Skip Global Navigation to Main Content
Skip Breadcrumb Navigation
Илтгэл, өгүүлэл болон бусад чухал бичиг баримтууд

"АНУ болон Ази, Номхон далайн бүс 2013 онд" Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилоны хэлсэн үг

2013 оны 3 сарын 11
Азийн Нийгэмлэг
Нью Йорк

Намайг энд элэгсэг хүлээн авч танилцуулсанд, бас төр засаг болон Азийн Нийгэмлэгт хүчин зүтгэж байгаа Хэнриеттад баярлалаа. Өнөөдөр биднийг энд цуглуулсан Сьюзанд баярлалаа. Та бүхэнтэй энэ сайхан хүрээлэлд хамт байгаадаа маш таатай байна. Бараг 60 жилийн турш энэ байгууллага Ази, Америкийн соёлыг, бидний санаа бодол, манлайлагчид, ард түмнүүдийг холбож байна.

Тэдгээр хүмүүсийн нэг бол Азийн нийгэмлэгт бодитой хувь нэмэр оруулсан танай дарга асан, миний 30 жилийн турш нөхөрлөсөн анд Ричард Холбрук байлаа. Ричард Балканаас Өмнөд Ази хүртэл хийсэн ажлаараа нэрд гарсан хүн байв. Тэрээр Зүүн Азийг хариуцсан хамгийн залуу Туслах төрийн нарийн бичгийн даргын хувьд Азийн асуудлыш сайн мэддэг байлаа. Ричард маш их зүтгэл гарган ажилласан Зүүн өмнөд Азидаа төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг даяар энхтайван, хөгжил дэвшил дэлгэрэх боломжтой гэсэн санааг байнга дэвшүүлдэг байсныг бид одоо ч тээсээр яваа. Өнөөдөр энэ санаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэн чухал болж байгаа учраас, АНУ-ын ирээдүй Ази, Номхон далайн бүсэд шинээр тогтож байгаа эдийн засаг, стратеги, улс төрийн нөхцөл байдалтай нэн нягт холбоотой болж байгаа учраас өнөөдөр би энд ирсэн юм.  Өнгөрсөн 11-р сард би Вашингтонд хэлсэн үгэндээ Азийн өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг тусгахын тулд АНУ дэлхий дахин дахь байр сууриа хэрхэн дахин тэнцвэржүүлж байгаа тухай ярьсан. Ерөнхийлөгч Обама хоёрдахь удаагаа сонгогдоод ажлаа эхэлж буй энэ үед бидний өмнө байгаа зарим нэг тодорхой бэрхшээлтэй асуудлууд руу анхаарлаа хандуулахыг би хүсч байна.

Азид ч бас шилжилтийн үе тохиож байгаа учраас энэ нь цаг үеэ олсон асуудал болж байна. Токио, Сөүлд шинэ удирдлага ажлаа аваад байна. Бээжинд Хятадын удирдлагын халаа сэлгээ энэ долоо хоногт хийгдэж дуусна. Ерөнхийлөгч Обама болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баг тэдгээр шинэ лидерүүдтэй бүгдтэй нь бүтээлч яриа хөөрөө хийж амжсан байгаа. Малайз, Австрали болон бусад газруудад ч сонгууль болно. Эдгээр өөрчлөлт нь энэхүү эрчимтэй бүс нутагт АНУ-ын тогтвортой бөгөөд тууштай байр суурь нэн чухлыг бидэнд сануулж байна.

Яагаад бодлогоо Ази руу хандуулах хэрэгтэй вэ?

 

Ази, Номхон далайн бүс рүү бодлогоо хандуулах асуудлаар эхэлж ярья. Ямар ч засаг захиргаа дараа дараагаар тохиох хямралуудыг бэрхшээл ба боломжуудтай ажиллах урт хугацааны стратегиа боловсруулахад нь хүндрэл учруулахгүй байлгах асуудалтай тулгардаг.

9-р сарын 11-ны үйл явдлын дараах 10 жил, 2 дайн, санхүүгийн хямралын дараа Ерөнхийлөгч Обама дэлхий дахин дахь АНУ-ын манлайллын үндэс суурь буюу улс орныхоо эдийн засгийн хүч чадлыг дахин сэргээх зорилттойгоор ажлаа эхэлсэн юм. Түүнээс хойшхи 35 сарын хугацаанд АНУ эдийн засгаа сэргэлтийн замд оруулж, 6 сая ажлын байр бий болгосон цогц бодлогыг гаргаж тавьсан юм.   

Үүний зэрэгцээ АНУ-ын манлайллыг эргэн харна гэдэг нь зөвхөн өнөөдөр анхаарлын төвд буй сорилтууд биш, харин ирэх он жилүүдэд дэлхийн дэг журмыг тодорхойлох бүсүүд рүү хүчин чармайлт болоод нөөц бололцоогоо хандуулахыг хэлж байгаа юм. Тийм ч учраас бүр эхнээсээ, албаа хүлээж авахаасаа ч өмнө Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын багийнхандаа АНУ-ын оролцоо болон нэн тэргүүний зорилтуудыг дэлхийн хэмжээнд эргэн харж, стратегийн үнэлгээ хийхийг даалгасан юм. Бид нар АНУ-ын дэлхийд харагдаж байгаа нүүр царай болон үлдээж буй мөр ямар байна вэ, ямар байх ёстой вэ гэж өөрсдөөсөө асуусан. Бид үндэсний аюулгүй байдлын гол ашиг сонирхлоо тодорхойлох зорилт тавьсан. Дэлхий даяар бид хаана нь их, хаана нь бага жин дарж байна вэ гэдгээ эргэн харсан.

Энэхүү үнэлгээгээр хэд хэдэн тодорхой дүгнэлт гарсан. АНУ-ын хүчийг төлөвлөх, чиглүүлэх талаар тэнцвэргүй байдал байгаа нь тодорхой харагдсан. Зарим бүс нутагт, түүний дотор Ойрхи Дорнодод явуулж байсан цэргийн ажиллагаа зэрэг бид хэтэрхий их жин дарсан газрууд байна гэж Ерөнхийлөгч дүгнэсэн. Түүний зэрэгцээ Ази, Номхон далайн бүс зэрэг бусад бүсүүдэд бид маш бага жин дарж байсан. Яг үнэндээ, энэ нь газар зүйн хувьд бидний хамгийн гол тэнцвэргүй байдал гэж бид үзсэн.       

Нэг талаасаа энэ нь Азийн бүс дэх урьд хожид байгаагүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурийг тогтвортой болгоход хэдэн арван жилийн турш АНУ-ын гүйцэтгэж ирсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч байлаа. Цаашилбал, Ази болон АНУ-ын ирээдүй улам бүр гүн гүнзгий холбоотой болж байгаа нь биднийг хөтлөх санаа болж байв. Эдийн засгийн хувьд Ази бол дэлхийн ДНБ-ний дөрөвний нэгийг аль хэдийн эзлэх болсон. Дараагийн таван жилд АНУ-аас гадуурх өсөлтийн бараг тал хувь нь Азийнх байх болно гэсэн хүлээлт байна. Энэхүү өсөлт нь тус бүсийн ирээдүйг тодорхойлж буй геополитикийн хүчирхэг гүрнүүдийг тэтгэж байна. Хятадын өсөлт, Японы уян хатан чанар, “Дэлхийн Солонгос”-ын хөгжил, дорно руу чиглэсэн Энэтхэг болон өмнөхөөсөө илүү их харилцан уялдаа холбоо бүхий, цэцэглэн хөгжиж буй Зүүн өмнөд Азийн улсууд.  

Эдгээр өөрчлөлт нь Азийн эдийн засаг, дипломат болон улс төрийн дүрмүүд дөнгөж тодорхойлогдож эхэлж байгаа цаг үед тохиож байна. Номхон далайн хоёр эрэгт байгаа хүмүүсийн аль алиных нь хувьд нилээд жинтэй бооцоо гэсэн үг. Ази, Номхон далайд чиглэсэн АНУ-ын дахин тэнцвэржүүлэх бодлого бол АНУ-ын манлайлал, эдийн засгийн оролцоо, бүсийн институцуудэд тогтвортой анхаарал хандуулах, олон улсын дүрэм, нормыг хамгаалах талаар тус бүс нутгийн удирдагчид болон олон нийтээс тавьж буй шаардлагад өгч буй хариулт билээ.       

Юу нь дахин тэнцвэржүүлэлт мөн ба биш болох тухайд

 

Энэхүү нөхцөл байдалд АНУ-ын хүрэхээр эрмэлзэж буй ирээдүйн талаар Ерөнхийлөгч Обама тодорхой хэлж байгаа. 2011 онд Канберрад Австралийн парламент дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг уншаагүй хүн байвал уншихыг зөвлөе. Энэ үг бол тус бүс дэх АНУ-ын бодлогыг тодорхойлсон мэдэгдэл бөгөөд эрх чөлөөний уриа дуудлага болохын зэрэгцээ Ази, Номхон далайн бүсэд АНУ хэрхэн бүх хөзрөө тавьж байгаагийн жишээ юм.     

Канберрад Ерөнхийлөгчийн тайлбарласнаар, тус бүс нутагт АНУ-ын өргөн зорилт бол эдийн засгийн нээлттэй байдал, маргааныг энхийн замаар шийдвэрлэх, түгээмэл эрх, эрх чөлөөг хүндлэх явдалд суурилсан тогтвортой аюулгүй байдлын орчин, бүс нутгийн дэг журмыг хадгалахад оршино.  

Энэ зорилтдоо хүрэхийн тулд АНУ олон талт, олон хэмжээст стратеги хэрэгжүүлж байгаагийн дотор холбоотны харилцаагаа бэхжүүлэх, шинээр хүчирхэгжиж буй улсуудтай түншлэлээ гүнзгийрүүлж, Хятадтай тогтвортой, үр ашигтай, бүтээлч харилцааг хөгжүүлэн, бүсийн институцуудыг чадваржуулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих бүсийн эдийн засгийн архитектурыг бүтээн байгуулахад тусалж байна.  

Эдгээр нь АНУ-ын стратегийн тулгуур баганууд бөгөөд дахин тэнцвэржүүлэх гэдэг нь багана тус бүрийг бат бэх байлгахын төлөө цаг хугацаа, хүчин чармайлт, нөөц бололцоогоо зориулахыг хэлж байгаа юм. Харин дахин тэнцвэржүүлэх гэдэг нь дараах утга санааг агуулахгүй. Бусад аль ч бүс дэх чухал түншүүдтэйгээ хэлхээ холбоогоо сааруулна гэсэн үг биш. Энэ нь Хятадыг хянах, эсвэл Азид өөрийн дүрэм журмаа тогтооно гэсэн үг биш. Энэ нь зөвхөн манай цэргийн анги нэгтгэлүүд тэнд байх тухай асуудал биш. Энэ нь АНУ-ын хүч чадлыг бүрдүүлдэг бүхий л элементүүд буюу цэрэг, улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжил болон бидний үнэт зүйлсийг нэгтгэх гэсэн хүчин чармайлт юм. Хамгийн гол нь энэхүү дахин тэнцвэржүүлэлтийн асуудал Вашингтон дахь хамгийн үнэ цэнэтэй зүйл буюу Ерөнхийлөгчийн ажлын цагт тусгалаа олж байгаа юм. Жишээлбэл, Ерөнхийлөгч Обама жил бүр Зүүн Азийн төрийн тэргүүнүүдийн уулзалтанд оролцож, АНУ болон ASEAN-ы дээд хэмжээний уулзалтыг хийх зорилт тавьж байгаа, мөн тэрээр Зүүн өмнөд Азийн бараг бүх удирдагчтай тухайн бүс нутагт нь, эсвэл Вашингтонд хоёр талын уулзалтууд хийж, Хятадтай урьд өмнө байгаагүй хурдаар харилцаагаа урагшлуулж, түүний дотор Ху Жинтаотай 12 удаа нүүр тулсан уулзалт хийсэн зэрэг нь их зүйлийг хэлж байгаа юм.    

 

Манай стратегийн тулгуур багана бүрийг нэг нэгээр нь авч үзэж, 2013 онд бидэнд тулгарч буй хэд хэдэн сорилтын тухай ярья.  

Холбоотнууд

Юуны өмнө бид холбоотны харилцаагаа бэхжүүлсээр байх болно. Азид болж буй бүх өөрчлөлтийн тухайд олон зүйл төлөвшсөн байгаа. Энэ бүс дэх манай холбоотнууд манай стратегийн үндэс суурь болсон хэвээр байна. Манай холбоотны харилцаа урьд өмнөхөөсөө илүү бат бэх байна гэдгийг би баттай хэлж чадна.     

Японтой тогтоосон холбоотны харилцаа маань бүсийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн тулгын чулуу хэвээр байна. Яг хоёр жилийн өмнөх энэ өдөр буюу 3-р сарын 11-нд болсон цунами, Фукушимагийн цөмийн хямралын дараахь шиг АНУ-Японы найрамдалт харилцаа өмнө нь тийм илэрхий тод харагдаж байсан эсэхийг мэдэхгүй. Холбоотон, анд нөхрийн хувиар АНУ-ын төр засаг болон иргэд Японд гамшгийг гэтлэх, сэргээн босгоход нь тусламжийн гараа сунгахаар яарсан билээ.    

Энэхүү эв нэгдлийн утга учир нь Ерөнхийлөгч Обама хоёр дахь удаагаа сонгогдоод хамгийн түрүүнд хүлээн авч уулзсан гадаад улс орны удирдагчдын нэг нь Японы шинэ Ерөнхий сайд Шинзо Абэ байснаас илхэн харагдана. Тэд худалдаа, өргөжин тэлж буй аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон Япон дахь АНУ-ын хүчийг өөрчлөн шинэчлэх дараагийн алхмуудаа ярилцсан сайхан яриа хөөрөө өрнүүлсэн билээ. Цаашдаа Ерөнхийлөгчийн 2 дахь хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүсийн болон дэлхийн хэмжээний ямар ч сорилтод Японыг чухал үүрэг роль гүйцэтгэх ёстой гэж АНУ хардаг.    

БНСУ-тай АНУ дэлхийн хэмжээний холбоотон, худалдаа эдийн засгийн гүн гүнзгий түншлэлийн хамтын үзэл санааг бэхжүүлж ирлээ. Би Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пакийн тангараг өргөх ёслолд оролцоод Сөүлээс дөнгөж ирээд байна. Тэдний болон манай удирдагчдын нэн тэргүүний зорилтууд, төсөөллийн хувьд нийтлэг зүйл ямар их байгаа нь намайг гайхашруулж байв. БНСУ-ыг батлан хамгаалахад эргэлт буцалтгүй тууштай байна гэсэн Ерөнхийлөгч Обамагийн үгийг би Ерөнхийлөгч Пактай уулзахдаа дамжууллаа. Холбоотны харилцаагаа шинэчилж, бүс нутгийн болон дэлхий нийтийн өргөн хүрээтэй асуудлуудаар хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг бүрэн дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч Пак илэрхийлэв. Вашингтонд айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Обамагийн урилгыг Ерөнхийлөгч Пак хүлээн авсан бөгөөд 5-р сард түүнийг бид Цагаан Ордонд хүлээн авна гэж итгэж буйгаа өнөөдөр мэдэгдэж болохоор байна.       

Япон ба Өмнөд Солонгост АНУ-тай тогтоосон аюулгүй байдлын нягт хамтын ажиллагаандаа чанд тууштай ханддаг шинэ удирдагчдад бид найдвар тавьж байна. Энэ бол гэнэтийн зүйл биш, учир нь эдгээр улсын олон нийтийн 80 орчим хувь нь АНУ-тай холбоотон байхыг дэмждэг. Түүний зэрэгцээ цаашлах тусам ийм хөдөлгөөнтэй бүс нутагт аюулгүй байдлыг хадгална гэдэг Япон, Солонгос, АНУ-ын гурван талт зохицуулалтыг илүү их шаардана гэдэг нь тодорхой.        

Австралийн тухайд, Ерөнхийлөгчийн айлчлал болон АНУ-ын Тэнгисийн цэргийг ээлжээр байршуулах тухай Ерөнхий сайд Гиллардтай хамтарсан мэдэгдэл хийсний дараа бидний цэрэг армиуд улам ойр нягт болж байна. Ази, Номхон далайн бүсэд хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг урагшлуулах гэсэн бидний хүчин чармайлтад Ерөнхий сайд Гиллард маш сайн түнш байсаар ирсэн. АНУ терроризмтэй тэмцэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаварыг арилгах чиглэлээр Тайланд, Филиппинтэй урт хугацааны турш холбоотны харилцаагаа бэхжүүлсээр ирсэн. Филиппины Ерөнхийлөгч Акиногийн Вашингтонд хийсэн айлчлал, Ерөнхийлөгч Обама Тайландад айлчилж Ерөнхий сайд  Инглактай уулзсан нь бидний стратегийн өөр нэг чухал талыг буюу АНУ Ази, Номхон далайн бүс төдийгүй Зүүн өмнөд Азийн өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг хүлээн зөвшөөрч Азийн бүс дотор дахин тэнцвэржүүлэх бодлого баримталж буйг харуулж байна. Зүүн Азид, ялангуяа Зүүн өмнөд Азид АНУ жин бага дарж байсныг бид олж харсан бөгөөд үүнийгээ залруулж байгаа юм. Санхүүгийн энэхүү хүндрэлтэй цаг үед дахин тэнцвэржүүлэлт хийх нь хэр тогтвортой вэ гэдэг дээр зарим хүмүүс эргэлзэж буйг би мэднэ. Арван жил үргэлжилсэн дайны дараа АНУ-ын батлан хамгаалахын төсөв багасч байгаа нь зүй ёсны хэрэг. Гэхдээ алдаа гаргах ёсгүй. Бид Ази, Номхон далайн бүсэд аюулгүй байдлын оролцоогоо хадгална гэдгийг Ерөнхийлөгч Обама тодорхой хэлсэн.

 

Ялангуяа манай батлан хамгаалахын зардал ба хөтөлбөрүүд Солонгосын хойг дахь урт хугацааны байрлалаас эхлээд Номхон далайн баруун бүс дэх стратегийн байрлал хүртэлх бидний нэн тэргүүний зорилтуудыг дэмжсээр байх болно.

Энэ нь ирэх жилүүдэд манай цэргийн бүрэлдхүүний ихээхэн хэсэг нь Номхон далайн бүсэд байна гэсэн үг юм. 2020 он гэхэд манай тэнгисийн цэргийн 60 хувь нь Номхон далайн бүсэд байрлана. Агаарын хүчин маань ч бас ирэх 5 жилд Номхон далайн бүс рүү шилжилт хийнэ. Бид арми, тэнгисийн цэрэг хоёулангаас нь нэмж байрлуулна. Номхон далайн Командлалыг хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүд, түүний дотор шумбагч онгоц, F-22 болон F-35 зэрэг тав дахь үеийн сөнөөгч болон тагнуулын онгоцуудаар бэхжүүлэхээр Пентагон ажиллаж байна. Мөн тухайн бүс дэх манай холбоотнуудад нэн тэргүүнд аюул занал учруулж байгаа аюултай, тогтворгүй араншин харуулж буй Хойд Солонгосоос хамгаалахаар радар болон пуужингаас хамгаалах системүүдээ өргөжүүлэхэд дорвитой ахиц гаргахаар холбоотнуудтайгаа ажиллаж байна

Хойд Солонгос

Хойд Солонгосын талаар хэдэн үг хэлье.. 

Солонгосын хойг дээр энхтайван, тогтвортой байдлыг хадгалахын төлөө АНУ 60 жилийн турш тууштай байсаар ирлээ. Энэ нь Хойд Солонгосын түрэмгийллийг хазаарлан, холбоотнуудаа хамгаална гэсэн үг. Энэ нь бас Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулна гэсэн үг. АНУ Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Хойд Солонгос АНУ-ыг онилох цөмийн зэвсэгт пуужин хийх оролдлого хийгээд байхад бид зүгээр хараад суухгүй. Олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ зориудаар зөрчиж байгаа Хойд Солонгосын үйлдлийн үр дагавар ямар байхыг олон улсын хамтын нийгэмлэг тодорхой хэлж байгаа. Саяхан Хойд Солонгос өдөөн хатгасан цөмийн туршилт хийсний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл санал нэгтэйгээр шинэ хоригууд тавих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргалаа.  

Хойд Солонгосын талаар АНУ-ын баримтлах бодлого дараах 4 гол зарчимд суурилна. Үүнд:

Нэгдүгээрт, Япон, Өмнөд Солонгостой харилцаагаа улам нягтруулж, өргөжүүлэх. Хойд Солонгосын өдөөн хатгалгын өмнө манай 3 орон эв нэгдэлтэй байж, Ерөнхийлөгч Пак болон Ерөнхий сайд Абэ нар үүнийг дахин баталгаажуулсан нь асуудлаас зайлсхийх биш харин дипломат шийдлийг эрж олоход нэн чухал юм. Манай 3 орны төр засгийн хооронд байсан ямар нэг ан цавыг Хойд Солонгос ашигладаг тийм цаг үе нэгэнт өнгөрсөн.

Мөн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд АНУ Хятадын шинэ засгийн газартай нягт зохицуулалт хийхийг шаардана. Хөршүүддээ аюул занал учруулж байгаа Хойд Солонгостой ямар ч улс орон, түүний дотор Хятад “ердийн л байдгаараа” харилцах ёсгүй гэж бид бодож байна. Солонгосын хойг дээр тогтвортой байдлыг хадгалах гэсэн Хятадын сонирхол нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг төгсгөл болгох тодорхой арга замыг дэмжиж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээрх Хятадын дэмжлэг, мөн Хойд Солонгос үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөө бүрмөсөн, баталгаатай, эргэж буцалтгүйгээр орхих ёстой гэдгийг хэлсээр байгаа байр суурийг нь бид талархан хүлээж авч байна.  

Хоёрдугаарт, Хойд Солонгосын муу зан араншинг АНУ өөгшүүлэхээс татгалзана. Хоосон амлалтанд итгэж, заналхийлэлд бууж өгөх тийм тоглоомоор бид тоглохгүй. АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Боб Гэйтсийн хэлсэнчлэн, бид нэг морио 2 удаа худалдаж авахгүй. Бид Хойд Солонгостой жинхэнэ яриа хэлэлцээр хийхэд нээлттэй байгаагаа тодорхой хэлсэн. Гэвч хариуд нь зөвхөн өдөөн хатгалга, хэтэрхий гэмээр үг хэллэг л сонсож байна. Өөртөө нэн түрүүнд хэрэгцээтэй байгаа тусламж болон хүсээд байгаа хүндлэлээ олж авахын тулд Хойд Солонгос замаа өөрчлөх хэрэгтэй. Эс тэгвээс АНУ холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран Хойд Солонгосын цөмийн ба пуужингийн хөтөлбөрт саад учруулахын тулд дотоодын болон олон улсын хоригийг чангатгахаар үргэлжлүүлэн ажиллах болно. Валютын худалдаа хийдэг гол банк нь болох Хойд Солонгосын Гадаад худалдааны банк үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийг дэмжсээр байгаа тул түүний эсрэг АНУ хориг тавих тухай өнөөдөр Сангийн яам зарлаж байна. 

Хойд Солонгосын удирдагчдын өдөөн хатгалга, дэвэргэлт, буруу сонголтууд нь улс орныхоо аюулгүй байдлыг дордуулаад зогсохгүй ард түмнээ зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй Зүүн Азийн бусад ямар ч оронтой харьцуулахын аргагүй тийм ядуурлын түвшинд хүргэж байгаа нь одоо тодорхой болсон.

Гуравдугаарт, АНУ өөрийгөө болон холбоотнуудаа батлан хамгаалахад тууштай зогсоно гэдгээ бид тодорхой хэлдэг. Саяхан хойд Солонгосын удирдагчид маш их өдөөн хатгасан шинжтэй мэдэгдэл хийсэн. Тэдний хэлж буй зүйл нь хэт дэвэргэсэн шинжтэй байж болох ч АНУ-ын бодлогын тухайд бол бидэнд болон холбоотнуудад маань Хойд Солонгосын зүгээс учруулж байгаа аливаа аюул заналаас хамгаалах, түүнд хариу өгөхийн тулд бүх хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглана гэдэгт эргэлзэх зүйл байх ёсгүй. Үүнд зөвхөн Хойд Солонгос үйл олноор хөнөөх зэвсэг ашиглах тухай төдийгүй Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн цөмийн зэвсэн болон материалыг бусад улс, эсвэл улсын бус байгууллагуудад шилжүүлэх тухай асуудал багтана. Иймэрхүү үйлдлийг АНУ болон түүний холбоотнуудад учруулж буй ноцтой аюул гэж үзэн, гарах үр дагаварын хариуцлагыг Хойд Солонгост бүрэн хүлээлгэх болно.      

Эцэст нь, илүү сайн замыг сонгох тухайд АНУ Хойд Солонгосыг уриалсаар байх болно. Ерөнхийлөгч Обама албан үүргээ хүлээж аваад зангидсан нударгаа тэнийлгэхэд нь тэдэнд туслахад бэлэн байгаа тухайгаа олон удаа хэлж байсан. Эдийн засгаа хөгжүүлж, хүн амаа өлсгөлөнгөөс гаргахад нь АНУ Хойд Солонгост тусалж чадна, гэгцхүү тэд одоогийн замаа өөрчлөх ёстой.  АНУ Хойд Солонгостой хэлэлцээрийн ширээний ард сууж, тус тусын хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байна. Пхеньян хүлээсэн үүргээ биелүүлж, хэлсэн амандаа хүрч, олон улсын хуулийг хүндэтгэж байгаагаа харуулахын тулд утга учиртай алхмуудыг хийж, асуудалд нухацтай хандаж байгаагаа батлахыг л бид хүсч байгаа.

Ерөнхийлөгчийн амлалтанд эргэлзэж байгаа хэн боловч шинэ удирдлагууд нь шинэчлэлийн үйл явцыг эхлүүлсэн Бирмийг харах хэрэгтэй. Өмнө нь дайсагналаар тодорхойлогдож байсан харилцааг хамтын ажиллагаа болгон өөрчлөхөд бид бэлэн байгааг Ерөнхийлөгч Обамагийн Рангунд хийсэн түүхэн айлчлал харуулж байна. Бирмийн хэдэн арван тэрбум долларын өрийг цайруулж, томоохон хэмжээний хөгжлийн тусламж үзүүлж, шинэ хөрөнгө оруулалтыг оруулж эхлээд байна. Шинэчлэлийн ажил үргэлжилж байх хооронд Бирм тусгаарлагдсан байдлаасаа гарч, өөрийн хөршүүд болон АНУ-тай хамтран ард түмэндээ илүү сайн сайхан ирээдүйд хүрэх үүд хаалгыг нээж өгч байна. Бирмийн ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Обама хүний эрх, ардчилал, шинэчлэлийг дэмждэг хэн бүхэнтэй бид хамтдаа байх болно гэдгийг хэлсэн. Тийм болохоор Бирмийн туршлагаас суралцахыг Хойд Солонгосын удирдагчдад би уриалж байна.   

Шинээр хүчирхэгжиж буй улсууд

Хойд Солонгос шиг сорилтуудыг шийдвэрлэхийн тулд бид холбоотны харилцаагаа хүчтэй хэвээр байлгахын зэрэгцээ Ази, Номхон далайн бүс дэх манай стратегийн хоёрдахь тулгуур буюу шинээр хүчирхэгжиж буй улсуудтай илүү гүн гүнзгий түншлэл байгуулах бодлогоо үргэлжлүүлэн явуулна.    

Энэ утгаараа дэлхийн хамгийн том ардчилсан улс болох Энэтхэгтэй тогтоосон харилцаагаа “21-р зууныг тодорхойлох түншлэлийн нэг” байх болно гэж Ерөнхийлөгч үзэж байна. 2009 онд болсон Ерөнхий сайд Сингхийн айлчлалаас эхлэн 2010 онд Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн айлчлал хүртэл бүхий л тохиолдолд бид Энэтхэгийн өсөлтийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй түүнийг баяртайгаар дэмжинэ гэдгээ байнга илэрхийлсээр байгаа. 

Энэтхэгийн хувьд өгөх ч, авах ч юм ихтэй Ази, Номхон далайн бүсэд АНУ ба Энэтхэгийн ашиг сонирхол маш хүчтэй нийлж байна. Зүүн өмнөд Ази бол Зүүн хойд Энэтхэгээс эхэлдэг болохоор Бирмийн шинэчлэлийг дэмжихээс эхлээд далай тэнгисийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Японтой гурван талт хамтын ажиллагаа явуулах хүртэл “Дорно руу чиглэсэн” Энэтхэгийн хүчин чармайлтыг бид талархан хүлээж авч байна. Өнгөрсөн жилд л гэхэд Энэтхэг болон ASEAN-ы орнуудын худалдаа 37 хувиар өсч, 80 тэрбум ам.долларт хүрсэн байна.       

Дэлхийн хэмжээний түнш байх Индонезийн боломжийг ашиглахын төлөө АНУ шаргуу ажиллаж байна. Бид өргөн хүрээтэй Иж бүрэн түншлэлийг тогтоосон. APEC-ийн хурлыг зохион байгуулах, ASEAN-ы эв нэгдлийг хангах зэргээр бүс нутгийн олон талт чуулга уулзалтуудад Индонези идэвхтэй оролцохыг бид талархан дэмжиж байна. Ази, Номхон далайн бүсэд цэвэр, тогтвортой эрчим хүчийг авчрахад туслахаар нөөц бололцоог дайчлах нэгэн томоохон шинэ санаачлага дээр бид Индонези, Бруней 2-той хамтран ажиллаж байна. Мэдээж урьд өмнө нь АНУ-ын ямар ч ерөнхийлөгч Ази, Номхон далайн бүсийн аль нэг оронтой Ерөнхийлөгч Обамагийн Индонезитэй тогтоосон шиг тийм ойр дотно хэлхээ холбоотой байгаагүй юм. Энэ халуун дотно харилцаа 2010 оны 11-р сард Ерөнхийлөгчийг Жакартад айлчлах үеэр тод томруун харагдаж байлаа.   

Хятад

Манай стратегийн гуравдахь тулгуур багана бол Хятадтай бүтээлч харилцааг хөгжүүлэх явдал юм. Дэлхий дээр Хятадыг оролцуулахгүйгээр, манай хоёр улсын өргөн бөгөөд үр ашигтай, бүтээлч харилцаагүйгээр шийдвэрлэж болох дипломат, эдийн засгийн болон аюулгүй байдлын асуудал бараг байхгүй учраас Ерөнхийлөгч энэ харилцаанд асар их ач холбогдол өгч байгаа юм. Тийм харилцааг байгуулахын төлөө өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нилээд ахиц гаргалаа.  

Хятадад төрийн халаа шилжих үйл явц дуусч байгаа энэ үед Ши Жин Пин, Ли Кэ Цян болон Хятадын бусад дээд удирдагч нартай одоо байгаа харилцаагаа цаашид үргэлжлүүлэхэд манай засаг захиргаа бэлэн байна. Хятадын удирдлага солигдож, манай Ерөнхийлөгч дахин сонгогдсон нь хамтдаа АНУ-Хятадын харилцаанд шинэ боломжууд бүхий шинэ үеийг эхлүүлж байна.    

Мэдээж хэрэг АНУ-Хятадын харилцаанд хамтын ажиллагаа болон өрсөлдөөний элементүүд аль аль нь байсан, цаашид ч байх болно. Манай бодлого бол хамтын ажиллагааны чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрүүл өрсөлдөөнийг дэмжих, АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалж, түгээмэл эрх, үнэт зүйлсийг хүндэтгэхийн төлөө санал зөрөлдөөнтэй асуудлуудыг зохицуулахад чиглэгдсээр ирсэн. Ерөнхийлөгч Обамагийн тодорхой хэлсэнчлэн иргэдийнхээ эрхийг хамгаалдаг улс үндэстэн илүү амжилтай, хөгжин цэцэглэсэн, илүү тогтвортой байдгийг түүх харуулсан болохоор АНУ түгээмэл үнэт зүйлсийн төлөө дуугардаг юм. 

Намжмал тайван, хөгжин цэцэглэсэн Хятад Улс өсч өндийхийг АНУ талархан хүлээж авна гэдгийг Ерөнхийлөгч Обама олон удаа хэлж байсан. Бидний харилцаа сөргөлдөөн, зөрчлөөр тодорхойлогддог болохыг бид хүсэхгүй. Зарим түүхч, онолчдын гаргаж тавьдаг таамаглалаар өсөн өндийж, хүчирхэгжиж буй улс болон урдын хүчирхэг улс хоёр угаасаа зөрчилдөх заяатай гэж үздэгтэй би санал нийлэхгүй. Ийм байх ёстой гэж урдаас тогтсон зүйл огт байхгүй. Энэ бол физикийн хууль биш, харин удирдагчдын хийсэн сонголтууд эрх мэдлийн зөрчилдөөнд хүргэх нь бий. Зарим нь хяналт тогтоохыг уриалдаг. Бид тэрийг ч зөвшөөрдөггүй. Илүү сайн үр дүн гарах боломжтой. Гэхдээ одоо хүчирхэг байгаа болон шинээр хүчирхэгжиж буй хоёр улсын хооронд харилцааны шинэ загварыг бий болгох нь АНУ, Хятадын аль алиных нь үүрэг. Ши Жин Пин ба Ерөнхийлөгч Обама хоёул энэ зорилгыг дэмжиж байгаа.        

Энэ шинэ загварыг бий болгохын тулд бид харилцааны сувгуудаа сайжруулан, хоёр талд хамаатай асуудлуудаар практик хамтын ажиллагааг харуулах ёстой.

Энэ тал дээр АНУ-Хятадын цэрэг армийн хоорондох яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх нь бидний хоорондох тодорхойгүй олон асуудлууд болон боломжит өрсөлдөөнийг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй. Энэ нь бидний эрэлхийлж буй шинэ загварт зайлшгүй байх бүрэлдхүүн хэсэг бөгөөд одоогийн харилцаанд маань байгаа ноцтой дутагдал юм. Хятадын цэрэг арми хүчин чадавхиа шинэчилж, Ази дахь байр сууриа тэлсээр байгаа нь манай хүчнүүд илүү ойрхон байрлаж, санамсаргүй тохиолдол эсвэл буруу тооцоолол хийснээс болж өргөн хүрээний харилцааг тогтворгүй болгож болох эрсдлийг ихэсгэж байна. Аль аль талынхаа ойрын хугацааны үйл ажиллагаа болон Номхон далайн баруун хэсэг дэх урт хугацааны байрлал, байршлын талаарх ойлголт, хурцадмал байдлыг хөндөх нээлттэй бөгөөд найдвартай гарцууд бидэнд хэрэгтэй.

Бие биенээсээ улам бүр хамааралтай болж байгаа эдийн засгийн өргөн хүрээтэй харилцааны үндэс суурийг бэхжүүлэх нь нэн чухал юм. Олон улсын хурал чуулгануудад Хятадын оролцоо ихсэх тусам эдийн засгийн хүчин чадал, улсынхаа чадавхитай дүйцэхүйц үүрэг хариуцлагыг хүлээх хэрэгтэй гэдгийг бид Бээжинд тодорхой хэлж байгаа. АНУ Хятадын шинэ удирдлагатай харилцахдаа тэднийг улсынхаа 20 дугаар таван жилийн төлөвлөгөөнд тусгасан шинэчлэл, түүний дотор улсаа экпортын хамаарлаас холдуулж, илүү тэнцвэртэй бөгөөд тогтвортой, хэрэглэгчид чиглэсэн хөгжлийн загвар луу шилжүүлэх гэсэн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд уриалах болно. Зах зээлээ улам илүү нээлттэй болгож, тоглолтын дүрмээ тэнцвэртэй болгохыг АНУ Хятадад уриалах болно. Мөн Их 20-оор дамжуулан олон улсын санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг дэлхийн нийтийн сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө АНУ Хятадтай хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлэх болно.

Өөр нэг асуудал бол манай эдийн засгийн харилцааг улам бүр бэрхшээлтэй болгож буй кибер аюулгүй байдлын асуудал юм. АНУ ба Хятад шиг томоохон эдийн засагтай орнууд интернэтийг нээлттэй, харилцан ажиллах боломжтой, аюулгүй, найдвартай, тогтвортой байлгах талаар хамтдаа асар их үүрэг хүлээдэг. Хувийн мэдээлэл, харилцаа, санхүүгийн гүйлгээ, чухал дэд бүтэц, эсвэл инновац, эдийн засгийн өсөлтөнд асар чухал үүрэгтэй оюуны өмч, худалдааны нууцыг хамгаалах тухайд хоёр улс хоёулаа эрсдэлтэй тулгардаг.  

Манай мөрийн хөтөлбөрийн эхэнд тавигдсан, бидний санаа зовниж буй асуудлууд энэ сүүлчийн ангилалд байгаа юм. Би энгийн кибер хэрэг буюу хакердах тухай яриагүй. Энэ бол зөвхөн үндсэний аюулгүй байдлын асуудал, эсвэл АНУ-ын засгийн газрын асуудал биш. Хятадаас үүсэлтэй кибер довтолгоогоор бизнесийн нууц мэдээлэл, өмчлөх эрх бүхий технологийг маш нарийн зрхион байгуулалттай, зорилтот байдлаар урд өмнө байгаагүй хэмжээгээр хулгайлах болсонд санаа зовниж байгаагаа АНУ-ын бизнесийн байгууллагууд улам бүр ярих боллоо. Олон улсын хамтын нийгэмлэг иймэрхүү үйлдлийг ямар ч орон хийсэн тэвчиж чадахгүй. Ерөнхийлөгч улс орны байдлын талаар хийсэн илтгэлдээ хэлсэнчлэн бид эдийн засгаа кибер аюулаас хамгаалах арга хэмжээ авах болно.

Ерөнхийлөгчөөс эхлээд манай засгийн газрын бүх түвшинд энэ асуудал Хятадтай ярилцах ёстой, санаа зовоож буй гол асуудал болоод байгаа бөгөөд цаашид ч байх болно. АНУ үндэсний сүлжээнүүд, чухал дэд бүтэц, төрийн болоод хувийн хэвшлийн үнэ цэнэтэй өмчөө хамгаалахын тулд хийх ёстой бүх зүйлийг хийх болно. Нэн ялангуяа кибер хулгайн асуудлаар бид Хятадын талаас 3 зүйлийг хүсч байна. Нэгдүгээрт, энэ асуудлын хойшлуулшгүй байдал, хамрах хүрээ болон олон улсын худалдаа, Хятадын үйлдвэрлэлийн нэр хүнд, манай хоёр орны харилцаанд учруулах эрсдлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ үйл ажиллагааг шалгаж, таслан зогсоохын тулд Бээжин дорвитой арга хэмжээ авах ёстой. Эцэст нь, кибер орон зайд зохистой ажиллагааны норм хэмжээг тогтоохын тулд бид Хятадтай шууд бүтээлч яриа хэлэлцээг өрнүүлэх хэрэтэй байна. 

Нэн тэргүүнд тавигдах асуудлуудаа шууд нээлттэй ярилцаж болох хоёр талын бүтээлч харилцааг хөржүүлэхийн төлөө бид шаргуу ажилласаар ирсэн. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон болох АНУ, Хятад хоёулаа интернэтээс хамааралтай учраас энэ асуудлыг шийдвэрлэх ажлыг манлайлах ёстой.     

Бүс нутгийн архитектур

Манай стратегийн дөрөвдэх тулгуур багана бол бүс нутгийн институцуудыг бэхжүүлэх асуудал бөгөөд энэ нь Азид нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа эдийн засаг, дипломат, аюулгүй байдалтай холбоотой дүрэм журам, ойлголтуудыг тусгаж байгаа юм.  

Обамагийн засаг захиргаа эхнээсээ л бүс нутгийн институцуудыг хөгжүүлэх, бэхжүүлэх, өөрөөр хэлбэл Азийн архитектурыг бүтээх хамтын хүчин чармайлтыг эхлүүлсэн юм. Учир шалтгаан нь тодорхой. Бүс нутгийн үр ашигтай архитектур нь нийтлэг сорилтуудыг хамтран шийдвэрлэхэд тулгарч болох саад бэрхшээлийг багасгадаг. Энэ нь хамтын ажиллагааг дэмжих, тогтвортой байдлыг хадгалах, маргааныг дипломат арга замаар шийдвэрлэх, улс орнууд энхийн замаар өсч хөгжих боломжтойг  батлан харуулах яриа хэлэлцээр, бүтцүүдийг бий болгодог.    

Энэ бүс нутгийн стратегийн ач холбогдлыг дутуу үнэлэх аргагүй. Энэтхэгийн болон Номхон далайн эрэг дагуу орших  ASEAN-ы 10 орон 600 сая хол давсан хүн амтай. Тайланд зэрэг зарим орнуудын гайхалтай өсөлт, 2011 онд олон улсын хөрөнгө оруулалт 25 хувиар нэмэгдсэн зэрэг нь ASEAN-ы орнууд улс төр, эдийн засгийн хувьд улам илүү ач холбогдолтой болж буйг харуулна.    

Ажлаа авснаасаа хойш Обамагийн засаг захиргаа ASEAN-тай Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, анх удаа АНУ-аас  ASEAN-д суух элчин сайдыг томилсон. Ерөнхийлөгч жил бүр ASEAN-ы удирдлагуудтай уулзахаар явж байгаа, цаашид ч тэгэх болно. Мөн Зүүн Азийн төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтанд жил бүр оролцох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасан бөгөөд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг Азийн улс төр, аюулгүй байдлын асуудлуудыг ярилцах гол талбар болгох нь АНУ-ын зорилго юм. 

Ашигт малтмалаар баялаг Өмнөд ба Зүүн Хятадын тэнгис дэх газрын маргаан тус бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын архитектурт нилээд сорилт учруулах нь тодорхой. Иймэрхүү хурцадмал байдал Азийн хөгжил цэцэглэлтийн суурийг ганхуулаад зогсохгүй дэлхийн эдийн засагт аль хэдийн хохирол учруулсан билээ. АНУ энэ бүсэд ямар нэгэн газрын маргаангүй бөгөөд бусдын маргаанд аль нэг талыг баримтлахгүй ч газрын маргааныг шийдвэрлэхэд хүч хэрэглэхийг хатуу эсэргүүцнэ. Зөвхөн олон улсын хууль тогтоомжид нийцсэн намжмал, хамтын, дипломат хүчин чармайлт л энэхүү нэн чухал бүс нутгийн бүх улс орнууд, бүх маргагч талуудын эрх ашгийг хангахуйц урт хугацааны шийдлийг авчирч чадна. Дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь нь далай тэнгисийн аюулгүй байдал болон саад тотгоргүй хууль ёсны худалдаа зэрэг дундын нөхцлөөс улам бүр хамаарч буй Хятад ч энд багтана. Яг л бизнес эрхлэгчид нь нээлттэй, аюулгүй интернэт мэт дундын нөхцлөөс хамаардаг шиг.           

Эдийн засгийн архитектур

Эцэст нь, АНУ стратегийнхаа тав дах бүрэлдхүүн хэсэг буюу Ази, Номхон далайн ард түмнүүд, түүний дотор Америкийн ард түмэнд худалдаа, өсөлт хөгжлийнхөө үр шимийг хүртэх боломж олгохуйц эдийн засгийн архитектурыг бүтээн байгуулах бодлогыг баримтална. Бидний харж буйгаар, мөн түүхээс харахад, тус бүсэд хэрэгтэй байгаа өргөн хүрээтэй өсөлтийн дараагийн үе шатыг авчрах эдийн засгийн зохион байгуулалт бол нээлттэй ил тод эдийн засаг, чөлөөт, шударга бөгөөд байгал орчны хувьд тогтвортой худалдаа, хөрөнгө оруулалтанд тулгуурласан байх явдал юм. АНУ-ын эдийн засгийн эрч хүч манай хил хязгаараас гадагшаа, ялангуяа хамгийн их өсөлттэй байгаа бүсүүдэд шинэ зах зээл, шинэ хэрэглэгчдэд хүрэхээс мөн шалтгаална.    

Тийм ч учраас Ерөнхийлөгч Обама өсөлтөд чиглэсэн, ажлын байр бий болгох бодлогуудыг дэмжихээр АНУ-Солонгосын Чөлөөт худалдааны гэрээ байгуулах зэргээр бүс нутгийн шинэ удирдагчидтай хамтран ажиллаж байна. Түүний засаг захиргаа мөн APEC-аар дамжуулан улс орнуудтай хил дээрх болон хилийн доторх эдийн засгийн саад тотгорыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамгаалах, гол салбаруудаар худалдааг өргөжүүлэн, оюуны өмчийг хамгаалахын төлөө хамтран ажиллаж байна.    

Манай эдийн засгийн дахин тэнцвэржүүлэлтийн бодлогын амин сүнс нь Транс-Пасификийн Түншлэл (TПТ) буюу Чили, Перугаас эхлээд Шинэ Зеланд, Сингапур хүртэлх Ази, Номхон далайн орнуудтай АНУ-ын хийж буй өндөр стандартын гэрээ юм. ТПТ нь өндөр стандартыг мөрдөх, бүтээгдхүүн, үйлчилгээний зах зээл дэх хүртээмжийг саад тотгоргүй болгох, шинэ 21-р зууны худалдааны асуудлуудыг шийдэх, хууль журамд суурилсан эдийн засгийн бүтцийг хүндэтгэх талаар гишүүн орнуудынхаа хүлээх хамтын үүрэг дээр тулгуурладаг. ТПТ-ийг бид бүсийн эдийн засгийн интеграцийн өсөн нэмэгдэж буй талбар гэж харсаар ирсэн. Одоо бид түүнийг бодитоор хэрэгжүүлж, Ерөнхийлөгч Обамаг ажлаа авахад ТПТ-д 7 орон байсныг 4-өөр нэмэгдүүлж, Вьетнам, Малайз, Канад, Мексикийг оруулаад байна. Энэ 11 улс нийлээд жилдээ 1.4 триллион ам.долларын худалдаа хийж байна. Өсөн нэмэгдэж буй ТПТ нь Ази, Номхон далайн бүсийг бүхэлд нь Чөлөөт худалдааны бүс болгох гэсэн APEC-ийн төсөөллийг хэрэгжүүлэхээр хийсэн томоохон алхам болсон юм.  

 

ТПТ нь томоохон хэдий ч хэрэгжих боломжтой зорилтууд тавьдаг болохоор их таатай нөхцөлтэй. Бид үүнийг хийж чадна. АНУ 2013 оны эцэс гэхэд хэлэлцээрийг хийж дуусгахаар бусад талуудтай шаргуу ажиллаж байна. ТПТ-ийн өндөр стандартыг хангах эрмэлзэлтэй бөгөөд чадвартай бусад орнууд ч түүнд нэгдэж болохуйц нээлттэй талбар байна гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. 

ТПТ нь дэлхийн эдийн засгийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд үүнд Европтой бидний хэрэгжүүлж буй шинэ гэрээ буюу Трансатлантын Худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл мөн багтдаг. Атлантын далай дамнасан худалдаа жилд бараг нэг триллион ам.долларт хүрч байгаа бөгөөд хөрөнгө оруулалт 3.7 триллион болжээ. Бага зэргийн дэвшил ч манай ард иргэдэд томоохон үр шимийг авчрах нь бий. Атлантын далайгаас Номхон далай хүртэлх энэхүү хоёр түншлэл нь өмнө байсан Чөлөөт худалдааны гэрээнүүдтэй нийлээд дэлхийн худалдааны 60 гаруй хувийг бүрдүүлж болохоор байна. Гэхдээ бидний зорилго бол стратегийнх төдийгүй эдийн засгийнх. Эдийн засгийн хүч чадал бол 21-р зуунд эрх мэдлийн мөнгөн тэмдэгт гэж олон хүн хэлдэг. Атлантын ба Номхон далайг дамнуулан АНУ олон талт худалдааны системийг бэхжүүлэхийн зэрэгцээ дипломат болон аюулгүй байдлын харилцаа  шигээ бат бэх эдийн засгийн түншлэлийн сүлжээг бий болгохыг зорино. ТПТ бол Ази, Номхон далайн бүсэд урт хугацаагаар байх АНУ-ын стратегийн тууштай бодлогын бодит илэрхийлэл юм. Мөн АНУ-Европын түншлэлээс үүдсэн өсөлт түүхэн дэх хамгийн хүчирхэг холбоо болох НATO-д дэмжлэг болно.      

Дүгнэлт

Дүгнэж хэлэхэд, Ази, Номхон далайн бүсэд чиглэсэн Ерөнхийлөгч Обамагийн стратеги бол аль хэдийн томоохон амжилт гэж би бодож байна. Гэхдээ үүний үр нөлөөг бүрэн дүүрэн болгохын тулд ирэх жилүүдэд тогтвортой бөгөөд тууштай байдлыг шаардана.     

Урагшлах замыг засахад АНУ-ын гүйцэтгэж буй үүргийг тод томруунаар илэрхийлэх нэгэн зүйлийг бодож үзээрэй гэж би та бүхэнд үлдээе. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд АНУ байдлыг тогтворжуулан Ази, Номхон далайн бүс нутагт байгаагүй бол өнөөдөр энэ бүс ямар байх байсан болоо? гэж асуух нь шударга зүйл гэж би бодож байна.  

АНУ аюулгүй ба тогтвортой байдлыг баталгаатай болгоогүй байсан бол милитаризм Зүүн хойд Азид энхтайвныг тогтоох байсан уу? Далайн зам аюулгүй болж, Номхон далайн худалдааг хөгжүүлэх боломжтой байх байсан уу? Тусламж авдаг байсан Өмнөд Солонгос худалдааны хүчирхэг түнш болтлоо өсөх байсан уу? Жижиг улс үндэстнүүд том хөршүүдийнхээ ноёрхлоос хамгаалагдаж чадах байсан уу? Хариулт нь тодорхой байх гэж би бодож байна.   

Сүүлийн хэдэн арван жилд Ази, Номхон далайн бүсэд гарсан асар их хөгжил дэвшил нь яах аргагүй энэ бүс нутгийн ажилсаг, авьяаслаг хүмүүсийн гавьяа мөн. Түүний зэрэгцээ Азийг сэргэн босч ирэхэд АНУ нэн чухал суурийг нь тавьж өгсөн гэдгийг хэлэх нь шударга бөгөөд тус бүсийн олон удирдагчид болоод иргэд үүнтэй санал нийлэх байх. 

Тийм учраас Ази, Номхон далайн бүс нутгийг улс орнууд нь энхийн замаар хүчирхэгжин мандсан, далай, агаар, сансар огторгуй болон кибер орон зайг ашиглах эрх чөлөө нь эрчимтэй худалдааг дэмждэг, олон талт чуулга уулзалтууд нь хамтын ашиг сонирхлыг дэмжихэд тусалдаг, хаана амьдрарч байгаагаас үл шалтгаалан иргэдийн түгээмэл эрх хангагдсан тийм бүс болгон хөгжүүлэхийн төлөө АНУ цаашид үргэлжлүүлэн ажиллах болно.     

Ази, Номхон далайн бүсийн ололт амжилт болон АНУ-ын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт 21-р зуунд Ази дахь АНУ-ын оролцооноос хамаарсан хэвээр байх учир Обамагийн засаг захиргаа энэ бүс рүү хандсан бодлогоо дахин тэнцвэржүүлэх асуудлыг бодит зүйл болгохоор ажиллаж байгаа юм. Бид Номхон далайн байнгын оршин суугч, уян хатан бөгөөд нэн шаардлагатай хүч юм. Ерөнхийлөгч Обамагийн ажиллах хугацаанд энэхүү амьдлаг, эрч хүчтэй бүс манай стратегийн нэн тэргүүний зорилт байсаар байх болно. Баярлалаа.