Skip Navigation
Skip Left Section Navigation

Хэвлэлийн Мэдээ

АНУ-аас Монгол Улсад дахин 7.5 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Улаанбаатар хот. 2009 оны 9 дүгээр сарын 9. Өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Марк К. Минтон, Монгол Улсын Сангийн сайд С. Баярцогт нар нийт 7,468,924 ам. долларын буцалтгүй тусламж үзүүлэх тухай засгийн газар хоорондын хоёр хэлэлцээрт гарын үсэг зурав.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг \ОУХА\-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж,  үр дүнг нь хянах эдгээр хэлэлцээр Монгол Улсын ирээдүйд чухал ач холбогдол бүхий хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлт болон илүү үр ашигтай, хариуцлагатай засаглалын асуудлыг хөндөх юм.

Эхний хэлэлцээрээр АНУ-ын ОУХА-аас хэрэгжүүлж буй эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэгдсэн төсөлд 6,868,924 ам. доллар олгоно. 2003 оноос хэрэгжиж эхэлсэн “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар“ төслийг АНУ-ын ОУХА, АНУ-ын Засгийн газрыг төлөөлөн Кемоникс Интернэшнл Инк хэрэгжүүлж байгаа бөгөөд  уг төсөл 2011 оныг дуустал үргэлжлэх юм.  Энэхүү төсөл нь эдийн засаг, худалдааны бодлого, санхүү, эрчим хүчний салбарын шинэчлэл, эдийн засгийн гол гол бодлогын асуудлаар үндэсний зөвшилцөл бий болгоход анхааран ажилладаг.

Өнөөдөр гарын үсэг зурсан хоёр дахь хэлэлцээрийн дагуу АНУ-ын төрийн бус байгууллага болох Азийн Сантай байгуулсан гэрээнд нэмэлт 600,000 ам.долларын санхүүжилт олгох юм. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Авилгатай Тэмцэх Газрын чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, мөн бизнесийн маргааныг шийдвэрлэх чиглэлээр Монголын шүүхийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх ажлыг эхлэх боломжийг Азийн Санд олгох юм.  Азийн Сан нь Монгол Улсад 1993 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Төрийн ордонд болсон гарын үсэг зурах ёслолын үеэр Элчин сайд Марк Минтон: “Эдгээр хэлэлцээр нь чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх гэсэн Монгол Улсын эрмэлзлэлийг АНУ-ын Засгийн газраас тууштай дэмжиж байгаагийн илрэл бөгөөд  АНУ-ын ОУХА-ын санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа бусад  хөтөлбөрүүдийн нэгэн адил энэхүү төслүүд ч Монгол Улс, АНУ-ын Засгийн газар, ард түмний хоорондын нягт харилцааг цаашид улам бэхжүүлэх юм“ гэж хэллээ.

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С. Баярцогт, АНУ-ын Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Элчин сайд Марк К. Минтон болон АНУ-ын ОУХА-ийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жеффри В. Гүүдсон нар гарын үсэг зурав.