Skip Navigation
Skip Left Section Navigation

МОНГОЛЫН ТУХАЙ ИЛТГЭЛҮҮД

2009 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан

Монгол Улс (2-р шатлал)

Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийг бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр хийлгэх зорилгоор наймаалах эх сурвалж газар болж байна. Монгол эмэгтэйчүүд, охидыг Хятад, Макао, Хонгконг, Малайз, Өмнөд Солонгос руу бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр хийлгэхээр худалддаг байна. Монгол эрчүүд, эмэгтэйчүүдийг Казахстан, Турк руу хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор гаргаж байна.  Монголын барилга, уул уурхай болон үйлдвэрлэлийн салбарт насанд хүрээгүй хүүхдүүд сайн дурын бус хөдөлмөр эрхэлж, гэмтэл бэртэлд өртөх төдийгүй мөнгөн усанд хордох зэргээр эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч байгаа асуудал санаа зовоохуйц байна. Сүүлийн жилд хүний наймааны хохирогч болсон Монгол иргэд Герман, Швейцар, Арабын Нэгдсэн Эмират, Израйл болон Ойрхи Дорнодын бусад орнуудад бүртгэгдсэн байна. Гадаадын (голчлон Өмнөд Солонгосын) иргэдтэй гэр бүл болсон Монгол эмэгтэйчүүд нөхрийнхөө гэрт очсоны дараа хүсээгүй боолчлолд өртөж байна. Бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор гэмт хэргийн сүлжээнүүд  зохион байгуулж, дотооддоо хүүхдийг наймаалах асуудал гарсаар байна. Эмэгтэйчүүд, охидыг хулгайлж, дотооддоо биеийг нь үнэлүүлэхээр албадсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн байна. ТББ-уудын мэдээллээр насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох сонирхолтой Өмнөд Солонгос, Японы жуулчид Монголд ирэх нь нэмэгдсэн байна. Хохирогчдыг элсүүлэх хүн наймаалагчдын арга улам нарийсч, зохион байгуулалттай болж байна. Жишээ нь, шөнө оройн цагаар үзэгчид гар утаснаасаа мессеж илгээж, тэр нь дэлгэцээр гардаг телевизийн чаатыг ашиглан, орлого сайтай ажил амлах замаар хохирогчдыг урхидах арга хэрэгсэл болгодог байна. 150 орчим Хойд Солонгосчууд гэрээт ажилчнаар Монголд ажиллаж байна. 2008 онд Монгол Улсын Засгийн газар БНАСАУ-аас 5300 ажилчин нэмж авах гэрээнд Хойд Солонгостой гарын үсэг зуржээ. Гадаадад ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчид ажлаа өөрийн дураар орхих эрхгүй бөгөөд чөлөөтэй зорчих, харилцах асуудал хориотой, ажиллаад олсон мөнгийг нь Засгийн газар нь аваад, түүний багахан хувийг өөрсдөд нь өгдөг.     

Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа хэдий ч энэ талаар нилээд их чармайлт тавьж байна. Хүн наймаалагчдад ял шийтгэл оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэргийг зохицуулах зориулалтгүй хууль тогтоомжийг хэрэглэх нь гэмт хэрэгтнүүдэд хөнгөн ял шийтгэл оногдуулахад хүргэдэг. Хүний наймаатай тэмцэх талаар засгийн газар нь ТББ-уудтай хамтран ажилласан хэдий ч хохирогчдод хангалттай тусламж үзүүлж чадаагүй байна. Хүний наймааны хүнд хэлбэрийн хэргүүдэд төрийн албан хаагчид хамссан тухай мэдээлэл байсаар байсан ч ийм тохиолдлыг шалгаж, ял шийтгэл оногдуулсан зүйл байгаагүй.

Монгол Улсад өгөх зөвлөмж: Хүний наймаатай тэмцэх хууль болох Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113-р зүйлийг хүн наймаалах хэрэг үйлдсэн гэмтнүүдийг шийтгэхдээ илүү үр дүнтэй хэрэглэх; хүний наймааны хэрэгт хамссан төрийн албан хаагчдыг шалгаж, шийтгэл оногдуулах; хүний наймааны хэрэг дээр ажиллах цагдаагийн мөрдөн байцаагч болон поркуроруудын тоог нэмэгдүүлэх; улс орон даяар хууль хэрэгжүүлэх ажилтнууд, прокуроруудын дунд хүн наймаалах гэмт хэргийн тухай ойлголтыг сайжруулах; хүн амын эрсдэлтэй бүлгийн дотроос хохирогчдыг илрүүлж, тэднийг үйлчилгээнд хамруулах албан ёсны журмыг боловсруулж, хэрэгжүүлэх; хүний наймааны хэргийг мөрдөх үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, гэрчилсэн хохирогчийг хамгаалах арга хэмжээ авах; хохирогчдод зориулсан хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулах.  

Ял шийтгэл оногдуулах талаар

Өнгөрсөн жилийн хугацаанд хүний наймаатай тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар зарим ахиц гаргасан. 2007 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 113-р зүйлийн дагуу хүн наймаалах бүх төрлийн хэргийг эрүүгийн хэрэг гэж үзэн нилээд хүнд шийтгэл болох 15 хүртэлх жилээр хорих ял буюу бусад хүнд гэмт хэрэгт оногдуулдаг шийтгэлтэй дүйхүйц ялыг оногдуулдаг. Өмнөх тайлангийн хугацаанд 7 хүнийг яллаж байсантай харьцуулахад хүний наймааны 10 хэрэгтэнд 113-р зүйлээр ял оногдуулжээ. 5 залуу эмэгтэйг Макаод аваачиж худалдсан эмэгтэйг оролцуулаад шийтгэл хүлээсэн бүх хүмүүс 10 – 15 жил хорих ял авсан байна. Үүнээс гадна 33 хүн 124-р зүйлээр буюу биеэ үнэлэхэд бусдыг татан оруулсан гэсэн арай хөнгөн заалтаар 1-3 жилийн хорих ял авчээ. 124-р зүйлээр шийтгүүлсэн хүний наймааны хэд хэдэн хэрэгтэнд хорих ял бус торгууль оногдуулжээ. 2008 онд 124-р зүйлээр шийтгэл оногдуулсан 2 хэрэгт насанд хүрээгүй 5 хүүхэд хохирогч болсон байв. Нэмэлт өөрчлөлт оруулсан 113-р зүйл дээр тухайн онд Дээд шүүхээс тайлбар гаргасан нь уг зүйлийг ямар тохиолдолд хэрэглэх талаар прокурор, шүүгчдийн дунд тодорхойгүй байдал бий болгожээ. Цагдаа, шүүх, прокурорын ажилтнууд хүний наймааны талаар мэдлэг хомс хэвээр байв. Хууль хэрэгжүүлэх ажилтнууд хүний наймааны хохирогч байх боломжтой хүнийг олоход нь туслах зэргээр хүн наймаалах гэмт хэрэгт шууд оролцох, эсвэл тус дэм болох тохиолдлууд гарсан тухай мэдээлэл байсаар байв. Зарим өндөр албан тушаалтан болон цагдаагийн ажилтнууд насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгч болсон тухай ам дамжсан яриа байсан боловч засгийн газраас ийм хэрэгт холбогдуулан хууль хэрэгжүүлэх ажилтнуудыг шалгасан, сахилгын арга хэмжээ авсан тохиолдол гараагүй.

Хамгаалалт үзүүлэх талаар

Хүний наймааны хохирогчдыг хамгаалах талаар Монголын Засгийн газраас тавьсан хүчин чармайлт хангалтгүй байсан бөгөөд хохирогчдод үзүүлэх үйлчилгээний дийлэнх хэсгийг ТББ-ууд болон олон улсын байгууллагуудад даатгасан хэвээр байв. Тайлант хугацаанд хүний наймааны 61 хохирогчийг илрүүлсэн байна. Түүний өмнөх жилд 115 хохирогчийг илрүүлж байжээ. Хохирогчдын ихэнхийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор Хятад руу худалдсан байна. Хохирогчдын хэдийг нь төр засгийн байгууллагууд, хэдийг нь ТББ-ууд илрүүлсэн гэдэг нь тодорхойгүй. Төр засгийн байгууллагын ажилтнууд хүний наймааны хохирогчдыг илрүүлэх талаар идэвхтэй арга хэмжээ аваагүй бөгөөд хохирогчдыг зохих төрийн болон төрийн бус байгууллагын үйлчилгээнд хамруулаагүй байна. Хүн наймаалах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шалгах, ял шийтгэл оногдуулах үйл явцад хохирогчдыг оролцуулах асуудлыг засгийн газраас дэмжиж байсан боловч Монголын хууль тогтоомжид хүний наймаа төдийгүй ер нь аливаа гэмт хэргийн хохирогчийг хамгаалсан заалт дутагдсан хэвээр байна. Биеэ үнэлсэн гэсэн шалтгаанаар ял сонсох эрсдэлтэй тулгарахдаа хүний наймааны шууд үр дагавар болж хийгдсэн хууль бус үйлдлийнхээ төлөө хохирогчид шийтгэл хүлээсэн байдаг. 2009 оны 2-р сард хүний наймааны 2 хохирогч цагдаагийн хэсэг дээр очиж, тэднийг наймаалсан этгээдийн эсрэг хэрэг үүсгэжээ. Тэднийг цагдаагийн газраас гарч явахад наймаалсан этгээд нь айлган сүрдүүлж, тэднийг гомдлоо татаж авахыг шаардсан байна. Үүний дараа уг этгээд хүн гүтгэсэн, цагдаад худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр хохирогчдод эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хоёр охиныг баривчилж, 2009 оны 2-р сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс 2 жил хорих ял оногдуулсан байна. Хорих ялыг нь 1 жилийн тэнсэн харгалзах ялаар сольж, цагдаагийн хяналтанд байлган, ТББ-аас томилогдсон өмгөөлөгчийн тусламжтайгаар заалдах шатны шүүх хуралд бэлтгүүлэх болжээ. Засгийн газрын эх үүсвэр хязгаарлагдмал учраас хүний наймааны хохирогчдод зориулсан хоргодох байр ажиллуулах буюу санхүүжүүлээгүй. Мөн бусад орнуудаас буцаж ирж байгаа хүний наймааны хохирогч Монгол иргэдэд шууд тусламж үзүүлээгүй. 

Урьдчилан сэргийлэх талаар

Тайлант хугацаанд Монгол Улсын Засгийн газар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх талаар ямар нэгэн шинэ, дорвитой ажил хийгээгүй байна. Төр засгийн байгууллагууд ТББ-уудын санхүүжилтээр хийгдсэн паспорт, галт тэрэгний билетэнд хавчуулж олгох сануулгыг тараах ажлыг үргэлжлүүлэн хийсэн бөгөөд үүний үр дүнд хүний наймааны хэд хэдэн хохирогчдыг эх оронд нь буцаах боломж бүрдсэн байна. Хүний наймаатай тэмцэх талаар цагдаагийн ажилтнууд, цагаачлалын алба, Хилийн цэрэг, төрийн албан хаагчдад зориулан сургалт явуулсан ТББ-уудтай засгийн газар хамтран ажилласан байна. Гэхдээ хамтын ажиллагааны тухайд яам, агентлаг тус бүр нилээд өөр өөр хандсан гэж ТББ-ууд мэдээлжээ. Тайлант хугацаанд биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах талаар засгийн газраас ямар нэг арга хэмжээ аваагүй. Олон  улсын энхийг сахиулах ажиллагаанд  оролцохоор явж байгаа Монгол цэргүүдэд гадаадад алба хаах хугацаандаа биеэ үнэлэхэд бусдыг уруу татах нь Монгол Улсын хуулиар бол эрүүгийн хэрэгт тооцогддог тухай яриа таниулга хийсэн байна.