Skip Navigation
Skip Left Section Navigation

Монголын тухай илтгэлүүд

2008 Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилтийн тухай илтгэл 

Монгол Улс

Гурван сая орчим хүн амтай Монгол Улс нь олон намын, парламентын засаглалтай ардчилсан тогтолцоотой улс юм. Зургадугаар сард болсон парламентын сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) олонхийн суудлаа нэмэгдүүлж, парламентын цөөнх Ардчилсан Нам (АН) мөн суудал авсан бол жижгэвтэр намууд олон мандаттай тойрог бүхий шинэ сонгуулийн тогтолцоонд амжилт муутай оролцлоо. Олон улсын ажиглагчид сонгуулийг бага зэрэг зөрчилтэй ч ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн. Иргэний нийгмийн  байгууллагууд нь ерөнхийдөө аюулгүй байдлын хүчинг үр нөлөөтэй ажигладаг хэдий ч аюулгүй байдлын хүчний зарим элемент иргэний нийгмийн байгууллагын хяналтгүй үйл ажиллагаа явуулсан цөөн тохиолдол гарсан.

Засгийн газар нь иргэдийнхээ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг боловч хүний эрхтэй холбоотой дараах асуудлууд тэмдэглэгдсэн: сонгуулийн дараах долдугаар сарын нэгний эсэргүүцлийн үеэр иргэдийн амь насыг хохироож, гэмтэл учруулсан хэрэгт цагдаагийн алба хаагчид холбогдсон гэж сэжиглэгдэж байгаа; цагдаагийн алба хаагчид цагдан хоригдсон болон баривчлагдсан хүмүүстэй  зүй бус харьцах; ял завших; хорих ангиуд болон урьдчилан хорих төвүүдийн нөхцөл муу; дур мэдэн баривчлах, хэт удаан хугацаагаар цагдан хорих, шүүх тогтолцооны авлига; зарим аймаг христийн сүмийг бүртгэхээс татгалзсаар байгаа; нууцын тухай хууль, төр засгийн үйл ажиллагаанд ил тод байдал байхгүй; эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл; гадагшаа хүн наймаалах, хүүхдийн биеийг үнэлүүлэх зэрэг асуудал байна.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭХ
1 дугаар хэсэг Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хүндэтгэх:

a. Хүний амийг хууль бусаар дур мэдэн хөнөөх

Засгийн газар болон түүний туршуулууд улс төрийн сэдэлтэй аллага хийгээгүй боловч тухайн жилд хүчний байгууллагууд хэд хэдэн хүний аминд хүрсэн бололтой.

Долдугаар сарын нэгэнд, МАХН-ыг сонгогчдын бүртгэлийг луйвардсан хэмээн буруушааж сөрөг хүчний намын гишүүдийн эхлүүлж, сүүлдээ хүчирхийллийн хэлбэртэй болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр цагдаагийн алба хаагчид таван хүнийг буудаж амийг нь хөнөөн, олон зуун хүнд гэмтэл учруулсан гэж сэжиглэгдэж байна. Аллагад оролцсон байж болзошгүй 11 цагдаагийн алба хаагчийг баривчилсан. Жилийн эцэс гэхэд сэжигтнүүд цагдан хоригдсоор байсан бөгөөд мөрдөн байцаалт дуусаагүй байв.

Гуравдугаар сарын 6-нд нэртэй бөх П. Ганбаяр цагдаагийн газар саатуулагдсан байх үедээ үхсэн. Түүний үхэлтэй холбогдуулан цагдаагийн нэг алба хаагчийг ял шийтгэж, таван жил хорих ял оноожээ. Хэвлэл мэдээллийн мэдээлж байгаагаас үзэхэд өөр хэд хэдэн цагдаагийн алба хаагч түүний үхэлд холбогдсон байж болно.

б. Сураггүй алга болох

Улс төрийн сэдэлтэй сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдээгүй.

в. Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох

Хуулиар ийм үйлдлийг хориглосон боловч; цагдаагийн алба хаагчид (ялангуяа хөдөө орон нутгийн) баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүсийг зодох тохиолдол заримдаа гардаг. Баривчлах ажиллагааны үеэр--ялангуяа хэргийг нь хүлээлгэхийн тулд--шаардлагагүй үед хүч хэрэглэх явдал түгээмэл гардаг.

Цагдаагийн хэлтэс, хорих, баривчлах байруудад харуул хуяг, цагдаа нар хоригдогсдыг зэрлэг хэрцгийгээр шийтгэх тохиолдол гардаг болохыг төрийн бус байгууллагууд (ТББ) мэдэгдсэн. ТББ-уудын мэдэгдсэнээр зарим хоригдогсдыг тамхиар түлэх, бороохойгоор цохих, төмөр хоншоортой гутлаар шилбэ рүү нь өшиглөсөн байна.

Хүний эрхийн үндэсний комиссын (ХЭҮК) мэдээлснээр, мөн оны турш Улсын Ерөнхий Прокурорын Газрын (УЕПГ) Мөрдөн байцаах алба (МБА) иргэдээс цагдаагийн алба хаагчид эрүүдэн шүүсэн талаар 30 гомдол хүлээн авснаас 27-г хэрэгсэхгүй болгож, 3-ыг нь шүүхээр ял шийтгүүлсэн байна. ХЭҮК эрүүдэн шүүсэн зарим хэрэг явдал хорих ял эдэлж байх үед бус харин мөрдөн байцаалтын явцад гарсан болохыг мэдэгдсэн. ХЭҮК цагдаагийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид зодож, зүй бус харьцсан, эрүүдэн шүүлтээр хэрэг хүлээлгэсэн гэх 5 гомдол хүлээн авчээ. Таван гомдлыг МБА-нд шилжүүлсэн бөгөөд оны эцэс гэхэд аль ч гомдлын дагуу баривчлах буюу яллах ажиллагаа хийгдээгүй байлаа. 569 хоригдогсдын дунд явуулсан ХЭҮК-ын судалгааны дүнгээс үзэхэд 94% нь эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхах, зүй бус харьцаатай тулгарч үзээгүй ажээ.

Мөн онд засгийн газар цагдаагийн алба хаагчдад хэрэг хаасны төлөө шагнал урамшуулал өгдөг байснаа больсон. Хүний эрхийн байгууллагууд дээрх шагнал урамшуулал нь цагдаагийн алба хаагчдыг гэмт үйлдлийг бүрэн мөрдөн шалгахаасаа илүү хэргийг нь хүчээр түргэн хүлээлгэх зүй бус харьцааны арга хэрэглэх хөшүүрэг болж байна гэж үздэг байсан.

2007 онтой харьцуулахад цэргийн албан тушаалтнууд захирагдагчиддаа хүч хэрэглэж, доромжилсон гэсэн мэдээлэл байхгүй байна.

Хорих анги ба урьдчилан хорих төвийн нөхцөл
Урьдчилан хорих төв ба хорих ангийн байрны нөхцөл ерөнхийдөө муу. Хоол хүнс, халаалт, эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байгаа нь хоригдлуудын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна. Гэхдээ ТББ-уудын мэдээлснээр урьдчилан хорих төв ба хорих ангийн байрны нөхцөл, ялангуяа хоол хүнсний чанар, халуун усанд орох боломж энэ жил сайжирсан. Гэхдээ мөнгөний ханшны огцом уналт, хорих ангийн захиргааны бага төсвөөс болж оны сүүлийн саруудад хоол хүнсний хангамж муу байсан. Нэг өрөөнд хэт олон хүн хорих асуудал байсаар байна. Ялангуяа урьдчилан хорих төвүүдэд зарим тохиолдолд хоёр, гурван хүнд зориулсан зайнд найман хүн хорьж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар хоёр газарт шинээр хорих байгууламж барьсан бөгөөд оны эцэс гэхэд бас нэг урьдчилан хорих байгууламж барьж байлаа.

Олон хоригдол хорих ангид сүрьеэгийн халдвартай очиж байгаагаас гадна, хорих ангид байхдаа сүрьеэгээр халдварлаж байна. Засгийн газар сүрьеэтэй хоригдлуудыг урьдчилан хорих төв, хорих анги, улсын сүрьеэгийн эмнэлэгт эмчилдэг. Ерөнхийдөө идэвхтэй сүрьеэгийн халдвартай хүмүүсийг нийт хоригдлуудаас тусгаарладаг. Энэ жил урьдчилан хорих төв, хорих ангиуд дахь сүрьеэгийн нөхцөл байдал бага зэрэг сайжирсан болохыг ТББ-ууд мэдэгдсэн.

ХЭҮК-ийн мэдээлснээр цэргийн хорих ангиудад сахилгад хоригдсон цэргийн алба хаагчдад заримдаа ундны ус өгөхгүй, хоол тогтмол өгөхгүй, заримдаа өдөрт ганц хооллодог, цэвэр агаарт гаргадаггүй гэсэн байна.

ХЭҮК хэд хэдэн хорих анги, урьдчилан хорих төвийн нөхцөл байдалд хяналт явуулсан. Дипломат болон хүний эрхийн байгууллагуудын мониторууд нэвтрэх боломж хязгаарлагдмал байсан ба зарим мониторуудыг төрийн алба хаагч нар дагалдаж, хоригдлуудтай тусгайлан ярилцахыг хориглож байв. Дотоодын ба гадаадын ТББ—ууд хорих анги, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдлыг дээшлүүлэх талаар ажиллаж байсан. Зарим нь хувцас хунар, хоол хүнс, ном хандивлаж, англи хэл, мэргэжлийн сургалт явуулсан.

г. Дур мэдэн баривчлах, цагдан хорих

Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, цагдан хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж хуулиндаа заасан боловч ялангуяа зургадугаар сарын сонгуулийн дараа болсон үймээний үеэр дур мэдэн баривчлах, цагдан хорих явдал гарсан. Олон нийт, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд өөрсдийн үндсэн эрх, шүүн таслах ажиллагаа, тухайлбал баривчлах, цагдан хорих ажиллагаатай холбоотой өөрсдийн эрхийн талаар мэдлэг муутай байв.

Цагдаа, аюулгүй байдлын албаны үүрэг
Аюулгүй байдлын хүчин нь Батлан хамгаалах яам (БХЯ), Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Тагнуулын ерөнхий газрын (ТЕГ) харъяанд багтдаг. БХЯ үндэсний батлан хамгаалах чиг үүргийг хариуцдаг бөгөөд дотоодын аюулгүй байдлын хүчнийг дэмжиж дотоодын онцгой байдал, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаанд оролцдог. ХЗДХЯ-ны харъяанд үндэсний цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдгаас гадна улсын хил хамгаалах хүчин ХЗДХЯ-ны удирдлага дор байдаг. Хуучнаар Улсыг аюулаас хамгаалах байгууллага буюу ТЕГ нь дотоод аюулгүй байдал, гадаад тагнуулын үйл ажиллагаа, мэдээлэл цуглуулах ажиллагааг хариуцдаг. ТЕГ-ын дарга нь иргэний албан тушаал бөгөөд Ерөнхий сайдад шууд тайлагнадаг. УЕПГ цагдаа, тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьдаг.

Хууль сахиулах байгууллагад авилгалын асуудал маш түгээмэл байна гэж олон нийт үздэг ажээ. 2007 онд байгуулагдсан Авлигатай тэмцэх газар зарим цагдаагийн алба хаагчийг мөрдөн байцаасан боловч мөрдөн байцаалтынхаа үр дүнг олон нийтэд мэдээлээгүй. Цагдаагийн алба хаагчдыг цагдан хоригдогсодтой зүй бус харьцахаас урьдчилан сэргийлэх, зүй бус харьцсан цагдаагийн алба хаагчдыг шийтгэх арга хэмжээнд томоохон өөрчлөлт гараагүй. Гэхдээ Засгийн газар аюулгүй байдлын хүчний сургалт, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хүчин чармайлт гаргасан.

Цагдаагийн алба хаагчдын зүй бус харьцааг мөрдөн шалгах хууль тогтоомж, механизм хангалтгүй хэвээр байна. МБА хууль сахиулах байгууллагын ажилтан, прокурор, шүүх байгууллагын ажилтнуудтай холбоотой хэргийн мэдээллийг мөрдөн шалгадаг. Энэ онд МБА хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай холбоотой 519 гомдол мэдээлэл хүлээн авч, 170 гомдол дээр хэрэг нээж, 255 гомдол дээр хэрэг нээхээс татгалзаж, 71 гомдлыг өөр байгууллагад шилжүүлсэн. Гомдлын 64%-д цагдаагийн алба хаагчид, 14%-д мөрдөн байцаагчид, 8%-д ТЕГ-ын ажилтнууд, 3%-д шүүгчид холбогдсон. МБА-ны мэдэгдсэнээр цагдаагийн байгууллага ялангуяа өндөр тушаалын цагдаагийн албан тушаалтнууд хэрэгт холбогдсон тохиолдолд тус албаны мөрдөн байцаагчдын ажлыг боогдуулж, саад тотгор учруулдаг ажээ.

Баривчлах, цагдан хорих
Сэжигтнийг баривчлахаас өмнө шүүгчээс зөвшөөрөл авах шаардлагатай боловч зөвшөөрөлгүй баривчлах тохиолдол нэлээд түгээмэл шинжтэй бололтой. Баривчлахаасаа өмнө шүүгчийн зөвшөөрөл авах шаардлагад хамаардаггүй “хойшлуулшгүй тохиолдолд” баривчлах зүйл заалтыг өргөнөөр хэрэглэдэг ажээ.

Эрүүгийн хуулинд зааснаар 24 цагийн дараа сэжигтнийг үргэлжлүүлэн хорихын тулд шүүхээс захирамж гаргуулахаар хүсэлт тавих ёстой. Зөвшөөрөл авсан тохиолдолд цагдаагийн байгууллага сэжигтнийг яллах буюу суллах шийдвэр гартал 72 цаг хүртэл хугацаагаар саатуулж болно. 72 цагийн дотор шүүхээс захирамж гаргахгүй бол сэжигтнийг суллах ёстой.

Баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүст яллагдсан зүйл ангийнх нь талаар хурдан шуурхай мэдэгддэг. Шүүхийн захирамжаар урьдчилан хорих хугацаа 24 сараас хэтэрч болохгүй бөгөөд хүнийг санаатай алсан зэрэг онц хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээдийг 6 сар нэмж хорьж болно. Цагдан хоригдогсод гэр бүлийн гишүүдтэйгээ хурдан шуурхай холбоо барих боломжтой. Прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчилсан буюу цагдан хорьсон этгээдийг барьцаагаар суллаж болно.

Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд энэ хугацаанд болон шүүн таслах ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Сэжигтэн, яллагдагч хувийн өмгөөлөгчийн хөлсийг төлж дийлэхгүй бол төрөөс өмгөөлөгч томилох ёстой. Ийм хуулийн заалт байдаг боловч практикт баривчлагдсан, цагдан хоригдсон олон хүн төрөөс томилсон өмгөөлөгч авах эрхээ огт мэдээгүй бөгөөд хэрэгжүүлээгүй байв. Ялангуяа Улаанбаатар хотоос өөр газарт бага орлоготой сэжигтэн буюу яллагдагчид төрийн санхүүжилттэй, үнэ төлбөргүй өмгөөлөгч хүрэлцдэггүй. Энэ хомсдлыг арилгахын тулд Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран аймгийн төв, Улаанбаатар хотын дүүрэг бүрт хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өмгөөлөгч ажиллуулсан.

д. Нээлттэй шударга шүүх ажиллагаанаас татгалзаж байгаа нь

Шүүх эрх мэдэл хараат бус байх ёстой гэж хуулинд заасан бөгөөд практикт төр энэ заалтыг ерөнхийдөө дагаж мөрддөг боловч авилгал, гадны нөлөөлөл зэрэг асуудал гардаг. Хээл хахууль хэргийг хэрэгсэхгүй болгох, ялын хэмжээг бууруулах зэрэгт хувь нэмрээ оруулдаг байж болох бөгөөд сүрдүүлэг, хуурамчаар таниулах зэрэг нь авилгалын эх сурвалж болдог.  Мөн онд шүүгчидтэй холбогдох хоёр сахилгын зөрчлийн хэрэг нээсэн. Оны эцэст МБА нэг хэргийг нь мөрдөн байцааж байсан бөгөөд хоёр дахийг нь өөр байгууллагад шилжүүлсэн байв.

Шүүх эрх мэдэл нь сум дүүрэг, аймаг нийслэлийн шүүхүүд, Улсын Дээд Шүүх, Үндсэн хуулийн цэцээс бүрддэг. Сум дүүргийн шүүхүүд эрүүгийн болон иргэний ердийн хэргүүдийг таслан шийдвэрлэдэг бол хүнийг санаатай алах, хүчин, хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай зэрэг илүү хүнд гэмт хэргийг аймаг, нийслэлийн шүүх рүү явуулдаг. Аймаг, нийслэлийн шүүх нь доод шатны шүүхүүдийн хувьд давж заалдах шатны шүүхийн үүрэг гүйцэтгэдэг. 17 гишүүнтэй Улсын дээд шүүх нь хамгийн дээд шатны давж заалдах шүүх бөгөөд доод шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан өргөдөл гомдол, дээд албан тушаалтнуудтай холбогдох хэргийг хянан шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн цэц нь иргэн, эрүүгийн шүүхүүдээс тусдаа зөвхөн үндсэн хуультай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг.

ХЗДХЯ-ны хүрээнд багтдаг захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн орон тоонд нэр дэвшүүлдэг бөгөөд ерөнхийлөгч нэр дэвшигчийг батлах буюу татгалзах эрх мэдэлтэй. Тус зөвлөл шүүгчийн эрхийг хамгаалж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй.

Шүүн таслах ажиллагаа
Хуулинд зааснаар бүх яллагдагч шүүгчээр нээлттэй шударга шүүн таслах ажиллагаагаар хэргээ таслуулах эрхтэй. Тангарагтны шүүх байдаггүй. Төрийн нууц, насанд хүрээгүй хохирогчтой хүчингийн хэрэг, хуульд заасан бусад хэргийг хаалттай шүүх хуралдаанаар таслан шийдвэрлэж болно. Шүүгдэгч гэрчийг байцааж, нотлох баримт танилцуулж, шийдвэрийг давж заалдах эрхтэй. Шүүгдэгчийн гэм буруутайг шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцохоор хуулинд заасан.

Ийм заалтууд байдаг боловч хууль тогтоомжууд хоорондоо уялдаа холбоогүй байдаг нь шүүн таслах ажиллагаанд саад тотгор учруулдаг. Улсаас гаргадаг өмгөөлөгч хүрэлцдэггүй, олон шүүгдэгч хууль зүйн хангалттай төлөөлөлгүй байдаг. Байцаан шийтгэх ажиллагаа нь хэрэг хүлээлгэхэд маш их тулгуурладаг ба цагдаагийн байгууллагаас хүчээр тулган хүлээлгэх тохиолдол их байдаг.

Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч

Улс төрийн хоригдол, цагдан хоригдогч бүртгэгдээгүй.

Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулалт
Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд авилгал, гадны нөлөөлөл саад бэрхшээл учруулж байна. Цагдаагийн зүй бус харьцааны хохирогчид хуулийн дагуу бодит хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч, цөөн хохирогч л нөхөн олговор нэхэмжилж чаджээ.

е. Хувийн нууц, гэр бүл, гэр орон, захидал харилцаанд дур мэдэн халдах

Хуулинд эдгээр үйлдлийг хориглосон бөгөөд төрөөс практикт эдгээр хориглосон заалтыг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэхдээ 2007 онд ТЕГ-ын дарга Ерөнхий сайдад мэдэгдэн зөвшөөрөл авсны үндсэн дээр утасны яриа чагнах, бичих ажиллагаа явуулсан. Ийм чагнах ажиллагааны цар хүрээ мэдэгдэхгүй байгаа. Цагдаагийн байгууллага утас чагнах ажиллагаа явуулахдаа УЕПГ-аас зөвшөөрөл авах ёстой бөгөөд нэг удаад хоёр долоо хоног хүртэл хугацаагаар ийм ажиллагаа явуулах эрхтэй.

2 дугаар хэсэг Иргэний эрх чөлөөг хүндэтгэх:

a. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө

Хуулинд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг заасан бөгөөд төр практикт эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевизийн тусгай зөвшөөрөл олгох асуудалд оролцож, тэднийг шууд бусаар сүрдүүлдэг нь илт байлаа.

Долдугаар сарын 1-4-нд онцгой байдлын үеэр төрийн мэдлийн цорын ганц олон нийтийн телевиз, радио нэвтрүүлгээ цацах эрхтэй байв. Байр нь үймээний үеэр хохирсон байгууллагаас бусад бүх хувийн телевиз, радио онцгой байдлын дараа хэвийн үйл ажиллагаандаа орсон.

Сонин хэвлэлүүд улс төрийн хоёр гол нам болон бие даасан үзэл бодлыг төлөөлдөг. ХЗДХЯ сонин, хэвлэл, телевиз, радио, сэтгүүлд тусгай зөвшөөрөл олгодог. Хэвлэл мэдээллийн тухай хуулиар олон нийтийн мэдээллийг цензурдах, хэвлэн нийтлэх, радио телевизээр нэвтрүүлэх эрх чөлөөг хязгаарлах аливаа хууль тогтоомж гаргахыг хориглосон. Гэвч хэвлэл мэдээлэл өөр өөрийгөө цензурдах асуудал байсаар байлаа. Төрөөс хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл хүчирхийлэл, садар самуун, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянадаг.

Долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр сэтгүүлчдэд халдсан явдал гарсан. Глоб Интернэйшнл ТББ-ын мэдээлснээр 6 сэтгүүлчид халдсан ажээ. Гэхдээ халдагчид нь үймээнд оролцогч, цагдаагийн аль нь болох тодорхой бус байв. Глоб Интернэйшнл ТББ эдгээр халдлагын талаар албан ёсоор мөрдөн байцаалт явагдаагүй болохыг заасан.

Төрийн шууд цензур байхгүй ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газар болон улс төрийн намын дарамт хэлбэрээр шууд бус цензур оршиж байна гэж үздэг. Тухайлбал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хүн гүтгэж, доромжилсон гэж шүүхэд өгч, татварын хяналт шалгалт явуулах зэргээр дарамталдаг ажээ. Хуулинд зааснаар, хүнийг гүтгэж, доромжилсон хэрэг гарсан тохиолдолд шүүгдэгч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэгтэй. Хүнийг гүтгэж, “доромжлох" нь хоёулаа эрүүгийн хариуцлага хүлээдэг гэмт хэрэг юм.

Ажиглагчид олон сонин улс төрийн намуудад харъяалагддаг, эсвэл улс төрийн намтай холбоотой хувь хүмүүсийн өмч (бүрэн буюу хагас) байдаг нь тухайн сонины нийтлэлд хүчтэй нөлөөлдөг гэж мэдэгдсэн. Ажиглагчид мөн сэтгүүлчдийн цалин бага байдаг тул ямар нэгэн үйл явдлыг нуух буюу зохион бичсэнийхээ төлөө мөнгө нэхэх нь олонтаа байдаг гэж тэмдэглэжээ.

Телевиз, радио ч ялгаагүй улс төрийн нөлөөллөөс ангид биш юм. Тендерийн явц ил тод бус, тусгай зөвшөөрөл олгодог байгууллага нь бүрэн хараат бус байж чадаагүй зэрэг нь телевизийн долгионы тусгай зөвшөөрөл авах өрсөлдөөнийг шударга явуулахад саад учруулж, улс төрийн холбоо сүлбээтэй нэгэнд нь ашигтай болсон. Аймгийн түвшинд орон нутгийн засаг захиргаа тусгай зөвшөөрөл олгох явцыг хянадаг нь бие даасан телевиз хөгжих явцад саад учруулж байна.

Интернетийн эрх чөлөө
Интернетэд нэвтрэхэд төрийн зүгээс ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй бөгөөд төрөөс электрон шуудан буюу интернетийн чаатыг хянасан гэх мэдээлэл байхгүй. Хувь хүмүүс болон бүлгүүд интернетээр тухайлбал электрон шуудангаар үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болно. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын мэдээлснээр тус улсад 35 интернет үйлчилгээ үзүүлэгч байгаа бөгөөд бүх аймаг интернетэд холбогджээ. Мөн онд Засгийн газар ба хувийн хэвшлийнхний хүчин чармайлтын үр дүнд алслагдсан орон нутаг руу интернет хэрэглээ хүрээгээ тэлсээр байв.

Эрдмийн эрх чөлөө ба соёлын арга хэмжээ
Эрдмийн эрх чөлөө ба соёлын арга хэмжээнд төрөөс хязгаарлалт тавьдаггүй.

б. Тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө

Хуулинд жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг заасан бөгөөд төр практикт энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.

Долдугаар сарын 1-4-ны онцгой байдлын үеэр олон нийтийн жагсаал цуглааныг хориглосон. Онцгой байдлын дараа хэд хэдэн жижиг бүлэг хоорондоо холбоогүй асуудлаар жагсаал цуглаан хийхэд асуудал гараагүй.

в. Шашны эрх чөлөө

Хуулинд шашны эрх чөлөөг заасан бөгөөд төр практикт энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.

Бүх ТББ, эдгээрийн дотор шашны бүлгүүд ХЗДХЯ-нд бүртгүүлэх шаардлагатай байдаг. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлууд орон нутгийн түвшинд өргөдлийг хүлээн авч батлах эрхтэй байдаг бөгөөд ийнхүү орон нутгийн хурлаар батлагдангуут ХЗДХЯ бүртгэл хийж, гэрчилгээ олгох үүрэгтэй. Шашны бүх бүлгийн хувьд бүртгүүлэх, дахин бүртгүүлэх нь төвөг учруулдаг бөгөөд бүртгэлийн ажиллагаа өчнөөн жил сунжрах ч тохиолдол бий. Бүртгэлийн ажиллагааны үргэлжлэх хугацаа, баримт бичиг бүрдүүлэх шаардлага зэрэг нь зарим байгууллагуудыг өргөдөл гаргахаа болиход хүргэдэг. Зарим аймаг орон нутгийн эрх баригчид шашны мөргөлийн газрын тоог хязгаарлахдаа бүртгэлийн ажиллагааг ашигласан гэх мэдээлэл байгаа боловч ийм практик түгээмэл биш юм.

ТББ-уудын мэдээлж байгаагаар төрөөс мөргөлийн газар байгуулах зөвшөөрөл олгодог ажиллагаа шууд биш ажээ. Шашны байгууллага мөргөлийн байр барих газар авахыг хориглоогүй боловч хүнд суртлын асуудлыг тойрч гарахын тулд олон тохиолдолд газрыг эхлээд хувь хүн авч, мөргөлийн байр барьсны дараа байгууллагад шилжүүлдэг ажээ.  Зарим мөргөлийн газар хүнд суртлын бэрхшээлээс болоод зөвшөөрөл авахаас зайлсхийж, үүний оронд бялдаржуулах төв, соёлын төв байдлаар ажилладаг. Мөн онд 11 мөргөлийн газар шинээр бүртгүүлсний 6 нь христийн, 5 нь буддын шашны мөргөлийн газар байлаа. Улаанбаатарт бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан нэг ч мөргөлийн газар одоогоор мэдэгдээгүй байна.

Улаанбаатарын ойролцоо орших Төв аймгийн удирдлага христийн шашны сүм хийдийг бүртгэн авахаас татгалзсаар байна. Мөн оны эцэс гэхэд Төв аймгийн эрх баригчид олон нийтэд ил тод ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд мөн ондоо нэг ч христийн сүм хийд бүртгэгдээгүй.

2007 онтой харьцуулахад төрөөс казах иргэдийн дунд экстремист, салан тусгаарлах үйл ажиллагаа гарч байгаа эсэхийг хянасан гэх мэдээлэл байгаагүй.

Хуулиар бусдыг шашинд ятган оруулахыг хориглодоггүй боловч шашныг дэлгэрүүлэхдээ урамшуулал, дарамт шахалт, “хууран мэхлэх арга” хэрэглэхийг хориглодог. Гадаадын (христ) шашны төлөөлөгчид ядуу мусульман шашинтнуудыг сүм хийдийнхээ үйл ажиллагаанд татахдаа эд материал ашиглаж байсан хэмээн зарим мусульман шашинтнууд гомдол гаргасан

Нийгмийн зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалт
Нийгмийн хандлага ерөнхийдөө хүлцэнгүй бөгөөд шашнаар илэрхий, бүдүүлэг ялгаварлан гадуурхах явдал бага.

Еврей оршин суугчдын тоо маш цөөн бөгөөд энэ онд семитийн эсрэг үйлдэл гарсан мэдээ байхгүй.

Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 2008 оны олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл-ийг www.state.gov/g/drl/irf/rpt хаягаар орж үзнэ үү.

г. Зорчих эрх чөлөө, дотооддоо нутгаасаа дүрвэхэд хүрсэн хүмүүс, дүрвэгчдийн хамгаалалт, харъяалалгүй хүмүүс

Хуулинд улс дотроо болон гадаадад зорчих, гадагшаа цагаачлах, иргэний харъяаллаас гарах эрх чөлөөг заасан бөгөөд төрөөс практикт эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Төр НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран дүрвэгчид, орогнол эрэгчид ба бусад шаардлагатай хүмүүст хамгаалал ба тусламж үзүүлсэн.

Хуулиар цөллөгийг хориглосон бөгөөд төрөөс цөллөгийн арга хэмжээг хэрэглээгүй.

Дүрвэгчдийг хамгаалах талаар
Тус улс Дүрвэгчдийн статустай холбоотой 1951 оны НҮБ-ын конвенц болон 1967 оны протоколд нэгдэн ороогүй, хуулинд дүрвэгч буюу орогнол эрэгчийн статус олгох талаар заагаагүй боловч төр дүрвэгчдийг амь нас буюу эрх чөлөөнд нь аюул учрах улс орон руу хөөх буюу буцаахгүйгээр хамгаалалт үзүүлсэн. 2007 онд төрөөс дүрвэгчдэд хамгаалалт үзүүлэх систем боловсруулсан бөгөөд дүрвэгчдийг дүрвэгчид гэхгүй харин “хүмүүнлэгийн хэрэг” гэж нэрлэж байна. Энэ онд Хятадаас орж ирсэн ийм “хэрэг" 335 гарсан.

3 дугаар хэсэг Улс төрийн эрхийг хүндэтгэх: Төрийн удирдлагыг өөрчлөх иргэдийн эрх

Хуулинд иргэд төрийн удирдлагыг тайван замаар өөрчлөх эрхтэй гэж заасан бөгөөд иргэд практикт тогтмол хугацаанд болдог бүх нийтийн сонгуулиар дамжуулж энэхүү эрхээ эдэлдэг. Хуулиар ерөнхийлөгчийг хоёр удаа дөрөв дөрвөн жилээр сонгогдож болохоор хязгаарласан. Парламентын ба орон нутгийн сонгуулийг дөрөв дөрвөн жилийн хугацаатай тусад нь явуулдаг.

Парламентын олонхи суудлыг авсан нам Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайдыг томилно гэж хуулинд заасан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн хуваарилалтын талаар үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд үндсэн хуулийн маргааны сэдэв болж байлаа. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно. Ерөнхий сайд болон бусад сайд нь парламентын гишүүн байх шаардлагагүй.

Сонгууль ба улс төрийн оролцоо
Хараат бус ажиглагчид зургадугаар сарын парламентийн сонгууль, аравдугаар сарын орон нутгийн сонгуулийг ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж тодорхойлсон. Гэхдээ хэд хэдэн аймаг, дүүрэгт зургадугаар сарын сонгуулийн дүнгийн талаар маргаан гарч шүүхэд хүрсэн. Улаанбаатарын нэг дүүрэг оны эцэс гэхэд маргаанаа шийдэж амжаагүй байсан тул парламентын нэг суудал хоосон үлджээ. Зургадугаар сарын парламентын сонгуулиар МАХН олонхийн суудлын тоогоо нэмэгдүүлсэн. АН ч мөн суудлын тоогоо нэмэгдүүлсэн бол жижгэвтэр намууд олон мандаттай тойрог бүхий шинэ сонгуулийн тогтолцоонд амжилт муутай оролцлоо. Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр бага сага зөрчил гарсан бөгөөд эмх замбараагүй байдал гараагүй. Улаанбаатар хотын есөн дүүргийн гуравт сонгогчдын ирц хүрээгүй тул арваннэгдүгээр сарын 30-нд дахин санал хураах шаардлагатай болсон.

Сонгуулийн Ерөнхий Хорооны (СЕХ) нэг талыг барих хандлага ялангуяа жижиг улс төрийн намуудын санааг зовоож байна. Хорооны есөн гишүүний зургаа нь хорооны гишүүн болж, намаасаа түдгэлзэхээсээ өмнө нэг намд харъяалагдаж байжээ. СЕХ-ны дарга Баттулгын парламентын сонгуулийн дүнг хэрхэн шийдвэрлэж байсныг нь шүүмжилсний хариуд, Баттулга СЕХ-г бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах тогтоолыг парламентад өргөн барьсан боловч парламент огцруулахаас татгалзсан тул СЕХ-ны гишүүд оны эцэс хүртэл албан тушаалдаа хэвээр байсан.

Улс төрийн намууд хязгаарлалт буюу хөндлөнгийн оролцоогүй үйл ажиллагаагаа явуулсан. Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 17 улс төрийн нам байв. Энэ онд нэг ч нам татан буугдаагүй бөгөөд бүртгэлээс хасагдаагүй.

Эмэгтэйчүүд буюу үндэсний цөөнхийн засгийн газар, улс төрд оролцох оролцоог хязгаарласан заалт хуулинд байхгүй. Гэвч тэдний тоо цөөн хэвээр байлаа. Парламентын 76 гишүүний 3 нь эмэгтэй байлаа. Засгийн газрын 15 гишүүний хоёр нь эмэгтэй байсан бол Улсын Дээд Шүүхийн 17 шүүгчийн 7 нь эмэгтэй байв. Эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн байгууллагууд орон нутгийн болон үндэсний улс төрд өөрсдийн дуу хоолойгоо хүргэдэг бөгөөд төрийн бодлого гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажилладаг.

Парламентад гурван казах угсаатан сонгогдон ажиллаж байна. Засгийн газар буюу Улсын Дээд шүүхэд үндэсний цөөнхийн төлөөлөл байхгүй.

Төрийн авилгал ба ил тод байдал
Хуулинд зааснаар албан тушаалтны авилгалын хэрэг эрүүгийн ял шийтгэлтэй. Гэвч төрөөс хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэггүй бөгөөд зарим үед албан тушаалтнууд авилгалын шинжтэй үйл ажиллагаа явуулсан ч ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Авилгал төрийн бүх түвшинд, ялангуяа цагдаа, шүүх, гаалийн албанд тасралтгүй гарсаар байгаа ноцтой асуудал гэж үздэг. Төрийн ихэнх түвшинд авилгал ямар нэг хэмжээгээр байгаа нь улсын ба хувийн хэвшлийн хоорондох ялгааг бүдэгрүүлэхэд хүргэсэн. Сонирхлын зөрчил байнга гарч байсан. Төрийн хяналтын байгууллагууд үр нөлөөгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл авилгалыг илрүүлж чаддаггүй зэргээс болж энэ асуудал улам бүр урхагшиж байна.

Эрүүгийн хуульд албан тушаалтнууд хээл хахууль авахыг зүйлчлэн оруулсан ба торгууль ногдуулах буюу таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар заажээ. Энэ хуулиар түүнчлэн төрийн албан тушаалтнуудад хээл хахууль өгөхийг гэмт хэрэг хэмээн заасан. Гэхдээ авилгалын хэрэгт ял шийтгэгдсэн, баривчлагдсан тохиолдол ховор.

Авилгалтай тэмцэх газар (АТГ) авилгалын хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй. АТГ тус улсын дээд тушаалын албан тушаалтнууд бараг бүгдээрээ хөрөнгө, орлогоо (өөрсдийн болон эхнэр/нөхөр, эцэг эх, хүүхдүүд, хамт амьдардаг ах эгч дүүсийнхээ хөрөнгө орлогыг) мэдүүлэх шаардлагыг биелүүлсэн болохыг мэдэгджээ.  АТГ мөн төрийн албан хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн албан хаагч, цэргийн албан хаагчдын хөрөнгийн мэдүүлгийг хянах үүрэгтэй бөгөөд энэ заалтыг практикт хэрэгжүүлж байсан.

Засгийн газрын болон парламентын шийдвэр гаргах явц хангалттай ил тод бус бөгөөд хуулийн хэлэлцүүлэг олон нийтэд ил тод явагдах нь ховор. Парламентын байнгын хороодын хуралдаанууд хэвлэл мэдээлэл буюу олон нийтэд нээлттэй бус байв. Парламентын ерөнхий хуралдаануууд олон нийтэд ерөнхийдөө нээлттэй боловч, бүх тохиолдолд нээлттэй биш. Өргөн хүрээг хамарсан Улсын нууцын тухай хууль нь мэдээллийн эрх чөлөө, төрийн ил тод, хариуцлагатай байдалд саад тотгор учруулдаг. Энэ хууль нь бодлогын хэлэлцүүлэгт оролцох иргэдийн оролцоо болон төрд тавих хяналтад саад тотгор учруулдаг.

4 дугаар хэсэг Хүний эрх зөрчсөн хэргийг шалгасан олон улсын болон төрийн байгууллагуудын шалгалтын талаар баримталж байсан төрийн хандлага

Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон бүлэг хүний эрхийн хэргийн талаар олж авсан мэдээллээ шалгаж, хэвлэн нийтлэх зэргээр ажиллахад төрийн зүгээс ерөнхийдөө хязгаарлалт тавиагүй. Төрийн албан тушаалтнууд тэдгээр бүлэгтэй ерөнхийдөө хамтран ажиллаж, уриалган хандаж байсан.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тусламжтай аймаг бүрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нэг төлөөлөгч бусад үүргийнхээ хажуугаар хүний эрхийн нөхцөл байдлыг хянаж байсан.

ХЭҮК нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогын өөрчлөлт санаачилж, хянах, хүний эрхийн ТББ-уудтай ажлаа уялдуулах зэрэг үүрэгтэй. ХЭҮК Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, парламентаас зургаан жилийн хугацаатай томилсон гурван дээд тушаалын төрийн албан хаагчаас бүрдэнэ. ХЭҮК шууд парламентад тайлагнана. ХЭҮК жилийн эцсийн тайлангууддаа төрийг баривчлах, цагдан хорих эрх мэдлээ урвуулан ашигладаг, урьдчилан хорих төв болон хорих ангиудын байрны нөхцөл муу, шүүхийн шатнаас өмнө удаан хугацаагаар цагдан хорьдог, хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлдэггүй гэх зэргээр удаа дараа шүүмжилж байсан.

Засгийн газар дунд шатны төрийн албан хаагчдад хүний эрхийн боловсролыг семинар, хурал, лекцээр дамжуулан олгохыг зөвшөөрсөн.

5 дугаар хэсэг Ялгаварлан гадуурхах, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа

Хуулинд “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдлаар ялгаварлан гадуурхахгүй", “улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй" тус тус заажээ. Төр ерөнхийдөө эдгээр заалтыг практикт хэрэгжүүлдэг.

Эмэгтэйчүүд
Хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл нь хууль бус боловч нөхөр/эхнэр хүчин хийхийг тусгайлан хорьсон хуулийн заалт байдаггүй бөгөөд хүчингийн хэрэг асуудал учруулсан хэвээр байна. Мөн онд Улсын Дээд Шүүхийн судалгааны төвд ийм 189 хэрэг мэдээлэгдсэн. Гэхдээ ТББ-ууд хүчингийн олон хэрэг мэдээлэгдэхгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын байцаан шийтгэх ажиллагаа нь сэтгэл санаа нь гүн цочролд орсон хохирогчдод дарамттай байдаг бөгөөд гэмт хэргийг мэдээлэхгүй байхад хүргэх хандлагатай байна гэж мэдэгдсэн. Нийгмийн шившиг болохоос айдаг тул мэдээлэгдсэн хэргийн тоо бага байдаг.

ТББ-уудын мэдэгдсэнээр цагдаагийн байгууллага их төлөв яллахад нотлох баримт хангалтгүй байна хэмээн хэргийн дийлэнх хувийг хэрэгсэхгүй болгож, багахан хувийг яллах дүгнэлт гаргуулахаар прокурорт шилжүүлдэг ажээ. Хүчингийн дараах эмнэлгийн үзлэг хийх боломжтой бөгөөд үр дүнг нь заримдаа нотлох баримтаар ашигладаг боловч ийм үзлэгийг алслагдсан нутагт хийх боломжгүй. ТББ-уудын мэдэгдсэнээр зарим цагдаагийн алба хаагч сөрөг хандлага баримталдаг тул зарим хэрэг прокурорт очдоггүй ажээ.

Эрүүгийн хуульд биеийн хүчирхийлэл үйлдэх замаар (буюу хүчирхийлэл үйлдэнэ гэж айлган сүрдүүлэх замаар) бэлгийн харьцаанд орохыг хориглож, тав хүртэл жилийн хорих ял онооно гэж заажээ. Хохирогч гэмтэх буюу тамлагдсан байх тохиолдолд эсвэл хохирогч насанд хүрээгүй байвал ял шийтгэлийн хэмжээ 5-10 жилийн хорих ял хүртэл байж болно. Хохирогчийн амь насыг хохироох, 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндэх буюу ийм хэргийг дахин давтан үйлдэх зэрэгт 15-25 жил хорих буюу цаазаар авах ял оноож болно. Бүлэглэн хүчиндэх хэрэгт цаазаар авах хүртэл ял оноож болно.

Эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа хөдөөгийн бага орлоготой гэр бүлүүдэд ноцтой асуудал байсан. Хуулинд цагдаагийн байгууллага нь гомдол хүлээн авч, бүртгэх, гэмт хэргийн газар үзлэг хийх, гэмт хэрэг үйлдэгчийг болон гэрчийг байцаах, захиргааны шийтгэл ногдуулах, хохирогчдыг хоргодох байр руу аваачих үүрэгтэй гэж заасан. Энд гэмт хэрэг үйлдэгчдэд дараах арга хэмжээ авахаар заасан: гэрээс нь хөөх, дундын өмчийн хөрөнгийг ашиглахыг хориглох, хохирогчтой уулзахыг хориглох, насанд хүрээгүйчүүдтэй уулзахыг хориглох, зан төлвийг нь өөрчлөхөд чиглэсэн сургалтад албадан хамруулах зэрэг болно. Гэвч цагдаагийн байгууллагад санхүүжилт дутмагаас гадна эмэгтэйчүүдийн ТББ-уудын үзэж байгаагаар гэр бүлийн дотоод асуудал гэж үзсээр ирсэн асуудалд цагдаагийн байгууллага хөндлөнгөөс оролцох хүсэлгүй байдаг тул энэ түвшний үйлчилгээ үзүүлэх нь ховор байсан.

Гэр бүлийн хүчирхийллийн цар хүрээний талаар найдвартай статистик мэдээ байхгүй боловч Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) энэ онд 32 хүн ийм хэргээр ял шийтгэгдсэн хэмээн мэдээлсэн. ХЭҮТ энэ онд 5 орогнох байрандаа түр орогнох байр хүссэн 405 хүсэлт хүлээн авсан бөгөөд 278 хохирогчид сэтгэлзүйн зөвлөгөө өгч, 524 хохирогчид хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж мэдэгдсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл, үүний дотор эхнэр/нөхөр, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг явах нь ихэссэн. Гэхдээ хохирогчид “гэр бүлийнхээ муу муухай болгоныг олон нийтэд мэдэгдэхээс” зайлсхийхийн тулд энэ талаар ярихдаа дургүй байжээ.   Гэртээ хүчирхийллийн хэрэг үйлдсэн бараг бүх хүн эрэгтэйчүүд байсан.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу салсан эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэлэг авах эрхтэй бөгөөд хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой эрх үүрэг, эцэг эхчүүдийн эрхийн талаар энэ хуулинд тодорхой заасан. Эхнэр, нөхөр салахдаа гэрлэсэн хугацаандаа олж авсан өмч хөрөнгөө тэнцүү хувааж авдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтнүүдийн мэдэгдэж байгаагаар аж ахуйн нэгжүүд их төлөв нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг тул салах үед аж ахуйн нэгжийн өмчлөл автоматаар нөхөрт нь очих явдал их болж байгаа ажээ.

Биеэ үнэлэх нь хууль бус бөгөөд олон нийтийн газар биеэ үнэлэх, биеэ үнэлэх явдлыг зохион байгуулах нь мөн хууль бус. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтнүүдийн мэдэгдэж байгаагаар Улаанбаатар хотод саун, массаж, зочид буудал нэрээр олон зуун янхны газар ажиллаж байгаа юм. Цагдаагийнхан ийм газрыг хааяа гэнэт шалгадаг. Зарим эмэгтэйчүүд гадаадад биеэ үнэлж байгаа талаар мэдээлэл байдаг бөгөөд тодорхой бус тооны эмэгтэйчүүдийг хил давуулан наймаалсан байна.

Бэлгийн дарамтын эсрэг хууль байхгүй. ТББ-уудын мэдэгдсэнээр зүй бус биеэ авч явах байдал гэж юу болох талаар ойлголт байхгүй учраас энэхүү асуудлын бодит цар хүрээг хэмжихэд хэцүү байгаа ажээ. ХЭҮК-ийн явуулсан судалгаанаас үзэхэд хөдөлмөр эрхэлдэг 35-аас доош насны хоёр эмэгтэй хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэж тодорхойлжээ.

Хуулинд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүх салбарт тэгш эрхтэй гэж заасан. Ихэнх тохиолдолд эдгээр эрх практикт хэрэгждэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн хөдөлгөөний идэвхтнүүдийн мэдэгдсэнээр дор хаяж хоёр салбарт, тухайлбал мэдээллийн технологи, уул уурхайн салбарт эмэгтэйчүүд ижил тэнцүү хөдөлмөрт эрэгтэйчүүдээс бага цалин авдаг ажээ.

Эмэгтэйчүүд ажиллах хүчний тал орчим хувийг эзэлдэг бөгөөд нэлээд хэсэг нь гэр бүлийнхээ гол цалин хөлс олдог хүн байдаг. Хуулинд эмэгтэйчүүдийг хүнд хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болох химийн бодистой харьцдаг зарим мэргэжлээр ажиллахыг хориглосон бөгөөд төрөөс эдгээр хуулийн заалтыг үр дүнтэй хэрэгжүүлдэг. Олон эмэгтэй төр, хувийн хэвшилд дунд шатны албан тушаал дээр ажилладаг бөгөөд худалдаа, үйлдвэрийн шинэ шинэ бизнесийг үүсгэн бий болгоход болон удирдахад оролцдог.

Эмэгтэйчүүдийн эрхийг хянах төрийн тусгай агентлаг байхгүй боловч Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Үндэсний хүйсийн төв, Үндэсний яамд, ТББ-уудын хооронд бодлого, Эмэгтэйчүүдийн эрх ашгийг зохицуулах үндэсний зөвлөл, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамны Эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан хэлтэс зэрэг байгууллага бий. 40 орчим эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг байдаг ба тэдгээр нь эх, үрсийн эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, тэгш боломж зэрэг асуудлаар ажилладаг.

Хүүхдүүд
Төрөөс хүн амын хурдан өсөн нэмэгдэж буй энэхүү хэсгийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээг хангах чадамжгүй байгаа хэдий ч зарчмын хувьд хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хангахын төлөө ажиллах эрмэлзэлтэй байгаа юм. Төр хүүхдүүдэд 18 нас хүртэл нь албан журмын, үнэ төлбөргүй, бүх нийтийн боловсрол өгдөг боловч гэр бүлийн эдийн засгийн хэрэгцээ, улсын төсвийн бэрхшээлээс шалтгаалан зарим хүүхэд сургуульд суралцахад хэцүү байдаг.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал хоёр гол хэлбэртэй: Хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцаа. Засгийн газрын харъяа Хүүхдийн төлөө үндэсний төвийн (ХТҮТ) мэдээлснээр дээрх хоёр асуудал ихэнх тохиолдолд гэр бүлийн хүрээнд гарах хандлагатай ажээ.

Ашиг олох зорилгоор 18-аас доош насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж байгаа нь шийдвэрлэвэл зохих нэг асуудал юм. Хүйсийн тэгш эрхийн төвийн мэдээлснээр Улаанбаатар хотод өсвөр насны охидыг хулгайлан, хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдлууд гарчээ. Цагдаагийн гэнэтийн нэгжлэгээр зарим хохирогчдыг чөлөөлсөн боловч ТББ-ууд зарим цагдаагийн алба хаагчид биеэ үнэлэгчдийг нийлүүлдэг болон янхны газар ажиллуулдаг хүмүүстэй хамтран ажиллаж байна гэж мэдэгдсэн.

Хүүхдүүдийг хамтач байдлаар хүмүүжүүлэх олон жилийн уламжлал нийгэмд байдаг боловч нийгмийн болон гэр бүлийн өөрчлөлтүүдийн улмаас олон хүүхэд өнчрөн хоцорсон. Хүүхдээ хаях явдал гарч байна. Түүнчлэн голдуу архидан согтуурах явдлаас үүдэлтэй зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд гэр орноосоо дайжих явдал гарч байна.

ХТҮТ-ийн мэдээлснээр хүүхдийн асуудлаар ажилладаг гадаад, дотоодын 48 байгууллага байсан. Эдгээр байгууллага хоёр гурван асрамжийн газар ажиллуулж байсан. Засгийн газрын санхүүжилттэй боловч хувийн өмчийн, хувийн менежменттэй хоёр асрамжийн газар байсан. Нэг нь гурав хүртэл насны хүүхдэд зориулсан, нөгөө нь 3-16 насны хүүхдэд зориулсан асрамжийн газар байлаа. Эдгээр асрамжийн газарт улс даяар нийтдээ 1 500 гаруй хүүхэд байдаг бол, 60 хүүхэд гудамжинд амьдарч байгаа тооцоо байдаг ажээ.

Хүний наймаа
Хуулиар “хүн худалдах, худалдан авах”-ыг тухайлан хориглож, гурав хүртэл жилийн хугацаагаар, хүндрүүлэх нөхцөлтэй үед 15 хүртэл жилийн хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан боловч, хүний наймааны хохирогчдыг бүртгэх, тээвэрлэх, нуух зэрэг асуудлыг хамраагүй бөгөөд тус улс дотоодын болон хил дамнасан хүний наймааны нэгэн эх сурвалж болсон хэвээр байна. Зарим тохиолдолд бэлгийн болон  хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүний наймаа хийгддэг.

2006 оны судалгааны дүнгээс харахад хүний наймаанд хамгийн их өртөж болзошгүй хүмүүс 19-35 настай байсан бөгөөд эдний дотор бага орлоготой, ажилгүй эмэгтэйчүүд хамгийн их эрсдэлтэй байлаа. Ихэнх хохирогч Монгол Улсны иргэд визгүй зорчдог Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бэлгийн мөлжлөгт өртсөн байдаг. Гэхдээ Өмнөд Солонгос, Япон, Малайз, Турк, Швейцари зэрэг улсад аваачсан гэх тохиолдол батлагдсан буюу мэдээлэгдсэн. Орон нутгийн ТББ-уудын мэдээлснээр дотоодын хүний наймаа өсөх хандлагатай байна. Тухайлбал 15-17 насны охидуудыг хулгайлж, зочид буудалд аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэргүүд илэрсэн. Хүйсийн тэгш эрхийн төв хүний наймаатай холбоотой мэдээлэл авах утас ажиллуулж байгаа бөгөөд энэ онд нийт 1500 дуудлага хүлээн авч, 700 хүнд мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Энэ Төв болон бусад ТББ-ууд гадаадад өрөнд барьцаалагдсан монголчуудад тусалж байв. Гадаадын иргэдтэй, ялангуяа өмнөд солонгос эрэгтэйчүүдтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүд албадлагын дор хүнд хүчир ажил хийж байсан мэдээлэл байна.

Эрүүгийн хуулинд зааснаар “хүн худалдах, худалдан авсан” хэрэг үйлдсэн этгээдийг гурван жилийн хорих ялаар шийтгэх буюу торгууль, албадан хөдөлмөр зэрэг ял оноодог. Хэрэв насанд хүрээгүй хүний эсрэг ийм гэмт хэрэг үйлдэх буюу албадан бие үнэлүүлэх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 10 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож болно. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үйлдэх буюу энэ гэмт хэргийн улмаас “хүнд гэмтэл” учирсан тохиолдолд 10-15 жилийн хугацаагаар хорих ял ногдуулна. Мөн онд цагдаагийн газар хүний наймааны 9 хэрэг нээснээс нэгийг нь ял шийтгэж, нэгийг нь хэрэгсэхгүй болгож, бусдыг нь нээлттэй байлгасан.

Төрөөс хүний наймааны хэргээс урьдчилан сэргийлэх, хүний наймаачдыг яллах, хохирогчдод туслах арга хэмжээ авч байна. Энэ онд Олон улсын цагаачлалын байгууллага (ОУЦБ) болон бусад ТББ хилийн байцаан өнгөрүүлэх газрын ажилтнууд, цагдаагийн мөрдөн байцаагчид, прокурорууд, төмөр замын цагдаа, ТЕГ-ын ажилтнууд, Гадаад хэргийн яам болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажилтнууд болон бусад төрийн албан хаагчдад зориулан хүний наймаатай холбоотой сургалт явуулсан. Үүний зэрэгцээ гадаадын хууль сахиулах байгууллагын мэргэжилтнүүд орон нутгийн цагдаа нарт хүний наймааны хэргийг мөрдөн байцаах, хэрэг бүрдүүлэх арга техникийн сургалт явуулсан. Энэ онд гадаадаас олдсон 58 хүний наймааны хохирогчийг эх оронд нь эргүүлэн авчирсан. Төрийн албан тушаалтнуудын мэдээлж байгаагаар Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Хятадтай хиллэдэг хил хавьд оршдог Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэс, Хүйсийн тэгш эрхийн төвийн хамтын ажиллагааны үр дүнд дээрх хохирогчдын 41-ийг нь эх оронд нь эргүүлэн авч иржээ.

Мөн онд тус улс Хүний наймааг урьдчилан сэргийлж, таслан зогсоож, шийтгэх тухай Палермогийн протоколд нэгдэж, Олон улсын цагаачлалын байгууллагын гишүүн болсон. Хоёрдугаар сард парламент эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, хүний наймаанд тооцогдох үйлдлийн хүрээг өргөжүүлж, ял шийтгэлийг нэмэгдүүлсэн. Хууль сахиулах ажиллагаа мөн сайжирсан. Ерөнхий прокурор тусламж хүсч буй хохирогчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Хүний наймаа, авлигыг яллах ажиллагааг хариуцсан алба байгуулсан. Прокурорууд хүний наймааны хэргийг Эрүүгийн хуулийн 124-р зүйл буюу биеэ үнэлэхийг зохион байгуулах гэсэн хөнгөн ялтай зүйл ангиар бус харин илүү чанга ялтай 113-р зүйлээр яллах явдал нэмэгдсэн.

ТББ-ын төлөөлөгчид хохирогч, гэрчийн хамгаалалт маш хязгаарлагдмал болохыг мэдээлсэн. Нийгмийн ичгүүр шившиг болохоос айх айдас нь хохирогчдыг өөрсдийнхөө тухай ярихад саад болж байна. Гэхдээ мөн онд Хүйсийн тэгш эрхийн төв хүний наймааны хохирогчдыг хамгаалах зорилгоор тус улсад анхны хоргодох байрыг нээсэн.

Төрийн департаментийн оны илтгэл мэдээ Хүний наймааны илтгэл-ийг www.state.gov/g/tip хаягаар орж үзэж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Хөдөлмөрийн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил, сургуульд авахдаа ялгаварлан гадуурхахыг хориглосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулинд аймаг, нийслэлийн засаг дарга хөгжлийн  бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй хэмээн заасан. Гэхдээ ТББ-ууд засгийн газар эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх талаар бага зүйл хийсэн бөгөөд практикт хөгжлийн бэрхшээлтэй ихэнх иргэдийн хувьд ажил, сургуульд орох, нийгмийн амьдралд оролцоход маш их бэрхшээл тулгардаг гэж мэдэгдсэн.

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж дөрөвний нэг нь л ажилладаг. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Иймээс зарим аж ахуйн нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд тусгайлан авдаг.  Үйлдвэрийн осолд өртөж гэмтсэн иргэд ажилд эргэн ороход бэлэн болсон үед дахин ажил эрхлэх эрхтэй бөгөөд техникийн төв сургууль дээр үнэ төлбөргүй сургалтанд хамруулдаг.

Барилга байгууламжууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орох гарах боломжоор хангах ёстой гэж хуулинд заагаагүй тул эдгээр хүмүүс нэг ч төрөөс олгосон байранд орох боломжгүй байна. Мөн нийтийн тээвэрт хөдлөх эрхтний бэрхшээлтэй иргэд ерөнхийдөө суух боломжгүй. 2007 онд ХЭҮК-ийн мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 60 хувь нь орох гарах боломж байхгүй, тээврийн хэрэгсэл хангалтгүй, зэрэг саад бэрхшээлээс болж соёлын байгууллагаар хэзээ ч үйлчлүүлээгүй байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад зориулсан хэд хэдэн тусгай сургууль байдаг боловч эдгээр сурагчид ердийн сургуульд суралцаж болно. Гэхдээ практикт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны (МХБИБҮХ)тооцоолсноор тус улсын хөгжлийн бэрхшээлтэй 42 000 хүүхдийн бараг гуравны хоёр нь дунд боловсрол эзэмшээгүй ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургуулиуд дөнгөж 2200 хүүхдийн багтаамжтай юм.

Хуулинд зааснаар төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрийн чадвараа алдсан шинж, түүний хүнд хөнгөний дагуу тэтгэмж олгох үүрэгтэй. Төр ийм тэтгэмж олгодог хэдий ч санхүүгийн тусламжийн хэмжээ бага бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэдийг хамраагүй ажээ. МХБИБҮХ-ны мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй 42000 орчим иргэд засгийн газрын Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж тусламж авсан бөгөөд 46000 иргэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авчээ. Үлдэж буй хөгжлийн бэрхшээлтэй 20000 орчим иргэд засгийн газраас тэтгэмж авч чадаагүй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрийн үйл явцад бүрэн оролцож чаддаггүй. Санал хураах байрнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зай талбай гаргаагүй бөгөөд парламентад ийм иргэд сонгогдоогүй. МХБИБҮХ-ны судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй, сонгууль өгөх эрхтэй бүх сонгогчдын 80 хувь нь нэр дэвшигчид болон тэдний намын мөрийн хөтөлбөрийн тухай хангалттай мэдээлэл авах боломжгүй учраас саналаа тааж өгсөн ажээ. Хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэд радио телевиз ашиглах боломжгүй байдаг тул мэдээлэл авах боломж муутай байдаг.

Мөн онд МХБИБҮХ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг яваандаа жижиг бизнес эрхлэх чадвартай болгох зорилгоор мэргэжлийн сургалтын төвүүдэд ийм хүүхдүүд сургах явдлыг хөхиүлэн дэмжих талаар засгийн газартай хамтран ажилласан.  Улаанбаатар хотод МХБИБҮХ-ийн дор ажилладаг ийм бизнесийн инкубатор нэг байлаа.

Үндэсний/арьс өнгөний/угсаатны цөөнх
Үндсэн хуулинд “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бүх хүн хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэж заасан. Гэвч тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын зарим бизнесмен татварын байгууллаа, тусгай зөвшөөрөл олгодог байгууллагууд тэднийг дотоодын өрсөлдөгч нараас нь илүү их шалгаж хянадаг гэж гомдол мэдүүлдэг. Гадаадын зарим бизнес эрхлэгчидтэй тусгайлан уулзахад төрийн авилгач албан тушаалтнууд, үүний дотор цагдаагийн алба хаагчид тэднийг илүү их шалгаж, нэгждэг хэмээн гомдоллож байлаа.

Үндсэрхэг үзэлтэй болон гадаадын иргэдэд дургүй цөөн тооны бүлэг хятадын иргэдийн аюулгүй байдал, бизнест халдахаар айлган сүрдүүлсэн бөгөөд хятад эртэй холбоотой монгол эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд заналхийлжээ. Энэ онд хятад иргэдийн эсрэг хэд хэдэн хүчирхийлэл үйлдэгдсэн мэдээлэл байна. Засгийн газар Монголд оршин суугч хятад иргэдийн эрхийг хамгаалах талаар арга хэмжээ авсан. 2007 онтой харьцуулахад ийм халдлага үйлдэгдэх давтамж энэ онд буурсан.

Ажлын талбараас гадуур явж байхдаа хятад барилгачид зарим үед тус улсын иргэдийн дайсагнал, сэжиглэлд өртдөг. Гэхдээ урьд нь хятад ажилчдаас болгоомжилж цэрвэх явдлыг нэмэгдүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн турхирсан шинжтэй мэдээлэл сурвалжлага энэ онд бага байлаа. Олимпийн наадмаас өмнөх хугацаанд монголчуудаас виз шаардахгүй байх Хятадын засгийн газрын шийдвэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хятадын талаар таатай мэдээ сурвалжлага гарч, сайн санаа өвөрлөхөд хүргэсэн юм.

Нийгмийн бусад зүй бус харьцаа, ялгаварлан гадуурхалт
Ижил хүйстэнтэйгээ явалдах талаар хуулинд тусгайлан заагаагүй. Гэхдээ Эмнести Интернэшнл, Олон улсын ижил хүйстнүүдийн холбоо эрүүгийн хуулинд “бэлгийн хүслээ ёс бусаар хангах” гэдэг заалт байдаг нь ижил хүйстнүүдийн эсрэг ашиглагдах боломжтой хэмээн шүүмжилдэг. Ижил хүйстнүүд цагдаагийн дарамтын талаар мэдээлсэн байдаг боловч нийгмийн ялгаварлан гадуурхалтын түвшний талаар санал хуваагдмал байдаг.

ХДХВ/ДОХ-той хүмүүсийг албан ёсоор ялгаварлан гадуурхдаггүй боловч зарим нийгмийн ялгаварлан гадуурхалт байсаар байна.

6 дугаар хэсэг Ажилчны эрх

a. Эвлэлдэн нэгдэх эрх

Хуулинд бүх ажилчдыг өөрсдийн сонголтоор эвлэл холбоо, мэргэжлийн байгууллага байгуулах буюу элсэх эрхтэй гэж заасан бөгөөд төрөөс практикт энэхүү эрхийг хүндэтгэдэг. Гэхдээ хуулийн зарим заалт гадаад ажилчид, төрийн албан хаагчид, хөдөлмөрийн гэрээгүй ажилчид зэрэг бүлгийн хүмүүст эдгээр эрхийг хязгаарласан.

Үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтнуудын тооцоолсноор үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн тоо 2007 онд 220000 байснаа энэ онд 209000 хүртэл буурсан ба энэ нь нийт ажиллах хүчний дөрөвний нэг орчмыг эзэлж байна. 400000 орчим ажилчид хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажээ. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу жижиг аж ахуйн нэгжид ажилладаг ажилчид үйлдвэрчний эвлэлд нэгддэггүй. Ямар ч хязгаарлалтаар үйлдвэрчний эвлэлийн албан тушаалтан байх эрхтэй хүмүүсийг хязгаарлахгүй бөгөөд нууц санал хураалтаар сонгогдоно.

Хуулинд ажил хаях эрхийг заасан боловч Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны мэдээлснээр энэ онд нэг ч ажил хаялт болоогүй. Гэхдээ тус холбооноос 4, 9-р саруудад улс даяар жагсаал цуглаан зохион байгуулж, засгийн газарт мөнгөний ханш уналтын эсрэг арга хэмжээ авч, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулахыг уриалсан.

Хэрэв ажил олгогч ажилчдын олонхийн гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол ажилчид үйлдвэрчний эвлэлийн оролцоотой, оролцоогүй ажил хаях эрхээ хэрэгжүүлж болно. Төрөөс гуравдагч этгээдийг ажил хаялт зохион байгуулахыг хориглосон.

Төрөөс үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой цагдаа, нийтийн аж ахуй, тээврийн салбарын ажилчид ажил хаях эрхгүй гэж заасан.

б. Хамтын гэрээ хэлэлцэн тохирох, зохион байгуулах эрх

Хуулинд ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, төрийн хоорондын харилцааг зохицуулдаг. Төрөөс хөдөлмөрийн гэрээ ажиллах цаг, ажлын нөхцлийн талаар хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянахаар үүрэг нь хязгаарлагддаг. Цалин хөлс, хөдөлмөрийн бусад нөхцлийг улсын буюу хувийн ажил олгогч, ажилтнууд хоорондоо тогтож тохирдог бөгөөд зарим тохиолдолд үйлдвэрчний эвлэл оролцдог. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс хувь хүн оролцсон маргааныг шийдвэрлэдэг ба бүлэг хүн оролцсон маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэхийн тулд зуучлагч, арбитрчдад ханддаг.

Хуулинд ялгаварлан гадуурхагдахгүйгээр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцох ажилчны эрхийг хамгаалжээ. Гэхдээ төр гуравдагч этгээд хамтын хэлэлцээнд оролцохыг зөвшөөрдөггүй.

Экспортыг боловсруулах бүс байхгүй.

в. Албадлагын буюу албан журмын хөдөлмөрийг хориглох

Хуулинд албадлагын буюу албан журмын хөдөлмөр, үүний дотор хүүхдийн албадлагын буюу албан журмын хөдөлмөрийг хориглосон боловч ийм явдал гарсан нь бүртгэгдсэн.

ХЭҮК-ийн мэдэгдсэнээр цэргийн албан тушаалтнууд захирагдагсдаасаа түлээ хагалуулах, траншейны нүх ухуулах, танил тал, хамаатан садныхаа өмчилдөг барилга дээр ажиллуулах зэрэг даалгавар гүйцэтгэхийг шаардан, албадан хөдөлмөрлүүлдэг ажээ.

Тодорхой бус тооны хойд солонгос ажилчид тус улсад ажиллаж байсан бөгөөд Хойд Солонгосын зарим ажилчин ажлын байраа чөлөөтэй орхих эрхгүй, ажлын нөхцөл нь хүлцэхийн аргагүй байна гэж гомдоллох эрхгүй байсан гэх мэдээлэл бий. Үүний зэрэгцээ Хойд Солонгос дахь ар гэрийнхэнд нь дарамт шахалт бий гэж үзвэл эдгээр ажилчид сайн дураараа хөдөлмөрлөөгүй гэх нэмэлт асуудал бий болгож байна.

г. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох тухай ба ажил эрхлэх насны доод хязгаар

Хуулинд 16-аас доош насны хүүхдийг ажиллахыг хориглосон боловч 14-15 насны хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрснөөр долоо хоногт 30 хүртэл цагаар ажиллаж болно 18-аас доош насны хүүхдүүд шөнө ажиллах, хүнд хөдөлмөр эрхлэх, уул уурхай, барилга зэрэг аюултай ажлын байранд ажиллаж болохгүй. Бүсийн ба орон нутгийн засаг даргын тамгын газарт томилсон хөдөлмөрийн байцаагч нар эдгээр хорио болон хөдөлмөрийн бусад бүх дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдгээр байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийг тэр даруй дагаж мөрдөхийг шаардах эрх мэдэлтэй боловч хөдөлмөрийн байцаагчдын тоо цөөн, бие даасан аж ахуйн нэгжийн тоо өсөн нэмэгдэж байгаагаас шалтгаалж хэрэгжилт хязгаарлагдмал байдаг.

Хүүхдүүд жижиг эд зүйл худалдах, хог ухах, жижиг уурхайд ажиллах, мал хариулах зэргээр албан бус хөдөлмөр эрхэлдэг. Архидан согтуурах явдал ихэсч, эцэг эх үр хүүхдээ хаядгаас шалтгаалж олон хүүхэд өөрсдийгөө тэжээж тэтгэх орлого олох шаардлагатай болдог. ХТҮТ-ийн илтгэлд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоог 65000 гэж тавьснаас 90 хүртэл хувь нь уламжлалт мал аж ахуйд ажилладаг байхад дөнгөж 1 хувь нь уул уурхайд ажилладаг гэж тооцжээ.

Олон улсын байгууллагууд хурдан морины уралдаанд хүүхдүүдээр морь унуулдагийг шүүмжилсээр байгаа юм. ХЭҮК-ийн мэдээлснээр жил бүр хурдан морины уралдаанд 30000 гаруй хүүхэд морь унаж уралдуулсан. Хүүхдүүд 4-5 настайдаа морь унаж сурах нь түгээмэл бөгөөд бага насны хүүхдүүд Үндэсний баяр наадмын үеэр хурдан морь унаж, 2-оос 20 хүртэл миль зайнд уралддаг уламжлалтай ажээ.

Баяр наадмын зэрэгцээ арилжааны зорилготой хурдан морины уралдаанд хүүхдүүдээр морь унуулах явдал нэмэгдэж байгаа талаар хүний эрхийн байгууллагууд анхааруулсан. Ийм уралдаанууд өвөл Фаренхайтын хасах 13-аас бага температурт явагдах нь олонтаа.

д. Хөдөлмөрийн нөхцөл

Нэгдүгээр сард сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90000 төгрөгөөс (76 орчим доллар) бараг 108000 төгрөг (94 доллар) хүртэл нэмэгдүүлсэн. Цалин хөлсний доод хэмжээ нь улсын болон хувийн хэвшлийн ажилчдад нэгэн адил хэрэгжих бөгөөд хөдөлмөрийн яам хэрэгжүүлнэ. Энэ нь ажилчин болон түүний гэр бүл боломжийн түвшинд амьдрахад хүрэлцэхгүй юм. Зарим ажилчид, ялангуяа хөдөө орон нутгийн жижиг компаниудын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авч байсан.

Хуулинд заасан ажлын долоо хоногт ажиллах цаг 40 бөгөөд ажлын долоо хоногуудын хооронд дор хаяж 48 цаг амрах ёстой. 14-15 насны хүмүүсийн хувьд ажлын долоо хоног нь 30 цагтай, 16-17 насны хүмүүсийн хувьд ажлын долоо хоног нь 36 цагтай. Хуулийн дагуу илүү цагийн ажлыг ердийн ажлын цагийн хөлсийг нэг нугалж цалин хөлс бодох буюу ажилласан илүү цагтай тэнцүү цагийн чөлөө олгох замаар тооцоо хийнэ. Жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг илүү цагаар ажиллахыг хуулиар хориглосон. Эдгээр хууль нь ерөнхийдөө практикт хэрэгжиж байна.

Ажилчид өвчний чөлөө авах журмыг заасан хууль байдаггүй. Засгийн газрын мэдэгдсэнээр ажил олгогч бүр энэ талаар өөрийн дүрмээ тогтоодог.

Хөдөлмөр, нөхөрлөл, аж ахуйн нэгжийн тухай хуулинд ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг тогтоосон. Гэхдээ стандартын хэрэгжилт хангалтгүй байв. Хуучирсан машин тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, менежментийн асуудал зэргээс шалтгаалан үйлдвэрийн осол ялангуяа уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт байн байн гардаг. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны мэдээлснээр жил бүр ажлын байрны ослоор 50-60 ажилчин амь насаа алддаг. Ажилчид эрүүл мэнд, аюулгүй байдалд нь аюул учруулах нөхцлөөс өөрсдийгөө зайлуулах эрхтэй бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн гэрээнд гэм хор учруулах ёсгүй. Эрх баригчид энэ эрхийг хэрэгжүүлнэ.

Дийлэнх нь хятад барилгачид болох гадаад ажилчид бага цалинтай, муу нөхцөлд амьдардаг боловч бусад иргэдийн адил хамгаалалт эдэлдэг. Гэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тоо нь үл мэдэгдэх, голдуу барилга, үйлчилгээний салбарт ажилладаг Хойд Солонгос ажилчдын ажиллах, амьдрах нөхцлийг хянаагүй.