
Энэ онд тус улсад иргэний харъяалалгүй хоёр хүн оршин сууж байлаа. Эх орон нь байж болох хоёр улс хоёулаа тэднийг өөрсдийнхөө иргэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй.
3 дугаар хэсэг. Улс төрийн эрхийг хүндэтгэх: Засгийн газраа өөрчлөх иргэдийн эрх
Хуулинд иргэд засгийн газраа тайван замаар өөрчлөх эрхтэй гэж заасан бөгөөд иргэд тогтмол хугацаанд болдог бүх нийтийн, чөлөөт, шударга сонгуулиар дамжуулж энэхүү эрхээ эдэлдэг. Хуулиар Ерөнхийлөгч дөрөв, дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгогдож болохоор хязгаарласан бөгөөд парламент, орон нутгийн сонгуулийг мөн дөрвөн жилийн хугацаатай тус тусад нь явуулахаар заасан.
Парламентын олонхи суудлыг авсан нам Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайдыг томилно гэж хуулинд заасан. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын эрх мэдлийн хуваарилалтын талаар үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд шүүхийн маргааны сэдэв болж байлаа. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно. Ерөнхий сайд болон бусад сайд нь парламентын гишүүн байх шаардлагагүй.
Сонгууль ба улс төрийн оролцоо
Энэ онд ерөнхийлөгчийн болон парламентынн сонгууль явагдаагүй. Н.Энхбаярын ялсан 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад ажиглагчид бага сага зөрчил илрүүлсэн. 2006 оны 9 дүгээр сарын парламентын нөхөн сонгуульд ажиглагчид мөн л хэд хэдэн бага сага зөрчил илрүүлсэн боловч томоохон зөрчил ажиглагдаагүй байна. 2004 оны 6 дугаар сарын парламентын сонгуулийн кампанит ажил, санал хураалтын явцад ихээхэн зөрчил гарсан билээ. Хоёр суудал маргаантай байсан бөгөөд 2005 онд шүүхээр шийдэгдсэн.
Сонгуулийн Ерөнхий Хорооны нэг талыг барих хандлага ялангуяа жижиг улс төрийн намуудын санааг зовоож байна. Комиссын есөн гишүүнийг намын гишүүн байхыг зөвшөөрдөггүй боловч бүгд комиссын гишүүнээр томилогдохоосоо өмнө намуудад харъяалагдаж байжээ. Есөн гишүүний долоо нь нэг намын гишүүн байсан.
Оны эцэс гэхэд Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 17 нам байлаа. Энэ онд нэг ч нам татан буугдаагүй бөгөөд бүртгэлээс хасагдаагүй. Энэ онд хоёр шинэ нам бүртгэгдсэн нь Иргэний Хөдөлгөөний Нам, Хөгжлийн Хөтөлбөрийн Нам. 12 дугаар сард байгуулагдсан эвслийн засгийн газарт гурван нам оролцжээ. Тэдгээр нь хуучин коммунист нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний Зориг Нам, Үндэсний Шинэ Нам.
Эмэгтэйчүүд буюу үндэсний цөөнхийн засгийн газар, улс төрд оролцох оролцоог хязгаарласан заалт хуулинд байхгүй. Парламентын 76 гишүүний 5 нь эмэгтэй байлаа. Засгийн газрын 16 гишүүний гурав нь эмэгтэй байсан бол Улсын Дээд Шүүхийн 17 шүүгчийн 7 нь эмэгтэй байв. Эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн байгууллагууд орон нутгийн болон үндэсний улс төрд өөрсдийн дуу хоолойгоо хүргэдэг бөгөөд засгийн газрын бодлого гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажилладаг.
Парламентад гурван казах угсаатан сонгогдон ажиллаж байна. Засгийн газар буюу Улсын Дээд шүүхэд үндэсний цөөнхийн төлөөлөл байхгүй.
Засгийн газрын авилга ба ил тод байдал
Хуулинд зааснаар албан тушаалтны авилгын хэрэг эрүүгийн ял шийтгэлтэй. Гэвч засгийн газар хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэггүй бөгөөд зарим үед албан тушаалтнууд авилгын шинжтэй үйл ажиллагаа явуулсан ч ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Авилга засгийн газрын бүх түвшинд, ялангуяа цагдаа, шүүх, гаалийн албанд тасралтгүй гарсаар байгаа ноцтой асуудал гэж үздэг. Засгийн газрын ихэнх түвшинд авилга ямар нэг хэмжээгээр байгаа нь улсын ба хувийн хэвшлийн хоорондох ялгааг бүдэгрүүлэхэд хүргэсэн. Сонирхлын зөрчил асар их. Төрийн хяналтын байгууллагууд сул, хэвлэл мэдээллийн хэрэгсэл авилгалыг илрүүлж чаддаггүй зэргээс болж энэ асуудал улам бүр урхагшиж байна.
Эрүүгийн хуульд албан тушаалтнууд хээл хахууль авахыг зүйлчлэн оруулсан ба торгууль ногдуулах буюу таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар заажээ. Энэ хуулиар түүнчлэн засгийн газрын албан тушаалтнуудад хээл хахууль өгөхийг гэмт хэрэг хэмээн заасан. Гэхдээ авилгын хэрэгт ял шийтгэгдсэн тохиолдол төдийгүй авилгатай холбоотой баривчлага хүртэл маш ховор юм.
Нэгдүгээр сард Авилгатай тэмцэх газар (АТГ) шинээр байгуулагдсан бөгөөд 9 дүгээр сард авилгын хэргийг мөрдөн шалгах эрхтэй болсон. 9 дүгээр сарын сүүлээр Авилгатай тэмцэх газар тус улсын дээд тушаалын 252 албан тушаалтнууд бараг бүгдээрээ хөрөнгө, орлогоо (өөрсдийн болон эхнэр/нөхөр, эцэг эх, хүүхдүүд, хамт амьдардаг ах эгч дүүсийнхээ хөрөнгө орлогыг) мэдүүлэх шинэ шаардлагыг биелүүлсэн болохыг мэдэгджээ. АТГ мөн төрийн албан хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн албан хаагч, цэргийн албан хаагчдын хөрөнгийн мэдүүлгийг хянах үүрэгтэй бөгөөд энэ заалтыг практикт хэрэгжүүлж байгаа. АТГ өөрийн үйл ажиллагаагаа нийтэд мэдээлэх дургүй байсан боловч Улсын онцгой байдлын газар, гааль, татварын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар зэрэг олон хүн, байгууллагыг мөрдөн шалгасан ажээ. 12 дугаар сарын 18-нд АТГ-ын мөрдөн байцаагчид Улсын онцгой байдлын газрын нэгэн албан тушаалтныг авилгын хэрэгт сэжиглэн баривчилсан.
Засгийн газрын болон парламентын шийдвэр гаргах явц хангалттай ил тод бус бөгөөд хуулийн хэлэлцүүлэг олон нийтэд ил тод явагдах нь ховор. Өргөн хүрээг хамарсан Улсын нууцын тухай хууль нь мэдээллийн эрх чөлөө, засгийн газрын ил тод, хариуцлагатай байдалд саад тотгор учруулдаг. Энэ хууль нь бодлогын хэлэлцүүлэгт оролцох иргэдийн оролцоо болон төрд тавих хяналтад саад тотгор учруулдаг. Энэ онд Улсын нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах парламентын ажлын хэсэг байгуулагдсан. Олон нийтийн зүгээс тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, мэдээллийн эрх чөлөөний хуультай адилтгаж болохуйц хууль хэрэгжүүлэх санал гаргаж байв. Парламент намрын чуулганаараа мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн асуудлыг хэлэлцэх гэж байсан боловч оны эцэс гэхэд ямар ч бодитой арга хэмжээ аваагүй байв. Энэ онд иргэд шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл үзэж болох вэбсайт шинээр нээгдсэний ачаар шүүхийн ил тод байдал сайжирсан.
4 дүгээр хэсэг. Хүний эрх зөрчсөн байж болзошгүй хэргийг шалгасан олон улсын болон төрийн байгууллагуудын шалгалтын талаар баримталж байсан засгийн газрын хандлага
Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон бүлэг хүний эрхийн хэргийн талаар олж авсан мэдээллээ шалгаж, хэвлэн нийтлэх зэргээр ажиллахад засгийн газрын зүгээс ерөнхийдөө хязгаарлалт тавиагүй. Засгийн газрын албан тушаалтнууд тэдгээр бүлэгтэй ерөнхийдөө хамтран ажиллаж, уриалган хандаж байсан.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтай аймаг бүрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нэг төлөөлөгч бусад үүргийнхээ хажуугаар хүний эрхийн нөхцөл байдлыг хянаж байсан.
Хүний эрхийн үндэсний комисс Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, парламентаас зургаан жилийн хугацаатай томилсон гурван дээд тушаалын төрийн албан хаагчаас бүрдэнэ. ХЭҮК нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогын өөрчлөлт санаачилж хянах, хүний эрхийн ТББ-уудтай ажлаа уялдуулах зэрэг үүрэгтэй. ХЭҮК парламентад шууд тайлагнадаг. ХЭҮК жилийн эцсийн тайлангууддаа засгийн газар баривчлах, цагдан хорих эрх мэдлээ урвуулан ашигладаг, урьдчилан хорих төв болон хорих ангиудын байрны нөхцөл муу, шүүхийн шатнаас өмнө удаан хугацаагаар цагдан хорьдог, хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй гэх зэргээр удаа дараа шүүмжилж байсан.
Засгийн газар дунд шатны төрийн албан хаагчдад хүний эрхийн боловсролыг семинар, хурал, лекцээр дамжуулан олгохыг зөвшөөрсөн.
5 дугаар хэсэг. Ялгаварлан гадуурхах, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа
Хуулинд “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдлаар ялгаварлан гадуурхахгүй", “улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй" тус тус заажээ. Засгийн газар ерөнхийдөө эдгээр заалтыг практикт хэрэгжүүлдэг.
Эмэгтэйчүүд
Хүчин, гэр бүлийн хүчирхийлэл нь хууль бус бөгөөд албан ёсоор гомдол гаргасны дараа гэмт хэрэг үйлдэгчдийг яллах боломжтой байдаг. Гэвч эхнэр/нөхрөө хүчиндэхийг тухайлан хориглосон хуулийн заалт байхгүй бөгөөд хүчингийн хэрэг шийдвэрлэвэл зохих асуудал хэвээр байна. Жилийн эхний долоон сарын хугацаанд эрх бүхий байгууллагад 244 хүчингийн хэрэг мэдээлэгдсэн бол, 2006 оны турш 314 хүчингийн хэрэг бүртгэгдсэн байлаа. Гэвч хүчингийн олон хэрэг мэдээлэгдээгүй өнгөрсөн. ТББ-ууд цагдаагийн байгууллагын байцаан шийтгэх ажиллагаа нь сэтгэл санааны гүн цочролд орсон хохирогчдод дарамттай байдаг бөгөөд гэмт хэргийг мэдээлэхгүй байхад хүргэх хандлагатай байна гэж мэдэгдсэн. Нийгмийн шившиг болохоос айдаг тул мэдээлэгдсэн хэргийн тоо бага байдаг.
ТББ-уудын мэдэгдсэнээр цагдаагийн байгууллага их төлөв яллахад нотлох баримт хангалтгүй байна гэдэг үндэслэлээр хүчингийн хэргийн дийлэнх хувийг хэрэгсэхгүй болгож, багахан хувийг яллах дүгнэлт гаргуулахаар прокурорт шилжүүлдэг ажээ. Хүчингийн дараах эмнэлгийн үзлэг хийх боломжтой бөгөөд үр дүнг нь заримдаа нотлох баримтаар ашигладаг боловч ийм үзлэгийг алслагдсан нутагт хийх боломжгүй. ТББ-уудын мэдэгдсэнээр зарим цагдаагийн алба хаагч сөрөг хандлага баримталдаг тул зарим хэрэг прокурорт очдоггүй ажээ. Эрүүгийн хуульд биеийн хүчирхийлэл үйлдэх замаар (буюу хүчирхийлэл үйлдэнэ гэж айлган сүрдүүлэх замаар) бэлгийн харьцаанд орохыг хориглож, тав хүртэл жилийн хорих ял онооно гэж заажээ. Хохирогч гэмтэх буюу тамлагдсан байх тохиолдолд эсвэл хохирогч насанд хүрээгүй байвал ял шийтгэлийн хэмжээ 5-10 жилийн хорих ял хүртэл байж болно. Ийм хэргийг дахин давтан үйлдэх буюу хохирогчийн амь насыг хохироох, 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндэх зэрэгт 15-25 жил хорих буюу цаазаар авах ял оноож болно.
Эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа хөдөөгийн бага орлоготой гэр бүлүүдэд ноцтой асуудал болсон. ТББ-уудын мэдээлснээр нийт хүчирхийллийн хэргийн гуравны хоёрын хувьд архи согтууруулах ундаа нэг хүчин зүйл болжээ. Хуулинд цагдаагийн байгууллага нь гомдол хүлээн авч, бүртгэх, гэмт хэргийн газар үзлэг хийх, гэмт хэрэг үйлдэгчийг болон гэрчийг байцаах, захиргааны шийтгэл ногдуулах, хохирогчдыг хоргодох байр руу аваачих үүрэгтэй гэж заасан. Энд гэмт хэрэг үйлдэгчдэд дараах арга хэмжээ авахаар заасан. Үүнд: гэрээс нь хөөх, дундын өмчийн хөрөнгийг ашиглахыг хориглох, хохирогчтой уулзахыг хориглох, насанд хүрээгүй хүүхдүүдүүдтэй уулзахыг хориглох, зан төлөвийг нь өөрчлөхөд чиглэсэн сургалтад албадан хамруулах зэрэг болно. Гэвч цагдаагийн байгууллагад санхүүжилт дутмагаас гадна эмэгтэйчүүдийн ТББ-уудын үзэж байгаагаар гэр бүлийн дотоод асуудал гэж үзсээр ирсэн асуудалд цагдаагийн байгууллага хөндлөнгөөс оролцох хүсэлгүй байдаг тул цагдаагийн зүгээс энэ түвшний үйлчилгээ үзүүлэх нь ховор юм.
Гэр бүлийн хүчирхийллийн цар хүрээний талаар найдвартай статистик мэдээ байхгүй боловч энэ асуудалд анхаардаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) энэ онд 11 хүн ийм хэргээр ял шийтгэгдсэн хэмээн мэдээлсэн. ХЭҮТ энэ онд түр орогнох байр хүссэн 368 хүсэлт хүлээн авсан бөгөөд 436 хохирогчид сэтгэлзүйн зөвлөгөө өгсөн гэж мэдэгдсэн. ХЭҮТ хохирогчдод зориулж таван орогнох байр ажиллуулдаг бөгөөд улс даяар 15 салбартай.
Гэр бүлийн хүчирхийлэл, үүний дотор эхнэр/нөхөр, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг явах нь ихэссэн. Гэхдээ хохирогчид “гэр бүлийнхээ муу муухай болгоныг олон нийтэд мэдэгдэхээс” зайлсхийхийн тулд энэ талаар ярихгүй байх уламжлалтай. Гэртээ хүчирхийллийн хэрэг үйлдсэн хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байсан.
Гэр бүлийн тухай хуулийн дагуу салсан эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэлэг авах эрхтэй бөгөөд хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой эрх үүрэг, эцэг эхчүүдийн эрхийн талаар энэ хуулинд тодорхой заасан. Эхнэр, нөхөр салахдаа гэрлэсэн хугацаандаа олж авсан өмч хөрөнгөө тэнцүү хувааж авдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтнүүдийн мэдэгдэж байгаагаар аж ахуйн нэгжүүд их төлөв нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг тул салах үед аж ахуйн нэгжүүдийн өмчлөл автоматаар нөхөрт нь очих явдал их болж байгаа ажээ.
Биеэ үнэлэх нь хууль бус бөгөөд олон нийтийн газар биеэ үнэлэх, түүнийг зохион байгуулах нь мөн хууль бус. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтнүүдийн мэдэгдэж байгаагаар зөвхөн Улаанбаатар хотод гэхэд саун, массаж, зочид буудал нэрээр олон зуун янхны газар ажиллаж байгаа юм. Цагдаагийнхан ийм газрыг хааяа гэнэт шалгадаг. Зарим эмэгтэйчүүд гадаадад биеэ үнэлж байгаа талаар мэдээлэл байдаг бөгөөд тодорхой бус тооны эмэгтэйчүүдийг хил давуулан наймаалсан байна.
Бэлгийн дарамтын эсрэг хууль байхгүй. ТББ-уудын мэдэгдсэнээр зүй бус зан авир гэж юу болох талаар ойлголт байхгүй учраас энэхүү асуудлын бодит цар хүрээг хэмжихэд хэцүү байгаа ажээ. 2004 онд ХЭҮК-ийн явуулсан судалгаанаас үзэхэд хөдөлмөр эрхэлдэг 35-аас доош насны хоёр эмэгтэй хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэж тодорхойлжээ.
Хуулинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүх салбарт тэгш эрхтэй гэж заасан. Хуулинд эмэгтэйчүүд ижил тэнцүү хөдөлмөрт ижил тэнцүү цалин хөлс авах, боловсрол эзэмших ижил тэнцүү боломжоор хангагдана гэж заасан. Ихэнх тохиолдолд эдгээр эрх практикт хэрэгждэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтнүүдийн мэдэгдсэнээр дор хаяж хоёр салбарт, тухайлбал мэдээллийн технологи, уул уурхайн салбарт эмэгтэйчүүд ижил тэнцүү хөдөлмөрт эрэгтэйчүүдээс бага цалин авдаг ажээ.
Эмэгтэйчүүд ажиллах хүчний тал орчим хувийг эзэлдэг бөгөөд нэлээд хэсэг нь гэр бүлийнхээ цалин хөлс олдог гол хүн байдаг. Хуулинд эмэгтэйчүүдийг хүнд хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болох химийн бодистой харьцдаг зарим мэргэжлээр ажиллахыг хориглосон бөгөөд засгийн газар эдгээр хуулийн заалтыг үр дүнтэй хэрэгжүүлдэг. Олон эмэгтэй засгийн газар, бизнест дунд шатны албан тушаал дээр ажилладаг бөгөөд худалдаа, үйлдвэрийн шинэ шинэ бизнесийг үүсгэн бий болгоход буюу удирдахад оролцдог.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах засгийн газрын тусгай агентлаг байхгүй боловч яамд, ТББ-уудын хооронд бодлого, эмэгтэйчүүдийн эрх ашгийг зохицуулах үндэсний зөвлөл байдаг ба Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд Эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан хэлтэс байдаг. Эмэгтэйчүүдийн эрхийн 40 орчим бүлэг байдаг ба тэдгээр нь эх, үрсийн эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, тэгш боломж зэрэг асуудлаар ажилладаг.
Хүүхдүүд
Хүн амын хурдан өсөн нэмэгдэж буй энэхүү хэсгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээг Засгийн газар хангаж чадахгүй байгаа хэдий ч зарчмын хувьд хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хангахын төлөө ажиллах эрмэлзэлтэй байгаа юм. Засгийн газар хүүхдүүдэд 16 нас хүртэл нь үнэ төлбөргүй, заавал эзэмших бүрэн бус дунд боловсрол өгдөг боловч гэр бүлийн эдийн засгийн хэрэгцээ, улсын төсвийн бэрхшээлээс шалтгаалан зарим хүүхэд сургуульд суралцахад хэцүү байдаг. Практикт 15-аас дээш насны эмэгтэй хүүхдүүд сургуулиа дүүргэх боломжоор эрэгтэй хүүхдүүдээс илүү байдаг. Учир нь өсвөр насны хөвгүүд гэртээ ажиллах шаардлагатай болдог бөгөөд сургууль нь их төлөв гэрээс нь хол оршдог. Үүний зэрэгцээ боловсролын бүх түвшинд багш, сургалтын материал маш их гачигдаж хомсодсоор байна.
Хүүхдүүд ерөнхийдөө эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авах боломжтой. Гэхдээ алслагдсан нутгуудад клиник, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжгүй байдаг. Аймаг бүрт улсын дор хаяж нэг эмнэлэг байдаг бөгөөд эмнэлэг бүрт хүүхдийн тасаг бий. Хуулинд зааснаар 18-аас доош насны иргэд улсын клиник, эмнэлгүүдэд үнэгүй үйлчилгээ авах эрхтэй. Гэхдээ энэ онд ажиллаж буй эмч нарын тоо буурснаас шалтгаалж хүүхдүүдэд хүрэх эмнэлгийн үйлчилгээний хүртээмж буурсан.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал хоёр гол хэлбэртэй байдаг нь хүчирхийлэл ба бэлгийн хүчирхийлэл. Засгийн газрын харъяа Хүүхдийн төлөө үндэсний төвийн (ХТҮТ) мэдээлснээр дээрх хоёр асуудал ихэнх тохиолдолд гэр бүлийн хүрээнд гарах хандлагатай ажээ. Энэ онд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр таван хүн ял шийтгэгдсэн бөгөөд оны эцэс гэхэд гурван хүн мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байлаа. Нэг хэргийн тухайд есөн настай охиныхоо эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нэг эцэгт цаазаар авах ял оноосон болохыг ХТҮТ мэдээлсэн.
18-аас доош насны хүүхдийн биеэ үнэлэх явдал шийдвэрлэвэл зохих нэг асуудал юм. Хүйсийн тэгш байдлын төв ТББ-ын мэдээлснээр Улаанбаатар хотод энэ оны сүүлийн дөрвөн сарын хугацаанд 15-17 насны дор хаяж гурван охиныг хулгайлж, хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ. Цагдаагийн гэнэтийн нэгжлэгээр зарим хохирогчдыг чөлөөлсөн боловч ТББ-ууд зарим цагдаагийн алба хаагчид биеэ үнэлэгчдийг нийлүүлдэг болон янхны газар ажиллуулдаг хүмүүстэй хамтран ажиллаж байна гэж мэдэгдсэн.
Хүүхдийг гэр бүлийн хүрээнд хүмүүжүүлэх олон жилийн уламжлал нийгэмд байдаг боловч нийгмийн болон гэр бүлийн өөрчлөлтүүдийн улмаас олон хүүхэд өнчрөн хоцорсон. Хүүхдээ хаях явдал гарч байна. Түүнчлэн голдуу архидан согтуурах явдлаас үүдэлтэй зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд гэр орноосоо дайжих явдал гарч байна. Глоб Интернэшнл ТББ-ын мэдээлснээр зөвхөн Улаанбаатар хотод 55 асрамжийн газар байдгийн ихэнх нь жижиг газар байдаг. 1800 орчим хүүхэд эцэг эхгүй амьдарч байгаа тооцоо гарсан. Шинжээчдийн тооцоолсноор 2005 онд 1300 орчим орон гэргүй хүүхэд байснаас 70 орчим нь гудамжинд амьдардаг агаад үлдсэн хэсэг нь гол төлөв гадаадын санхүүжилттэй ТББ-уудын ажиллуулдаг асрамжийн газарт амьдарч байгаа ажээ. Гудамжны хүүхдүүд зарим тохиолдолд бэлгийн хүчирхийлэлд өртдөг ажээ.
Засгийн газар өнгөрсөнтэй харьцуулахад асуудлын цар хүрээг хүлээн зөвшөөрөх хандлага нь дээрдсэн боловч хохирогч болсон хүүхдүүдийн халамжийг сайжруулах хөрөнгө байхгүй байна. Хүүхдийн төлөө үндэсний хороо энэ асуудал болон хүүхдийн халамжтай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байна. Засгийн газрын санхүүжилттэй боловч хувийн өмчийн, хувийн менежменттэй хоёр асрамжийн газар байсан. Нэг нь гурав хүртэл насны хүүхдэд зориулсан, нөгөө нь 3-16 насны хүүхдэд зориулсан асрамжийн газар байлаа. Гадаадын буяны байгууллагууд 40 гаруй асрамжийн газар ажиллуулдаг.
Хүний наймаа
Хуулиар “хүн худалдах, худалдан авах”-ыг тухайлан хориглож, гурав хүртэл жилийн хугацаагаар, хүндрүүлэх нөхцөлтэй үед 15 хүртэл жилийн хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан боловч, хүний наймааны хохирогчдыг бүртгэх, тээвэрлэх, нуух зэрэг асуудлыг хамраагүй бөгөөд тус улс дотоодын болон хил дамнасан хүний наймааны нэгэн эх сурвалж болсон хэвээр байна. Зарим тохиолдолд зөвхөн бэлгийн төдийгүй хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүний наймаа хийгддэг.
2006 оны судалгааны дүнгээс харахад хүний наймаанд хамгийн их өртөж болзошгүй хүмүүс 19-35 настай байсан бөгөөд эдний дотор бага орлоготой, ажилгүй эмэгтэйчүүд хамгийн их эрсдэлтэй байлаа. Ихэнх хохирогч Монгол Улсын иргэд визгүй зорчдог Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бэлгийн мөлжлөгт өртсөн байдаг. Гэхдээ Өмнөд Солонгос, Япон, Малайз, Турк, Швейцари зэрэг улсад аваачсан гэх тохиолдол батлагдсан буюу мэдээлэгдсэн. Орон нутгийн ТББ-уудын мэдээлснээр дотоодын хүний наймаа өсөх хандлагатай байна. Тухайлбал 15-17 насны охидуудыг хулгайлж, зочид буудалд аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж байсан дор хаяж гурван хэрэг илэрсэн. Хүйсийн тэгш байдлын төв (ХТБТ) хэмээх ТББ хүний наймаатай холбоотой мэдээлэл авах утас ажиллуулж байгаа бөгөөд энэ онд нийт 118 дуудлага хүлээн авчээ. ХТБТ болон бусад ТББ-ууд гадаадад өрөнд барьцаалагдсан монголчуудад тусалж байв. Гадаадын иргэдтэй, ялангуяа солонгос эрэгтэйчүүдтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүд албадлагын дор хүнд хүчир ажил хийж байсан мэдээлэл байна.
Мөн Казахстан руу зарим эрэгтэйчүүдийг хөдөлмөрийн хүч болгон наймаалсан хэрэг гарчээ.
Эрүүгийн хуулинд зааснаар “хүн худалдах, худалдан авсан” хэрэг үйлдсэн этгээдийг гурван жилийн хорих ялаар шийтгэх буюу торгууль, албадан хөдөлмөр зэрэг ял оноодог. Хэрэв насанд хүрээгүй хүний эсрэг ийм гэмт хэрэг үйлдэх буюу албадан бие үнэлүүлэх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үйлдэх буюу энэ гэмт хэргийн улмаас “хүнд гэмтэл” учирсан тохиолдолд 10-15 жилийн хугацаагаар хорих ял ногдуулна. Энэ онд нэг ч хүн хүний наймааны хэрэгт ял шийтгэгдээгүй. Цагдаагийн байгууллага 16 холбогдогч, 31 хохирогч бүхий хүний наймааны 9 хавтаст хэрэг нээсэн бөгөөд 7 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Прокурор тэдгээр хэргийг дүүргийн шүүхээр таслан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Гурван хэрэг албадан бусдын биеийг үнэлүүлсэн гэх зүйл заалтаар ял шийтгэгджээ.
Засгийн газар хүний наймааны асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн наймаалагчдыг яллах, хохирогчдод туслах арга хэмжээ авч байна. Энэ онд Олон улсын цагаачлалын байгууллага (ОУЦБ) болон бусад ТББ хилийн шалган нэвтрүүлэх ажилтнууд, цагдаагийн мөрдөн байцаагчид, прокурорууд, төмөр замын цагдаа, ТЕГ-ын ажилтнууд, Гадаад хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажилтнууд болон бусад төрийн албан хаагчдад зориулан хүний наймаатай холбоотой сургалт явуулсан. Үүний зэрэгцээ гадаадын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд орон нутгийн цагдаа нарт хүний наймааны хэргийг мөрдөн байцаах, хэрэг бүрдүүлэх арга техникийн сургалт явуулсан. Засгийн газар мөн монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг гэж яригддаг Макаод судалгааны баг илгээж, консулын газар нээх талаар хэлэлцээр хийжээ.
ТББ-ын төлөөлөгчид хохирогч, гэрчийн хамгаалалт маш хязгаарлагдмал болохыг мэдээлсэн. Цаашилбал нийгмийн ичгүүр шившиг болохоос айх айдас нь хохирогчдыг өөрсдийнхөө тухай ярихад саад болж байна. Засгийн газар хязгаарлагдмал нөөцтэй боловч нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих олон асуудалтай тул хүн наймаалах хэргийн хохирогчдод ямар ч шууд тусламж үзүүлээгүй. ТББ-ууд боломжтой үедээ дэмжлэг үзүүлдэг ба засгийн газар олон нийтийн мэдээлэл сурталчилгаа, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ТББ-уудад найддаг. Энэ онд эрх баригчид эмэгтэйчүүд, хүүхдийн наймаа, бэлгийн мөлжлөгийн эсрэг үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд Монголын дипломат төлөөлөгчийн газрууд энэхүү асуудалтай тэмцэж, хохирогчдод туслах талаар хүчин чармайлтаа сайжруулах тухай заасан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Хөдөлмөрийн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил, сургуульд авахдаа ялгаварлан гадуурхахыг хориглосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулинд аймаг, нийслэлийн засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй хэмээн заасан. Гэхдээ ТББ-ууд засгийн газар эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх талаар бага зүйл хийсэн бөгөөд практикт хөгжлийн бэрхшээлтэй ихэнх иргэдийн хувьд ажил, сургуульд орох, нийгмийн амьдралд оролцоход маш их бэрхшээл тулгардаг гэж мэдэгдсэн.
8 дугаар сарын 3-нд парламент хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг нэмэгдүүлэх буюу дээшлүүлэхээр найман хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан. Ийм нэг нэмэлт өөрчлөлтийн дагуу 25-аас дээш хүн ажиллуулдаг компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрныхаа 4 хувийг зориулах үүрэгтэй. Урьд нь тус хуулинд зааснаар 50-иас дээш хүн ажиллуулдаг компаниуд ийм үүрэгтэй байлаа. Өөр нэг нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй ажилчид бүхий компаниуд ажлын байраа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох үүрэгтэй бөгөөд эс тэгвээс торгууль төлөх ёстой болно. Өөр нэг өөрчлөлтөөр 20 буюу түүнээс олон автобустай нийтийн тээврийн компаниуд тээврийн хэрэгслийнхээ талаас илүүг нь дугуйтай тэрэг орох боломжтой байлгах ёстой. Бусад нэмэлт өөрчлөлтийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоног төхөөрөмж, тухайлбал дугуйтай тэргийг татвар, тарифаас чөлөөлсөн.
Үндэсний статистикийн газрын мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж 26 хувь нь л ажилладаг. Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Иймээс зарим аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд тусгайлан авдаг. Үйлдвэрийн осолд өртөж гэмтсэн иргэд ажилд эргэн ороход бэлэн болсон үед дахин ажил эрхлэх эрхтэй бөгөөд засгийн газар техник мэргэжлийн төв сургууль дээр үнэ төлбөргүй сургалтанд хамруулдаг.
Барилга байгууламжууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орох гарах боломжоор хангах ёстой гэж хуулинд заагаагүй тул эдгээр хүмүүс олон нийтийн амьдралд бүрэн оролцоход бэрхшээл тулгарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орох гарах боломжоор хангасан төрийн өмчийн барилга байхгүй. ХЭҮК-ийн мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 60 хувь нь орох гарах боломж байхгүй, тээврийн хэрэгсэл хангалтгүй зэрэг саад бэрхшээлээс болж соёлын байгууллагаар хэзээ ч үйлчлүүлээгүй байдаг. Нийтийн тээврийн хэрэгсэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох боломжгүй. Учир нь тээврийн ямар ч компани хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгай зай гаргадаггүй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад зориулсан хэд хэдэн тусгай сургууль байдаг боловч эдгээр сурагчид ердийн сургуульд суралцах нь чөлөөтэй. Практикт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны (МХБИБҮХ)тооцоолсноор тус улсын хөгжлийн бэрхшээлтэй 35000 хүүхдийн 61 хувь нь дунд боловсрол эзэмшээгүй ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургуулиуд дөнгөж 2200 хүүхдийн багтаамжтай юм.
Хуулинд зааснаар засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрийн чадвараа алдсан шинж, түүний хүнд хөнгөний дагуу тэтгэмж олгох үүрэгтэй. Засгийн газар ийм тэтгэмж олгодог хэдий ч санхүүгийн тусламжийн хэмжээ тун өчүүхэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийг хамраагүй ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шахалт нөлөөлөл үзүүлсний эцэст засгийн газар 8 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэмжээ нэмэгдүүлэхээр болсон. МХБИБҮХ-ны мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй 20000 орчим иргэд засгийн газраас тэтгэмж авч чадаагүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрийн үйл явцад бүрэн оролцож чаддаггүй. Санал хураах байруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зай талбай гаргаагүй бөгөөд парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдоогүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд радио телевиз ашиглах боломжгүй байдаг тул төрийн мэдээлэл авах боломж муутай байдаг.
Төрийн хүчин чармайлтын зэрэгцээ 44 ТББ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах үйл ажиллагаа явуулдаг.
Үндэсний/арьс өнгөний/угсаатны цөөнх
Үндсэрхэг үзэлтэй болон гадаадын иргэдэд дургүй хэд хэдэн бүлэг хятадын иргэдийг алахаар айлган сүрдүүлж, тэдний бизнес рүү халдан довтолж, галдсан бөгөөд хятад эртэй харьцаатай монгол эмэгтэйн үсийг хусчээ. Энэ онд хятад иргэдийн эсрэг арав гаруй хүчирхийлэл үйлдэгдсэн мэдээлэл байна. Засгийн газар хятад иргэдийн эрхийг хамгаалах арга хэмжээ авсан боловч засгийн газрын албан тушаалтнууд цаагуураа хятад иргэдийг сэжиглэж ханддаг ажээ.
Үндсэн хуулинд “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бүх хүн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэж заасан. Гэвч тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын зарим бизнесмен засгийн газрын татварын байгууллага, тусгай зөвшөөрөл олгодог байгууллагууд тэднийг дотоодын өрсөлдөгч нараас нь илүү их шалгаж хянадаг гэж гомдол мэдүүлдэг. Гадаадын зарим бизнес эрхлэгчидтэй тусгайлан уулзахад төрийн авилгач албан тушаалтнууд, үүний дотор цагдаагийн алба хаагчид тэднийг илүү их шалгаж нэгждэг хэмээн гомдоллож байлаа.
Нийгмийн бусад зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалт
Ижил хүйстэнтэйгээ явалдах талаар хуулинд тусгайлан заагаагүй. Гэхдээ Эмнести Интернэшнл, Олон улсын ижил хүйстнүүдийн холбоо эрүүгийн хуулинд “бэлгийн хүслээ ёс бусаар хангах” гэдэг заалт байдаг нь ижил хүйстнүүдийн эсрэг ашиглагдах боломжтой хэмээн шүүмжилдэг. Ижил хүйстнүүд цагдаагийн дарамтын талаар мэдээлсэн байдаг боловч нийгмийн ялгаварлан гадуурхалтын түвшний талаар санал хуваагдмал байдаг.
ХДХВ/ДОХ-той хүмүүсийг албан ёсоор ялгаварлан гадуурхдаггүй боловч зарим нийгмийн ялгаварлан гадуурхалт байсаар байна.
6 дугаар хэсэг. Ажилчны эрх
a. Эвлэлдэн нэгдэх эрх
Хуулинд бүх ажилчдыг өөрсдийн сонголтоор эвлэл холбоо, мэргэжлийн байгууллага байгуулах буюу элсэх эрхтэй гэж заасан бөгөөд засгийн газар практикт энэхүү эрхийг хүндэтгэдэг. Гэхдээ хуулийн зарим заалт гадаад ажилчид, төрийн албан хаагчид, хөдөлмөрийн гэрээгүй ажилчид зэрэг бүлгийн хүмүүсийн эдгээр эрхийг хязгаарласан. Тус улсын хамгийн том ажилчны байгууллага болох Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны мэдээлснээр 9 дүгээр сард зарим гадаадтай хамтарсан оёдлын үйлдвэрүүд дээр ажилчдаа үйлдвэрчний эвлэл байгуулахыг хууль бусаар хорьсон ажээ.
Үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтнуудын тооцоолсноор үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн тоо 220000 хүртэл буурсан ба нийт ажилчдын тоо 860000 байгаа юм. Эдгээр ажилчдын 400000 орчим нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу жижиг аж ахуйн нэгжид ажилладаг ажилчид үйлдвэрчний эвлэлд нэгддэггүй. Ямар ч хязгаарлалтаар үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтан байх эрхтэй хүмүүсийг хязгаарлахгүй бөгөөд нууц санал хураалтаар сонгогдоно.
б. Хамтын гэрээ хэлэлцэн тохирох, зохион байгуулах эрх
Хуулинд ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, засгийн газрын хоорондын харилцааг зохицуулдаг. Засгийн газар хөдөлмөрийн гэрээ ажиллах цаг, ажлын нөхцлийн талаар хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах төдийгөөр үүрэг нь хязгаарлагддаг. Цалин хөлс, хөдөлмөрийн бусад нөхцлийг улсын буюу хувийн ажил олгогч, ажилтнууд хоорондоо тогтож тохирдог бөгөөд зарим тохиолдолд үйлдвэрчний эвлэл оролцдог. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс хувь хүн оролцсон маргааныг шийдвэрлэдэг ба бүлэг хүн оролцсон маргааныг эвээр шийдвэрлэхийн тулд зуучлагч, арбитрын шүүхэд ханддаг.
Хуулинд ажил хаях эрхийг заасан бөгөөд ажилчид энэхүү эрхээ практикт хэрэгжүүлдэг. Хэрэв ажил олгогч ажилчдын олонхийн гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол ажилчид үйлдвэрчний эвлэлийн оролцоотой, оролцоогүй ажил хаях эрхээ хэрэгжүүлж болно. Хуулинд ялгаварлан гадуурхагдахгүйгээр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцох ажилчны эрхийг хамгаалжээ. Гэхдээ засгийн газар гуравдагч этгээд хамтын хэлэлцээнд оролцохыг зөвшөөрдөггүй бөгөөд гуравдагч этгээд ажил хаялт зохион байгуулахыг хориглодог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчдийн хороо үүнийг “үйлдвэрчний эвлэлийн чөлөөт ажиллагааг ноцтой хязгаарласан” заалт гэж тодорхойлоод засгийн газраас үүнийг өөрчлөхийг хүссэн.
Засгийн газраас үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой цагдаа, нийтийн аж ахуй, тээврийн салбар зэрэг салбарт ажилладаг ажилчид ажил хаях эрхгүй гэж заасан.
Экспортыг боловсруулах бүс байхгүй.
в. Албадлагын буюу албан журмын хөдөлмөрийг хориглох
Хуулинд албадлагын буюу албан журмын хөдөлмөр, үүний дотор хүүхдийн албадлагын буюу албан журмын хөдөлмөрийг хориглосон боловч ийм явдал гарсан нь бүртгэгдсэн.
ХЭҮК-ийн мэдэгдсэнээр цэргийн албан тушаалтнууд захирагдагсдаараа түлээ хагалуулах, траншейны нүх ухуулах, танил тал, хамаатан садныхаа өмчилдөг барилга дээр ажиллуулах зэргээр албадан хөдөлмөрлүүлдэг ажээ.
Тодорхой бус тооны хойд солонгос ажилчид тус улсад гол төлөв барилга, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам эдгээр ажилчдын ажиллах, амьдрах нөхцлийг хянадаггүй бөгөөд Хойд Солонгосын зарим ажилчин ажлын байраа чөлөөтэй орхих, ажлын нөхцөл нь хүлцэшгүй гэж гомдоллох эрхгүй байсан гэсэн мэдээлэл бий. Засгийн газраасаа илгээсэн “сануулагч нар”-ын хяналт дор байдаг эдгээр ажилчид цалин хөлсөө шууд бүрэн авдаггүй. Үүний зэрэгцээ Хойд Солонгос дахь ар гэрийнхэнд нь дарамт шахалт бий гэж үзвэл эдгээр ажилчид сайн дураараа хөдөлмөрлөөгүй гэх нэмэлт асуудал бий болгож байна.
г. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох тухай ба ажил эрхлэх насны доод хязгаар
Хуулинд 16-аас доош насны хүүхдийг ажил эрхлэхийг хориглосон боловч 14-15 насны хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрснөөр долоо хоногт 30 хүртэл цагаар ажиллаж болно. 18-аас доош насны хүүхдүүд шөнө ажиллах, хүнд хөдөлмөр эрхлэх, уул уурхай, барилга зэрэг аюултай ажлын байранд ажиллаж болохгүй. Бүсийн ба орон нутгийн засаг даргын тамгын газарт томилсон хөдөлмөрийн байцаагч нар эдгээр хорио болон хөдөлмөрийн бусад бүх дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдгээр байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийг тэр даруй дагаж мөрдөхийг шаардах эрх мэдэлтэй боловч хөдөлмөрийн байцаагчдын тоо цөөн, бие даасан аж ахуйн нэгжийн тоо өсөн нэмэгдэж байгаагаас шалтгаалж хэрэгжилт хязгаарлагдмал байдаг.
Хүүхдүүд жижиг эд зүйл худалдах, хог ухах, жижиг уурхайд ажиллах, мал хариулах зэргээр албан бус хөдөлмөр эрхэлдэг. Архидан согтуурах явдал ихэсч, эцэг эх нь үр хүүхдээ хаядгаас шалтгаалж олон хүүхэд өөрсдийгөө тэжээж тэтгэх орлого олох шаардлагатай болдог. Батлагдаагүй тооцооноос үзэхэд нийт 58000 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ эдийн засгийн дарамтын улмаас олон хүүхэд ялангуяа хөдөөний өсвөр насны хөвгүүд 18 хүрэхээсээ өмнө сургуулиа хаядаг. Хөдөлмөр эрхэлж буй ихэнх хүүхдүүд гэрийнхээ малыг хариулдаг боловч үйлдвэр, нүүрсний уурхайд ажилладаг хүүхдүүд байгаа тухай мэдээ бий.
Олон улсын байгууллагууд хурдан морины уралдаанд хүүхдүүдээр морь унуулдгийг шүүмжилсээр байгаа юм. ХЭҮК-ийн мэдээлснээр жил бүр хурдан морины уралдаанд 30000 гаруй хүүхэд морь унаж уралдуулдаг ажээ. Монгол хүүхдүүд 4-5 настайдаа морь унаж сурах нь түгээмэл бөгөөд бага насны хүүхдүүд Үндэсний баяр наадмын үеэр хурдан морь унаж, 2-оос 20 хүртэл миль зайнд уралддаг уламжлалтай ажээ.
Баяр наадмын зэрэгцээ арилжааны зорилготой хурдан морины уралдаанд хүүхдүүдээр морь унуулах явдал нэмэгдэж байгаа талаар хүний эрхийн байгууллагууд анхааруулж байна. Ийм уралдаанууд өвөл Фаренгейтын хасах 13-аас бага температурт явагдах нь олонтаа. НҮБ 16-аас доош насны хүүхдүүдээр хурдан морь унуулахыг хориглохыг засгийн газарт уриалсан боловч оны эцэс гэхэд засгийн газраас энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байлаа.
д. Хөдөлмөрийн нөхцөл
10 дугаар сард сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 58 доллараас (69000 төгрөг) 76 орчим доллар (90000 төгрөг) хүртэл нэмэгдүүлсэн. Цалин хөлсний доод хэмжээ нь улсын болон хувийн хэвшлийн ажилчдад нэгэн адил хэрэгжих бөгөөд хөдөлмөрийн яам хэрэгжүүлнэ. Энэ нь ажилчин болон түүний гэр бүл боломжийн түвшинд амьдрахад хүрэлцэхгүй юм. Зарим ажилчид, ялангуяа хөдөө орон нутгийн жижиг компаниудын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авч байсан.
Хуулинд заасан ажлын долоо хоногт ажиллах цаг 40 бөгөөд ажлын долоо хоногуудын хооронд дор хаяж 48 цаг амрах ёстой. 14-15 насны хүмүүсийн хувьд ажлын долоо хоног нь 30 цагтай, 16-17 насны хүмүүсийн хувьд ажлын долоо хоног нь 36 цагтай. Хуулийн дагуу илүү цагаар ажилласан цаг тутамд ердийн ажлын цагийн хөлсийг нэг нугалж цалин хөлс бодох буюу ажилласан илүү цагтай тэнцүү цагийн чөлөө олгох замаар нөхөн олговор хийнэ. Жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг илүү цагаар ажиллахыг хуулиар хориглосон. Эдгээр хууль нь ерөнхийдөө практикт хэрэгжиж байна.
Ажилчид өвчний чөлөө авах журмыг заасан хууль байдаггүй. Засгийн газрын мэдэгдсэнээр ажил олгогч бүр энэ талаар өөрийн дүрмээ тогтооно.
Хөдөлмөр, хоршоолол, аж ахуйн нэгжийн тухай хуулинд ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг тогтоосон. Гэхдээ хуучирсан машин тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, менежментийн асуудал зэргээс шалтгаалан үйлдвэрийн осол ялангуяа уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт байн байн гардаг. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны мэдээлснээр жил бүр ажлын байрны ослоор 50-60 ажилчин амь насаа алддаг. Ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын хэрэгжилт хангалтгүй. Оны эцсээр парламент ажлын байрны аюулгүй байдлын талаар хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөж байв.
Дийлэнх нь хятад барилгачид болох гадаад ажилчид бага цалинтай, муу нөхцөлд амьдардаг боловч бусад иргэдийн адил хамгаалалт эдэлдэг. Гэвч барилгын талбайгаас гадуур хятад ажилчид тус улсын иргэдийн дайсагнал, сэжиглэлд өртдөг. Энэ онд хэвлэл мэдээллийн хөөрөгдсөн мэдээллийн улмаас хятад ажилчдыг байцаан шалгах явдал ихэссэн. Хойд Солонгосын цөөн тоотой ажилчид янз бүрийн дарамт шахалт, хязгаарлалтын улмаас ажиллах нөхцлийнхөө талаар санал хүсэлт гаргах боломжгүй байна.