jump over navigation bar
Embassy SealАНY-ын Төрийн Департамент
АНУ-ын ЭСЯ - УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС flag graphic
ЭСЯ-ны Мэдээ
 
  ЭСЯ-ны тухай Элчин Сайдын оролцсон арга хэмжээний зурагнууд Газар / Хэлтсүүд ЭСЯ-ны сүүлийн үеийн мэдээ Хэвлэлийн мэдээ Илтгэлүүд Монголын тухай илтгэлүүд Авилгалын Эсрэг Ерөнхийлөгч Энхбаярын АНУ-д хийсэн айлчлалын үеийн мэдээлэл Энхтайвны Корпусын хөтөлбөрийн хэвлэлийн мэдээ ЭСЯ-ны зургийн цомог Ажлын Зар Архив

2007 оны олон улсын шашны эрх чөлөөний тухай тайлан
Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн товчооноос гаргав

Үндсэн хуулинд шашны эрх чөлөөний талаар заасан бөгөөд практикт Засгийн газар энэхүү эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэхдээ аливаа шашны байгууллага, лам санваартны бусдыг өөрийн шашинд оруулах үйл ажиллагааг хуулиар хязгаарласан байдаг ба төрийн байгууллагын зүгээс шашны зарим бүлэгт хүнд суртал гаргаж, тэднийг бүртгэхээс татгалзах тохиолдол гардаг.
Энэхүү тайлангийн хугацаанд Засгийн газрын зүгээс шашны эрх чөлөөг хүндэтгэх байдалд өөрчлөлт гараагүй.

Шашин шүтлэгээс үүдсэн нийгмийн зүй бус харьцаа буюу шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан тохиолдол хэд хэд гарчээ.

АНУ-ын Засгийн газар хүний эрхийг дэмжих ерөнхий бодлогынхоо хүрээнд тус улсын засгийн газартай шашны эрх чөлөөний асуудлын талаар санал бодлоо солилцдог. Ялангуяа зарим шашны байгууллага бүртгүүлэхэд гардаг хүндрэл бэрхшээлийг шалгаж, арилгахыг АНУ-ын Засгийн газар тус улсын Засгийн газарт уриалсан.

I хэсэг. Шашны хүн ам зүй

Тус улс нийт 604,247 хавтгай дөрвөлжин миль нутаг дэвсгэртэй бөгөөд 2.6 сая хүн амтай. Буддын шашин нь тус улсын уламжлалт зан заншилтай нягт холбоотой ба тус улсын монгол угсаатан хүн амын (хүн амын 93 хувийг эзэлдэг) дийлэнх нь Буддын шашин шүтдэг. Төвдөөс гаралтай Буддын шашны урсгал тус улсын уламжлалт зонхилох шашин юм.

1990 онд шашин, уламжлалт зан заншлыг хянах социалист хяналт устсанаас хойш тус улсын хүн амын дунд Буддын шашныг сонирхох сонирхол идэвхжин, шүтэгчдийн тоо өссөн. Буддын шашин дотроо хэд хэдэн өрсөлдөгч урсгалтай.

Ихэнх нь исламын шашин шүтдэг казахчууд тус улсын хамгийн том үндэсний цөөнх бөгөөд тус улсын нийт хүн амын 4 хувь, баруун зүгт орших Баян-Өлгий аймгийн хүн амын 85 хувийг тус тус эзэлдэг ажээ. Казахчууд хүүхдүүдэд зориулсан ислам шашны сургуультай. Зарим үед тэд Казахстан, Турк зэрэг улсын шашны байгууллагуудаас санхүүгийн тусламж авдаг.

Тус улсад цөөн тооны Христийн шашинтан, үүний дотор католик, үнэн алдартан, протестант шашинтнууд байдаг. Христийн шашинтны тоог нарийн гаргасан улсын хэмжээний мэдээ байхгүй. Тус улсын нийслэл Улаанбаатар хотод Христийн шашныг шүтэгчдийн тоо ойролцоогоор 30,000 байгаа нь хотын бүртгэлтэй иргэдийн 3 орчим хувийг эзэлж байна.

Зарим иргэд бөө мөргөлийг шүтдэг боловч бөө мөргөлтний тоог гаргасан найдвартай статистик мэдээ байхгүй.

Шашны дэлгэрүүлэгчид тус улсад ажилладаг.

II хэсэг. Шашны эрх чөлөөний байдал

Эрх зүй/бодлогын хүрээ

Үндсэн хуулинд шашны эрх чөлөөний талаар заасан бөгөөд практикт Засгийн газар энэхүү эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэхдээ аливаа шашны байгууллага, лам санваартны бусдыг өөрийн шашинд оруулах үйл ажиллагааг хуулиар хязгаарласан байдаг ба бүртгүүлэхийг хүссэн шашны зарим бүлэг хүнд сурталтай тулгарах тохиолдол гардаг. Үндсэн хуулиар төр, сүм хийдийн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн.

Хэдийгээр тус улсад төрийн шашин байхгүй боловч  уламжлалыг баримтлагч монгол угсаатнууд Буддын шашин нь тус улсын “төрөлх шашин" гэж үздэг. Засгийн газар шашин, түүх, соёлын чухал төв болох Буддын шашны хэд хэдэн газрыг сэргээн босгоход хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлжээ. Засгийн газар Буддын шашныг болон өөр аливаа шашны бүлгийг үүнээс өөр байдлаар дэмжиж тэтгээгүй.

Шашны бүлэг хууль ёсны байгууллага болж үйл ажиллагаа явуулахын тулд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ёстой. Энэ бүртгэлийн ажиллагаа нь төвлөрөөгүй, хүнд суртлын ажиллагаа болно. Шашны байгууллагууд жил бүр бүртгэлээ шинэчлэх ёстой. Хуулийн дагуу Засгийн газар зохион байгуулалттай шашны бүлгийн мөргөл үйлдэх газар болон лам санваартны тоог хянаж, хязгаарлаж болно. Засгийн газар бүртгэлийн ажиллагааг шашны мөргөлийн газар болон санваартны тоог хязгаарлах механизм болгон ашигладаг. Гэхдээ тайлангийн хугацаанд санваартны тоог хязгаарласан гэх тохиолдол гараагүй.

Шашны бүлгүүд ийнхүү бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлж өгөх ёстой: бүлгийг бүртгүүлэхээр үндэсний яаманд гаргасан өргөдөл, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу бусад эрх бүхий байгууллагаас шашны үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бичиг, байгууллагын товч танилцуулга, байгууллагын дүрэм, орон нутгийн бүлгийг байгуулсан тухай баримт бичиг, удирдагчид буюу ажилтнуудын нэрсийн жагсаалт, шашны үйл ажиллагаа эрхлэх хүний товч намтар, шүтэгчдийн тоо. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохоосоо өмнө дээрхтэй төстэй бичиг баримт шаарддаг. Хууль зүй, дотоод хэргийн яам байгууллагын өргөдлийг батлах эцсийн эрх мэдэлтэй байдаг нь ерөнхийдөө ёс төдий  зүйл байдаг шинжтэй. Амьдрал дээр орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлууд өргөдлийг хянан үздэг.

Бүртгэлийн ажиллагаа нь төвлөрөөгүй, хүнд суртлын хэд хэдэн үе шаттай. Хамгийн түргэн бүртгүүллээ гэхэд хэдэн сар болж болно. Хэрэв шашны бүлэг хөдөө ажиллахаар төлөвлөж буй бол нийслэлд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх нь хангалтгүй. Учир нь тус бүлэг хөдөө орон нутгийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай байдаг. Тус улсад нийт 391 бүртгэлтэй сүм хийд байгаагаас 217 нь Буддын, 143 нь Христийн, 5 нь Бахайн, 24 нь Ислам шашны, 2 нь бөө мөргөлийн сүм хийд ажээ. Тайлангийн хугацаанд дээр дурдсан яаманд Христийн 16, Буддын 11, Исламын 19, бөө мөргөлийн 2 сүм хийд нэмж бүртгэгджээ. Улаанбаатар хотод тус бүр нэг нэг сүмтэй Буддын 1, Христийн 3 шашны байгууллагын бүртгүүлэх өргөдөл хянагдаж байгаа.

Төрийн харъяалал бүхий сургуулиудад шашны сургалт явуулахыг хориглодог. Улаанбаатар хотод Буддын шашны лам бэлтгэдэг нэг сургууль бий.

Шашны эрх чөлөөг хязгаарласан заалтууд

Бүртгэлтэй шашны бүлгүүдийн бусдыг өөрийн шашинд оруулах үйл ажиллагааг хуулиар хориглоогүй боловч үүний тулд “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг” хориглож хязгаарласан байдаг. Тайлангийн хугацаанд энэ хуулиар ялласан тохиолдол гараагүй. Боловсролын яам удирдамж гарган гадаад хэлний буюу бусад сургалтыг шашны сургалттай хослуулахыг хориглосон. Энэхүү хориглосон журмын хэрэгжилтийг ялангуяа нийслэл хотод хатуу хянадаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэхүү журмыг зөрчсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Хууль зөрчсөн шашны бүлгүүдийн бүртгэлийг сунгахгүй байж болно. Хэрэв хувь хүн хууль зөрчвөл түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлахыг ажил олгогчоос нь засгийн газар хүсч болно. Тайлангийн хугацаанд ийм тохиолдол гараагүй. Бүх шашны бүлэг бүртгүүлэх, бүртгэлээ шинэчлэх үүрэгтэй. Энэ ажиллагааны үргэлжлэх хугацаа, бүрдүүлэх баримт бичиг зэрэг нь зарим байгууллагуудыг өргөдөл гаргахаас халшрахад хүргэдэг. Орон нутгийн албан тушаалтнууд Христийн сүм "хэт олон” байна гэх буюу шинээр бүртгүүлж байгаа Буддын шашны болон Христийн шашны сүм хийдийн тоо ядаж ойролцоо байх ёстой гэж боддог хэмээн Христийн шашны зарим бүлгүүд хэлж байлаа. Тайлангийн хугацаанд Улаанбаатар хотод Христийн шашны сүм хийд бүртгэхээс татгалзсан тохиолдол гараагүй; 4 шашны байгууллагын өргөдөл хяналтын шатанд байсан.

Улаанбаатарын дэргэд байдаг Төв аймгийн эрх баригчид Христийн сүм хийдийг бүртгэхээс байнга татгалздаг. Тус аймагт одоогийн байдлаар бүртгэлтэй Христийн сүм хийд нэг ч байхгүй бөгөөд тайлангийн хугацаанд хэд хэдэн Христийн сүм хийдийн бүртгүүлэх өргөдөлд татгалзсан хариу өгчээ. 2007 оны 5-р сард нэг төрийн бус байгууллага (ТББ) Хүний эрхийн үндэсний комисст Төв аймгийн эрх баригчид Христийн сүм хийдийг бүртгэхээс татгалздаг талаар гомдол гаргасан. 2007 оны 6-р сард тус Комисс Төв аймгийн хууль тогтоох байгууллагад Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдэгдсэн бичиг явуулжээ. Өнгөрсөн жил хүртэл тус улсын Исламын шашны бараг бүх сүм төвлөрсөн нэг Исламын байгууллагын салбарууд байдлаар бүртгэгдсэн байлаа. Гэхдээ тайлангийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам Исламын шашны сүм болгон өөр өөрийн байрладаг орон нутгийн эрх баригчдаас нэмэлт зөвшөөрөл авах хэрэгтэй гэж тодруулан мэдэгдсэн. Энэхүү тусдаа бүртгүүлэх ажиллагаа ерөнхийдөө саадгүй явагдсан. Гэхдээ Дархан-Уул аймаг дахь Исламын нэгэн сүмийн өргөдлийг аймгийн хурал баталсан гэсэн боловч баримт бичгээ хүлээж аваагүй ажээ. Тиймээс энэ сүм Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх боломжгүй болжээ.

Бүртгэлгүй шашны байгууллагууд практикт их төлөв үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг боловч эрх баригчидтай харилцахад бэрхшээлтэй тулгардаг ба гадаадаас лам санваартан авчрахдаа виз авах боломжгүй байдаг. Визийн асуудал ялангуяа Христийн шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Учир нь тэдний олонхи нь гадаадаас лам санваартан авчирч үйл ажиллагаа явуулдаг билээ.

Улаанбаатар хот дахь Ислам шашинтнууд эрх баригчид тэднийг сүм хийдээ барихад нь тусалж, газар хандивласан гэж мэдээлсэн.

Шашны хоригдол буюу шашин шүтлэгийн улмаас баривчлагдсан этгээд байхгүй.

Шашинд хүчээр оруулах

Шашинд хүчээр оруулсан, үүний дотор Америкийн Нэгдсэн Улсаас АНУ-ын бага насны иргэдийг хүчээр авч явсан, хууль бусаар гаргасан буюу ийм иргэдийг Америкийн Нэгдсэн Улсад буцаахыг хориглосон тохиолдол гараагүй

III хэсэг. Нийгмийн зүй бус хандлага, ялгаварлан гадуурхалт

Энэ тайлангийн хамрах хугацаанд шашин шүтлэг дээр үндэслэсэн нийгмийн зүй бус хандлага, ялгаварлан гадуурхах тохиолдол хэд хэд гарсан. Иргэд бусдын шашин шүтлэгт ерөнхийдөө хүлцэнгүй ханддаг. Гэхдээ урьд нь хүмүүнлэгийн тусламжийг дагалдан шашинд оруулах үйл ажиллагаа явуулж байсны улмаас Христийн шашин дэлгэрүүлэх бүлгүүд болон иргэдийн хооронд зарим зөрчил байсан. Зарим консерватив үзэлтнүүд хүүхэд, залуучуудад гадаадынхны үзүүлж буй нөлөө, түүний дотор гадаадын шашны нөлөө, хүмүүсийг шашиндаа эд мөнгөөр татаж байгаа явдлыг шүүмжилж байв.

IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого

АНУ-ын Засгийн газар хүний эрхийг дэмжих ерөнхий бодлогынхоо хүрээнд тус улсын засгийн газартай шашны эрх чөлөөний асуудлын талаар санал бодлоо солилцдог. АНУ-ын Элчин сайдын яамны албан тушаалтнууд Христийн шашны бүлгүүдийн бүртгүүлэх ажиллагаанд тулгарч буй асуудал бэрхшээлийн талаар эрх баригчидтай уулзаж санал бодлоо солилцсон. Эдгээр уулзалтын явцад шашны эрх чөлөө, авилгалын талаар АНУ-ын баримталж буй байр суурийн талаар голлон ярьсан бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд бүртгүүлэхэд тавьдаг шаардлагыг тодорхой болгов. Элчин сайдын яамны албан тушаалтнууд мөн шашин шүтлэг дээр суурилсан ТББ-уудыг бүртгэхэд тавьдаг шаардлагын талаар санал бодлоо солилцсоор байгаа бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссыг бүртгэлийн ажиллагаанд гардаг асуудлыг шалгаж, засч залруулж өгөхийг уриалсан.

Тус Элчин сайдын яам НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчийн газартай байнгын харилцаа холбоотой байж, шашны эрх чөлөө болон хүний эрхийн бусад асуудлаар санал бодлоо солилцдог.


 2007 оны 9-р сарын 14-нд гаргав

дээш ^

Хyyдасны Багаж Хэрэгслэлyyд:

Printer_icon.gif Хэвлэх



 

    Энэхyy сайтыг АНУ-ын Тeрийн Департаментаас эрхлэн гаргадаг бeгeeд гадны холбоос бyхий интернэт хуудаснууд нь энэхyy сайтын хувийн нууцлал, журам, ойлголтуудыг зeвшeeрч байгаа гэсэн ойлголт биш юм.

АНУ-ын ЭСЯ