Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
ЭСЯ-ны мэдээ

Олон нийттэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

3 сарын 29, 2011
Оролцогчид хурлын үеэр (Төрийн департамент)

Оролцогчид хурлын үеэр

Улаанбаатар хот. ММСС-ийн Хүрээлэн буй орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний алба, тус албаны зөвлөх компани, Авто замын төслөөс хамтран төслийн хүрээнд баригдах Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км авто зам, 288 метр гүүрийг шинэчлэн сайжруулах, шинээр барих барилгын ажил хийгдэхтэй холбогдуулан замын зурвас газар байрласан, нүүлгэн шилжүүлэлтэд өртөх магадлалтай иргэдийн төлөөлөлтэй 2011 оны 3 дугаар сарын 26-ны өдөр уулзалт зохион байгуулав.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар нүүлгэн шилжүүлэлтэд өртөх магадлалтай иргэдэд Америкийн Нэгдсэн Улс болон Монгол улсын Засгийн газрын хооронд байгуулсан компакт гэрээ, компакт гэрээний нэмэлт өөрчлөлт болон Авто замын төслийн талаар мэдээлэл өгч, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км авто зам, 288 метр гүүрийн өнөөгийн байдал, тэдгээрийг шинэчлэн, сайжруулах хэрэгцээ, шаардлага түүний ач холбогдол, үр дүнгийн талаар Авто замын төслөөс иргэдэд танилцууллаа.

Улмаар шинээр барих, шинэчлэн сайжруулах зам, гүүрийн байршил, трассын хувилбар, сонголт, техникийн үзүүлэлтүүд болон тэдгээрийн нарийвчилсан зураг төслийн талаар төслийн Зөвлөх компани (HPM), нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлага, нүүлгэн шилжүүлэлтийн журам, төлөвлөгөө болон төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар ММСС-ийн Хүрээлэн орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний алба (ESA) болон тус албаны зөвлөх компани (ESOC) тус тус танилцуулга хийв. Төгсгөлд нь ММСС-аас болон төслийн зүгээс уулзалтад ирсэн иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж харилцан ярилцлаа.

Иргэд санаа зовниж буй зүйлээ ярилцахын зэрэгцээ: “Хувь хүний эрх ашгаас илүү олон нийтийн эрх ашиг илүү гэдэг. Бидний ажил, амьдралаа залгуулдаг уг зам, гүүрийг шинэчлэх, шинээр барих болсонд туйлын баяртай байна. Зам дагаж хөгжил гэгчээр уг зам, гүүрийг шинэчлэхийн ач холбогдол нь бидэнд төдийгүй бидний хойч үед үлдэх их хэмжээний хөрөнгө оруулалт юм” хэмээн дэмжиж урамшуулсан үгээ ч хэлж байлаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Ундармаа хэлэхдээ: “ММСС-ийн Авто замын төсөл хэрэгжиж Улаанбаатар-Налайхын зам, гүүрийг шинэчлэн сайжруулах, шинээр барих их бүтээн байгуулалтын ажил хэрэгжих болсонд их баяртай байна. Бид энэхүү зам, гүүрийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлыг удаан хугацаанд хүлээсэн. Монгол улсын Засгийн Газрын бодлогын хэмжээнд хэрэгжүүлж буй уг ажлыг бидний зүгээс бүхий л байдлаар дэмжиж ажиллана” гэсэн юм.

Зөвлөлдөх уулзалтад барилгын ажил хийгдэхэд зам дагуу байрлалтай нүүлгэн шилжүүлэлтэд өртөх магадлалтай иргэдийн төлөөлөл болох 19 хүн, ММСС-ийн Авто замын төсөл, төслийн зөвлөх компани, Хүрээлэн орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээний албаны захирал, мэргэжилтнүүд, түүнчлэн Оролцогчдын хорооны гишүүн тус тус оролцлоо.