Skip Navigation
Skip Left Section Navigation

Хэвлэлийн мэдээ

Ногоон картны DV-2011 сугалаа 2009 оны 10-р сарын 2-нд эхлэнэ

АНУ-ын Төрийн Департмент нь DV-2011 буюу 2011 оны Ногоон картны сугалааны өргөдлийг 2009 оны 10-р сарын 2-ны өдрөөс 2009 оны 11-р сарын 30-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна. Сугалаанд оролцохыг хүсэгчид өргөдлөө аль болох эрт өгөхийг зөвлөж байна. АНУ-ын цагаар 2009 оны 11-р сарын 30-ны өдрийн 12:00 цагаас хойно өгсөн өргөдлийг хүлээж авахгүй.

Сугалаанд оролцогчид өргөдөлдөө имэйл буюу цахим шуудангийн хаягаа заавал оруулах ёстой. Сугалаанд хожсон тухай мэдэгдэл жирийн шуудангаар ирэх боловч хожсон хүмүүст холбогдох заавар зөвлөмжүүдийг илгээхэд цахим шууданг ашиглах болно. 2011 оны Ногоон Картны сугалаанд бүртгүүлэгсэд 2010 оны 7-р сарын 1-нээс эхлэн интернэтээр өөрсдийн өргөдлийн явцыг хянах боломжтой болох юм. Харин 2010 оны сугалаанд оролцсон хүмүүсийн мэдээлэл 2010 оны 6-р сарын 30 хүртэл хадгалагдана.

Сугалаанд оролцогсод АНУ-ын Төрийн Департментын албан ёсны www.dvlottery.state.gov хаягаар орж цахим өргөдлийн маягтыг бөглөж явуулах ёстой бөгөөд цаасаар өгсөн өргөдлийг хүлээж авахгүй.

Өргөдлийн маягтыг бөглөхдөө өөрсдөө, эсвэл найз нөхөд, хамаатан, хуульч гэх мэт хэн нэгнээр туслуулж болох боловч нэг хүний нэр дээр зөвхөн нэг л өргөдөл хүлээн авахыг анхаарна уу. Мөн өргөдөлд дурдагдсан бүх мэдээллийн бүрэн бөгөөд үнэн зөв эсэхийг зөвхөн өргөдөл гаргагч хариуцах ёстойг анхаар. Дутуу болон буруу мэдээлэл агуулсан өргөдөл нь сугалаанд хожсон тохиолдолд цаашид виз олгох явцад сөргөөр нөлөөлдөг.

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд үнэгүй бөгөөд хэн нэгэн зуучлагчаар дамжуулах нь сугалаанд хожих магадлалыг огтхон ч нэмэгдүүлэхгүй. Виз зуучлагчид хандаж, орчуулга болон өргөдлөө бөглөхөөс бусад чиглэлээр туслалцаа авах нь тухайн сугалаанд оролцогчийг насан туршдаа АНУ-ын хилээр орох эрхгүй болоход хүргэх талтайг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны дараах цахим хуудаснаас авна уу: http://mongolia.usembassy.gov/greencard