АНУ-ын Худалдаа, Хөгжлийн Агентлаг нь Монгол Улсад Цементийн үйлдвэрлэлийн дэд бүтэц хөгжүүлэхийг дэмжиж, хамтран ажиллах түншлэлийг эхлүүллээ
УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС – 2009 оны 8-р сарын 28-ны энэ өдөр АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагаас Ялгуун Интернейшнл ХХК-д дотоодын цементийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын төмөр замын гол чиглэлийн дагуу хуурай аргаар цемент үйлдвэрлэх цементийн үйлдвэрийг байгуулах нарийн судалгаа, үнэлгээг хийж гаргахад шаардагдах хөрөнгө мөнгийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр хүлээлгэн өгөв.
250 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг хүлээлгэн өгөх ѐслолын үйл ажиллагаа Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд болж, холбогдох бичиг баримтыг АНУ-ын Засгийн газрын өмнөөс АНУ-аас МУ-д суугаа Элчин сайд Марк Минтон болон Ялгуун Интернейшнл ХХК-ний Ерөнхий захирал Нацагдорж Зоноров нар үсэглэв.
Энэ үеэр Элчин сайд Марк Минтон хэлэхдээ, “Чухам яг ийм, үйлдвэрлэлд хэрэгцээтэй дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлдэг нь манай хоѐр улсын хамтын ажиллагааны нэгэн чухал шинж чанар юм” гэв. Цааш нь хэлэхдээ, “Сүүлийн хэдэн жилд Монголд эдийн засгийн эрчтэй хөгжлийг дагаад цементийн эрэл хэрэгцээ ихээр өссөн билээ. Харамсалтай нь үүний 90 хувийг гаднаас оруулж ирдэг. Өндөр эрэл хэрэгцээ, тээвэрлэлтийн өртөг гэх хоѐр хүчин зүйл нь эцсийн дүндээ цементийн үнийг хөөргөж өгсөн. Энэ нь эргээд тус улсын барилгын салбарын хөгжлийг гацаанд оруулж байна.”
Монгол эзэнтэй Ялгуун Интернейшнл ХХК нь цаашид дотоодын зах зээлд цемент нийлүүлэх цементийн шинэ үйлдвэрийг барьж байгуулахад шаардагдах нарийн судалгаа, тооцоо үнэлгээг хийж гаргах ажилд АНУ-ын ХХА-аас өгч буй энэхүү буцалтгүй тусламжийг зориулах юм. Шинээр баригдах үйлдвэр нь жилд нэг сая метр тонн буюу Монголын цементийн бараг бүтэн жилийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай байхаар төлөвлөгдөж байгаа.
АНУ-ын ХХА-ын Захирлын үүрэг гүйцэтгэгч Леокадиа Зак хэлэхдээ “Цементийн шинэ үйлдвэр барих энэхүү төсөл нь дотоодын цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эрэл хэрэгцээг өөрсдийн хүчээр чөлөөтэй хангадаг болоход тус нэмэр болохоос гадна Монгол дахь барилгын материалын үнэ өртөгт асар их өөрчлөлт авчрах болно” гэв. Тэрээр “АНУ-ын ХХА нь энэ чиглэлээр Ялгуун компанитай хамтран ажиллах болсондоо тун баяртай байна. Ингэснээр Монгол Улсад АНУ-гаас технологи, үйлчилгээ оруулж ирж дэд бүтцийг хөгжүүлэх үнэ өртөгийг бууруулах болно.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нарийн судалгаа, үнэлгээ тооцоог гаргахын тулд Ягуун компани нь Пеннсильвениа мужийн Бетлехем хотод төв нь байдаг цемент боловсруулах тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэгч FLSmidth /ФЛСмидт/ компанийг хамтран ажиллах түншээрээ сонгосон байна.
FLSmidth компани нь төсөл хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээг хийж гаргах ажилд зориулж нэмж хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэх юм.
АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг нь хөгжиж буй болон дунд орлоготой улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, АНУ-аас тэдгээр орнуудтай хийх худалдааг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Тус агентлаг нь хамгийн сүүлийн үеийн дэд бүтцийг барьж босгоход дэмжих, худалдааны нээлттэй, шудрага орчныг бүрдүүлэхийн төлөө техникийн туслалцаа үзүүлэх, төсөл хэрэгжүүлэх нарийн судалгаа, үнэлгээг хийж гаргах, сургалтанд хамруулах, чиглэл тодорхойлох айлчлал, ажил хэргийн уулзалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлдэг. АНУ-ын ХХА, суугаа оронд нь хөрөнгө оруулалтын эрүүл ухаалаг бодлого хэрэгжүүлэх, шийдвэр гаргах явдлыг дэмжихийн төлөө гадаад тусламжийнхаа хөрөнгө мөнгийг бодлоготойгоор ашигладаг тул энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд тус нэмэртэй байдаг юм. Үүрэгт ажлаа гүйцэтгэх явцад тус агентлаг нь тухайн улс оронд АНУ-аас экспортоор авах бараа, үйлчилгээ ашигтай тусах тэр л эдийн засгийн салбаруудыг түлхүү дэмждэг.
АНУ-ын ХХА-ын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ustda.gov цахим хуудаснаас харна уу.